Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 09-ны өдрийн хурлаар Оточ Манрамба Их сургуулийн магистрант Л.Чимэдцогзол “Шар усны өвчний ангилалд хийсэн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлээ амжилттай хамгаалсанаар магистрын зэрэг хүртлээ. Магистр Л.Чимэдцогзолын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Буддын гүн ухааны гэвш, профессор, Хамба лам Д.Нацагдорж, шүүмжлэгчээр АУ-ы доктор Г.Одонцэцэг нар ажилласан бөгөөд эрдэм шинжилгээний бүтээлд хийсэн албан ёсны шүүмжид “Шар усны өвчний ангиллын судалгааг хийхдээ шар усны өвчний орших орны ангиллыг дэлгэрүүлэн судалж, таван цул эрхтэн тус бүрд шар ус буух өвчнүүдийн шинж тэмдгийг тодруулан гаргажээ. Мөн таван цул тус бүрийн шар өвчний ангиллыг цааш дэлгэрүүлэн судалж, үүнийгээ бусад өвчний ангилал, тэдгээрийн шалтгаантай уялдуулан судалсанаар таван цул тус бүрд дахин ангилагдах боломжтой өвчнүүдийг тодруулан гаргаж ирсэн нь онолын ач холбогдолтой байна” гэжээ.
Эрдмийн зөвлөлийн гишүүд болон эрдэм шинжилгээний ажлын удирдагч Буддын гүн ухааны гэвш, профессор, Хамба лам Д.Нацагдорж энэхүү судалгааны ажлыг үргэлжлүүлэн докторын ажил болгох зөвлөмжийг өгч байлаа. Учир нь шар усны өвчний тухай ойлголт Өрнийн анагаах ухаанд огт байхгүй бөгөөд энэхүү ойлголтыг судалж, шар усны өвчний ангиллыг дэлгэрэнгүй судалснаар эмчлэгдэхгүй байгаа олон өвчний эмчилгээний аргазүйг боловсруулах чухал ач холбогдолтой гэдгийг Удирдагч багш Буддын гүн ухааны гэвш, профессор, Хамба лам Д.Нацагдорж онцолж байв. Мөн уламжлалт анагаах ухааны өвчний ангиллыг Оточ Манрамба Их сургууль анх санаачлан хийсэн бөгөөд өвчний ангиллын судалгааг нарийвчлан хийх нь дэлхийн шинжлэх ухааны салбарт том хөрөнгө оруулалт болно гэлээ.
Оточ Манрамба Их сургуулийн магистр Л.Чимэдцогзолын “Шар усны өвчний ангилалд хийсэн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон судалгааны ажлын үр дүнд цагаан шар усны өвчин, хар шар усны өвчин хэмээн хоёр ангилсан бөгөөд шинжээр дэлгэрүүлэн судлахад цулд буусан шар усны өвчнийг зүрх, уушги, дэлүү, бөөрөнд буусан шар усны өвчин хэмээн тус тус ангилж болохоор байгаа аж. Мөн судалгааны ажлын үр дүнд олж тогтоосон ангиллын дагуу хий, шар, бадганы өвчний шинжтэй харьцуулж адил, ялгаатай онцлог шинжийг тогтоосон байна. Өвдөх, арьс махны өнгө өөрчлөгдөх, загатнах зэрэг шинжүүдээрээ эндүүрэгдэж болох ч гөвдрүү тууралт гарах, хөөж хавдах шинжүүдээр ялган оношилж болохыг тогтоожээ.