Оточ Манрамба Их сургууль шиг сургалтын бааз эмнэлэг, эмийн үйлдвэртэй сургууль Монголд ховор

27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Оточ Манрамба Их сургуулийн түүх, амжилт бүтээл, тэдний төгсөгчид уламжлалт анагаах ухааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс ч тус сургууль жил ирэх тусам сургалтын чанар, оюутнуудын сурч боловсрох орчинг сайжруулах тал дээр ахиц дэвшил гаргасаар байна. Анх Оточ Манрамба Их сургууль Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг гэж нэрлэгддэг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн гуравдугаар давхарын нэг жигүүрт хичээллэн, оюутнууд нь бусдад саад болохгүй гэсэндээ энд тэнд буланд очиж номоо уншин хичээлээ давтдаг байсан тухай анхны төгсөгчид нь дурсан ярьдаг. Үүний дараагаар өөрсдийн гэсэн хичээлийн байртай, олон зуун оюутнуудтай болсон Оточ Манрамбынхан өдгөө найман давхар сургуулийн шинэ байрандаа хичээллэж буй. Ер нь тус сургууль оюутнуудынхаа сурах орчин, материаллаг баазыг маш сайн хангаж өгсөн байдаг. Саруул уужим хичээлийн анги танхим, компьютерийн болон сургалт, эрдэм судлал, оношилгооны лаборатори, анотоми, эмийн түүхий эдийн музей, эмийн ургамал судлах хөдөөгийн бааз, оюутны цайны газар, дотуур байр зэргийг жил бүр сайжруулсаар ирсэн бөгөөд ховор болон мэргэжлийн 20,000 гаруй сурах бичиг, судар бүхий арвин баялаг номын фондтой, олон зуун хүн сууж үйлчлүүлэх боломжтой номын сантай нь Оточ Манрамба Их сургуулийн бас нэгэн давуу тал. Уламжлалт анагаах ухааны ховор сурах бичиг, ном судар Оточ Манрамбын номын сангаас л олдоно. Сургуулийн эрдэмтэн багш нар ч олон ном, сурах бичиг, гарын авлага гаргасныг номын сангаас харж болно.

Монголын уламжлалт анагаах ухааны анхны мэргэжлийн эмзүйчдийг “Оточ Манрамба”-ынхан бэлдэж байна

Оточ Манрамба Их сургууль нь Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагч, Эмзүйч, Буддын гүн ухаан судлаач гэсэн үндсэн дөрвөн мэргэжлээр бакалаврын зэрэг олгохоос гадна магистрын, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг. Тус сургууль энэ жил Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн ангийн 16 дахь төгсөлт, Сувилахуйн 5 дахь, Буддын гүн ухаан судлалын анхны төгсөлтөө хийж байгаагаараа онцлог. Дараа жил эмзүйн анги анхны төгсөлтөө хийх бөгөөд энэ бол Монголын уламжлалт анагаах ухааны салбарын хөгжилд ахиц дэвшил үзүүлэх томоохон үйл явдал юм. Учир нь Оточ Манрамба Их сургуулийн Эмзүйн ангийн төгсөгчид Монголын уламжлалт анагаах ухааны анхны мэргэжлийн эмзүйчээр төгсч байгаа хүмүүс юм.

Тэд зөвхөн европ эмийн эмзүйчээр төгсөх бус уламжлалт анагаах ухааны эмийг онол, аргазүй, технологийнх нь хувьд бүрэн гүйцэд судалж, эзэмшдэг. Өрнө дорнын анагаах ухааны эмзүйн онол аргазүйг бас л хамтад нь судалж байгаа учраас аль аль талдаа хөрвөх чадвартай эмзүйч бэлтгэж байна гэсэн үг. Эмзүйн ангийн оюутнууд түвд хэлтэй төгсөх бөгөөд энэ нь тэдэнд ус агаар шиг хэрэгтэй. Учир нь эмзүйчээр сурч буй оюутнууд Монгол оточ, маарамбуудын хэдэн зууны турш хэрэглэж, үр дүнг нь баталгаажуулсан жоруудыг эртний судар бичгүүдээс авч, эм найруулдаг. Тэд зөвхөн уламжлалт эмийн жорыг орчуулаад, онолын хувьд судлаад зогсохгүй хээрийн дадлагад гарч түүхий эдтэй танилцан, өөрсдөө түүж, дараагаар нь Манба Дацан эмийн үйлдвэртээ /Оточ Манрамба Их сургуулийн бааз эмийн үйлдвэр/ дадлага хийн, өөрсдөө эм барьдаг учраас төгсөөд хаана ч очсон чамлагдахааргүй мэдлэг чадвартай сайн боловсон хүчин болдог юм. Эмзүйн ангийн төгсөгчид 160 гаруй эм үйлдвэрлэдэг өөрийн бааз Манба Дацан эмийн үйлдвэртээ ажиллах боломжтой. Тиймээс сайн сурахаас өөр санаа зовинох зүйл оюутнуудад байхгүй гэж хэлж болно. Энэ бол тус сургуулийн хамгийн том давуу тал.

Оточ Манрамба Их сургуулийн бааз Манба Дацан эмийн үйлдвэрийн лаборатори

Манба Дацан эмнэлгийн эмч нарын 90 гаруй хувь нь Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид байдаг

Монголын уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй, өөрийн гэсэн онолтой, төгс төгөлдөр мэдлэгийн сан гэдгийг салбарын эрдэмтэн мэргэд, эмч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас уламжлалт анагаах ухааныг маш зөв дэг, системтэйгээр суддлахгүй бол сайн мэргэжилтэн бэлтгэж чадахгүй гэдэг. Энэ утгаараа Оточ Манрамба Их сургууль сургалтын үндсэн зарчимдаа Монголын уламжлалт анагаахын эмчийг эртнээс нааш бэлдэж ирсэн дэг жаягийг анхааран тусгаж, оюутнууддаа хайрлаж, энэрэх нигүүлсэнгүй сэтгэлийг зааж сургадаг. Энэ нь тэднийг хүн чанартай хүн, ёс зүйтэй эмч болгон төлөвшүүлдэг. Тиймээс ч тус сургуулийг төгссөн эмч нарын талаар хүмүүс ам сайтай байдаг. Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчдийн талаар “Манба Дацан эмнэлгийн эмч нар бүгд Оточ Манрамба Их сургуулийг төгссөн мундаг эмч нар байдаг юм. Зан ааш сайхантай, өвчтөнтэйгээ их зөв боловсон харьдаг нь өвчтөнүүдийн сэтгэл санаанд сайнаар нөлөөлж, эдгэрэлтийг түргэсгэдэг юм билээ. Эмчилгээ үйлчилгээгээ сэтгэлээсээ хийдэг, энэ хүний өвчнийг эдгээе гэсэн чин сэтгэлтэйгээс гадна маш чадварлаг эмч нарыг төрүүлж байгаад талархдаг” гэж байв. Тус сургуулиас төрсөн эрдэм чадалтай олон эмч нар гадаад дотоодод сургуулийнхаа нэрийг дуурсгаж, төрийн бодлогыг атгалцаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүлээд улс, дүүргийн томоохон эмнэлгүүдэд ажиллаж байна.
Оточ Манрамба Их сургуулийн сургалтын бааз эмнэлэг “Манба Дацан” эмнэлгийн эмч нарын 90 гаруй хувь нь Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид байдаг. Тус сургуулийн бааз Манба Дацан эмнэлэг нь 2015 оноос орчин үеийн стандарт шаардлагыг хангасан нэгдсэн эмнэлэг болж өргөжсөн нь оюутнуудад томоохон боломжийг нээж байгаа юм.

Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд Манба Дацан эмнэлэгт дадлага хийж буй нь

“Түвд хэлгүйгээр уламжлалтын сайн эмч болох боломжгүй”

Оточ Манрамба Их сургууль сургалтын хөтөлбөрийнхөө 70 хувьд уламжлалт анагаах ухааны мэдлэгийг, 30 хувьд орчин цагийн анагаах ухааны суурь мэдлэгийг тусгасан байдаг. Энэ нь уламжлалт анагаах ухааны онол давамгайлсан хичээлийн хөтөлбөр бөгөөд Европ анагаах ухааны суурь мэдлэгийг эзэмшсэнээр аль аль чиглэлээр нь нарийн мэргэшиж ажиллах боломжтой болж байгаа юм. Тус сургуулийн уламжлалт анагаах ухааны сувилагчийн ангийн оюутнууд мөн Өрнийн сувилахуйн болон Уламжлалт анагаах ухааны сувилахуйн онолын өндөр мэдлэг, ур чадвартай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аль ч салбарт хөрвөн ажиллах чадвартай мэргэжилтэн болон бэлтгэгддэг.
Уламжлалт анагаах ухааны ном сурах бичиг, эх сурвалжууд нь түвд хэл дээр бичигдсэн байдаг учраас оюутнууддаа түвд хэл заадаг. Тиймээс тус сургуулийн оюутнууд түвд хэл дээрх ном сурах бичгийг төвөггүй уншин, судлах чадвартай. Энэ талаар тус сургуулийн оюутан Т.Чимэд “Түвд хэл бол уламжлалт анагаах ухааны үндсэн хэл гэж хэлж болно. Уламжлалт анагаах ухаан, буддын шашны судар ном, зохиолуудыг түвд хэл дээр үзэж судалж, олон ном судрыг харьцуулж уншсанаар чадвараа дээшлүүлэх боломжтой. Түвд хэл дээрх анагаах ухааны эртний ном судруудыг өөрсдөө уншиж судалж чадна гэдэг бидний давуу тал. Анх яагаад түвд хэл заагаад байгаа юм болдоо гэж эргэлзэж байсан бол одоо түвд хэлгүйгээр урагш алхаж чадахгүй гэдгээ ойлгосон” гэж байв.


Мөн Оточ Манрамба Их сургуулийн 2001 оны төгсөгч, Сэрдэг арур эмнэлгийн захирал, уламжлалт анагаах ухааны их эмч З.Ориг “Оточ Манрамба Их сургууль нь бусад уламжлалт анагаахын их, дээд сургуулиудаас юугаараа ялгаатай вэ гэвэл ерөөсөө уламжлалт анагаах ухааны номыг урьдын маарамба нарын ном үздэг ёсоор нь сургадагт байгаа юм. Эртний маарамбууд ямар ном үзэж ямар хэмжээнд хүрсэн юм, бид тийм л номыг үзэж, тийм л хэмжээнд хүрэх учиртай. Өнөө цагийн уламжлалтын эмч нар түвдээр ном үзэхгүй л бол уламжлалт анагаах ухаан хөгжих боломж багатай. Бид түвд хэл дээрх эртний судрыг уншиж судалж байгаа нь найдвартай эх үүсвэрээс суралцаж байна гэсэн үг. Судрын хэвлэлт эртнийх байх тусмаа алдаагүй, сайн байдаг. Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд найдвартай эх сурвалжаас онолоо үзэж байна гэдэг нь хамгийн том давуу тал, нөгөө талаараа номыг ёсоор нь үзэж байж шүнгийн эмчийн аймагт харьяалагдана. Үгүй бол хичнээн чадварлаг байсан ч жорын эмчийн аймгаас үл хэтэрнэ. Монгол болон Өвөр Монголд түвд хэлнээс болон монгол бичгээс алдаагүй хөрвүүлсэн ном дэндүү цөөхөн байдаг. Тиймээс түвд хэлгүйгээр уламжлалтын сайн эмч болох боломж бага шүү дээ” гэсэн юм.
Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд уламжлалт анагаах ухааны гол тулгуур бичиг болох “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг бүрэн эхээр нь уншиж, орчуулж, түүний тайлбарыг хийх чадвартай болдог. Нэгдүгээр курсдээ Зажүд, хоёрдугаар курсдээ Шажүд, гуравдугаар курсд Чимажүд, дөрөвдүгээр курсдээ Манагжүдийг түвд хэлнээс үзэж, түүний тайлбаруудыг судалдаг учраас уламжлалт анагаах ухааны мөн чанарт нэвтэрч буй.


Энэ жил анхны төгсөлтөө хийгээд байгаа Буддын гүн ухаан судлалын ангийг нээсэн явдал нь буддын соёл уламжлалаа өвлүүлэн үлдээх бас нэгэн алхам. Монголд олон сүм хийд байгаа ч тэнд сууж, ард иргэдэд шашны үйлчилгээ үзүүлэх лам хуврага цөөхөн бий. Нөгөө талаас зах зээлийн нийгэмд шилжиж эхэлснээр маш олон хүүхдийг шашны нэгдсэн бодлогогүй, системгүй, зохион байгуулалтгүй боловсрол олгох сургалтад хамруулсан. Тиймээс тэдэнд шашны сис-темтэй боловсрол олгох шаардлага хэрэгцээ тулгарч буй. Түүнчлэн Монголын олон залуус Энэтхэг, Хятад, Түвд зэрэг Дорно дахины улсын сүм хийдэд шавилан сууж, ном үзэж ирсэн ч мэдлэг мэргэжлийг нь баталсан мэргэжлийн диплом, боловсролын гэрчилгээгүй байгаа нь энэ чиглэлийн сургалтыг явуулах шаардлага байгааг харуулж байгаа юм. Тиймээс энэ эрэлт хэрэгцээг харгалзаж Буддын судлаачийн ангийг нээсэн билээ. Буддын судлалын ангид ЕБС-ийг төгссөн, ЭЕШ өгч зохих оноо авсан эсвэл шашны байгууллагад 5 болон түүнээс дээш жил ажилласан, гадаадад шашны боловсрол олгох сургалтанд 2 жил, түүнээс дээш хугацаагаар суралцсан боловсролтой иргэнийг элсүүлэх боломжтой.

Сувилахуйн ангийн оюутнууд дадлага хичээл дээр

Оточ Манрамба Их сургуулийн бааз Манба Дацан эмнэлэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *