Зуны улиралд зөөлөн шимт эмчилгээг хийлгэж өвчнөөс сэргийлэх боломжтой

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр С.Пэрэнлэйлхүндэв

Эрүүл мэндийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр өвдсөний дараа анагаахаас илүүтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг нотолсоор байгаа билээ. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг үүсгэдэг 4 том хүчин зүйл байдаг бөгөөд энэ нь улирал, ад, идээ унд /идэж буй хоол хүнс/, явдал мөр /хийж буй ажлын нөхцөл, амьдралын нөхцөл, үйл хөдлөл г.м/ зэрэг юм. Энэхүү өвчин үүсгэх дөрвөн том нөхцлөөс хүн идээ, явдал мөрийн нөхцлийг зөв хэвшүүлэн өвчнөөс урьдчилан сэргийлж болох боловч улирал, адын нөхцлөөс сэргийлж чадахгүй. Өвчин улирлаас шалтгаалан хөдөлж байдаг бөгөөд хийн өвчин зун, шарын өвчин намар, бадганы өвчин хаврын улирал хөдөлж босно. Эдгээр улиралд хурж, хөдөлсөн өвчнийг тухайн улирал бүрд нь эс арилган амирлуулвал цааш ужигран хүндэрсээр өвчин болох үндэс суурь тавигддаг юм. Тиймээс улирал бүрийн мөн чанартай уялдуулан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй.
Уламжлалт анагаах ухааны ном зохиолд улирлаас шалтгаалан өвчин үүсэх энэ нөхцлөөс сэргийлэх аргыг тэмдэглэхдээ хаврын улиралд бөөлжүүлэг, зун зөөлөн шимт, намрын улиралд туулга эмчилгээ хийлгэн улирал тус бүрт хурж боссон өвчний үндсийг арилгах хэрэгтэйг тодорхой заасан байдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зөв зохистой хооллох, зөв амьдралын хэвшилтэй байхын зэрэгцээ жил бүр улирал тухай бүрийн эмчилгээг заавал хийлгэж байх нь чухал юм.
Зөөлөн шимт гэдэг нь хий дарах хамгийн сайн эмчилгээний нэг бөгөөд хүний биеийн тамир тэнхээ доройтсон үед хийдэг зөөлнөөр шимжүүлэн тэтгэдэг эмчилгээ юм. Хий зонхилон орших биеийн доод хэсэгт шулуун гэдсээр дамжуулан тос, сүү, махны шөл зэрэгт найруулсан эмт бодисыг хийж шимжүүлдэг. Энэхүү эмчилгээг уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хандаж хийлгэж болно.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2017 №05 (33)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *