Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Д.Отгонбаатар
Сүүлийн жилүүдэд өдөр тутмын амьдралын хэвшил, буруу хооллолт, хоол хүнсний зохисгүй хэрэглээ зэргээс шалтгаалан хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл тэр дундаа тариур, цус цусан бүтээгдэхүүнээр дамжсан элэгний өвчлөл Монголчуудад элбэг тохиолдох болсон. 1990-ээд оноос өмнөх үеийн иргэдийн дунд тариураар болон бохир гараар халдварласан элэгний А, В, С вирусын төрлийн халдвар нийтлэг тархсан. Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг нь элэгний өвчлөл тэр дундаа элэгний вируст гепатит түү-нээс шалтгаалсан элэгний цирроз, хавдар орж байгаа юм. Элэгний вирусыг эмчлэлгүй удвал гепатитаас гадна элэгний хатуурал, элэгний хавдар үүс-гэх эрсдэлтэй бөгөөд эрт үед нь оношилж эмчлэх шаардлагатай байна.
Гепатит В нь гепатит В вирусаар үүсгэгдэж элгийг хамардаг халдварт өвчин. Энэ нь хурц эсвэл архаг халдварыг аль алийг нь үүсгэж чаддаг. А вирусын хувьд бүрэн эдгэрдэг бол С вирусыг эмчлэх орчин үеийн эм тариа Монголд орж ирэн халдвартай иргэд эмчилгээнд хамрагдаж байна. Гэвч орчин үеийн анагаах ухаанд В вирусыг бүрэн эмчлэх эмчилгээг одоогоор нээж чадаагүй байгаа бөгөөд эрт үед нь оношилж вирусын идэвхжлийг хянах нь үндсэн эмчилгээний хэлбэр болсоор ирлээ. Гэсэн хэдий ч вирусын идэвхжлийг бүрэн хянаж дарангуйлах төгс эмчилгээ байхгүйгээс эцэстээ элэгний цирроз, хавдар болон хүндэрсээр байна.
Харин энэ асуудлыг Монголын уламжлалт анагаах ухааны онол арга зүйн арвин их сан хөмрөгт шийдэж өгсөн нь гайхамшигтай. Элэгний вируст гепатитыг Нян элгэнд буух, Шар судсанд гүйх гэсэн нэршлээр авч үзэн түүний оношилгоо эмчилгээний цогц шийдлийг Уламжлалт анагаахын онол шүнд тодорхой тусгаж өгсөн байдаг.
Нян гэдэг нь вируст өвчнийг хэлж байгаа бөгөөд нян элгэнд бууна гэдэг нь вирусын халдвар нь элгийг сонгомлоор өвчлүүлж байгаагийн утга юм. Элгэнд нян бууснаар халдварын эхний үе буюу халдвар авсанаас 30-180 хоног шинж тэмдэггүй байдаг. Хэрэв танд дотор муухайрах, арьс шарлах, ядрах, шээс бараантах, хэвлийн хөндийгөөр өвдөх зэрэг өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлвэл вирусын архаг гепатиттай байж болзошгүй тул оношилгоо хийлгэх нь зүйтэй.
Нэгэнт элэгний вирусээр өвчилсөн үед уламжлалт анагаахын үүднээс идээ, явдал мөр, эм, засал гэсэн дөрвөн эмчилгээний цогц аргыг хослуулан эмчлэх хэрэгтэй. Ерөнхийд нь багцлан хэлэхэд, биеийн тамир тэнхээг тэтгэх идээ ундыг өдөр тутамдаа хэрэглэж, шарсан хуурсан, хэт тослог, давслаг, исгэлэн хоол хүнс, архи дарсны хэрэглээг хязгаарлан хэт ядрахгүй хөнгөн алхах, амралт ажлаа зохицуулан өөрийн тамир тэн-хээг сайжруулах зөвлөгөөг өгч байна.
Эм болон заслын эмчилгээнд биеийн бодисын солилцоо, цусны эргэлтийг сайжруулах, ходоодны илч үүсгэх, элэгний халуун болон вирусын идэвхжлийг дарангуйлах эм заслыг хийнэ. Эмэнд нь гүргүм-7, гүрчун, барагшин-5, барагшин-9, гавар-9, гавар-25, танчэн-25, тийшал гэх мэт олон эмнүүдээс тухайн өвчтөний биеийн байдал өвчний явц зэрэгтэй уялдуулан сонгож өгөх бөгөөд дээр дурьдсан эмийг иргэд өөрсдөө дур мэдэн хэрэглэж болохгүйг анхаарч, уламжлалтын мэргэжлийн эмчид хандан эмчилгээний цогц үйлчилгээг авах нь зүйтэй.
Засал эмчилгээний хувьд төөнүүр, хануурыг голчлон хийдэг. Эдгээр заслуудаас гол засал нь хануур бөгөөд элэгний судаснаас өвчтөний тамир, биеийн байдалтай уялдуулан хануурыг нэг болон түүнээс олон давтамжтайгаар хийдэг. Хэрэв уламжлалтын эмчид хандалгүй элэгний гепатитад хануур сайн гэсэн төдийгөөр мэргэжлийн бус хүнээр хийлгэвэл та өөрийгөө хануураас үүдэлтэй хоёрдагч өвчнөөр өвчлүүлэх эрсдэлд хүргэж болзошгүйг сайтар ойлгох хэрэгтэй. Уламжлалт засал эмчилгээг хийлгэснээр вирусын идэвхжил буурч идэвхгүй хэлбэрт шилжин элгийг хүндээр гэмтээх эрсдэлгүй болно.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2017 он №05 (33)