Шагдарова Нина: “Монголын Оточ Манрамба Их сургууль маш сайн сургууль шүү, очиж сураарай” гэж хэлсний дагуу охиноо элсүүлсэн

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт гадаадын олон улс орноос хүмүүс ирж эмчлүүлдэг. Тэд Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний агуу ач тусыг мэдэрч, өвчин эмгэгээ илааршуулахаар Манба Дацан эмнэлгийг зорьж ирдэг. Тэдний нэг бол Бүгд найрамдах Буриад улсын Улаан-Үдээс ирсэн Шагдарова Нина юм. Түүнтэй ярилцлаа.

-Та яагаад Манба Дацан эмнэлэгт эмчлүүлэх болсон бэ. Монголд анх удаа ирж байна уу?
-Би Улаан-Үд хотоос ирсэн. Монголд 3 дахь удаагаа ирж байна. Анх ирэхдээ охиноо Оточ Манрамба Их сургуульд элсүүлэх зорилготой ирсэн. Манба Дацан төв, Оточ Манрамба Их сургуулийн захирал Хамба лам Д.Нацагдоржтой уулзаад энэ талаараа хэлэхэд их сайхан хүлээж авсан. Охиноо тус сургуульд сургахад боломжтой гэсэн хариу аваад бэлтгэлээ хангахаар эх орон руугаа буцсан юм. Тэгээд 2017 оны 1 дүгээр сард монголд дахин ирж охиноо сургуульд нь оруулсан. Уламжлалт анагаах ухааны хамгийн сайн сургууль, хамгийн сайн эмнэлэгт ирчихээд зүгээр буцчихаж чадаагүй, өөрийнхөө биеийг ч гэсэн үзүүлээд буцъя гэж бодоод Хамба ламд судсаар оношлуулж, Манба Дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.
-Оточ Манрамба Их сургуулийн талаар хаанаас сонссон бэ?
-Буриадын уламжлалтын эмчээс Манба Дацан төвийн талаар анх сонсч байсан. Манай охин уламжлалт анагаах ухаанд суралцах хүсэлтэй байгаагаа хэлээд хаана сайн сургууль байна вэ гэж асуухад “Монголын Оточ Манрамба Их сургууль маш сайн сургууль шүү, тийшээ очиж сураарай” гэж хэлсэн. Тэгээд бид судалж үзээд монголд ирж уулзсан. Оточ Манрамба Их сургуультай танилцаад маш их баярласан. Маш сайхан тохилог орчинтой, багш, эмч нар нь эелдэг харьцаатай хүмүүс байсан. Тэд бидэнд үйл ажиллагаагаа танилцуулж, бид ч энэ сургуулийг сайн судалсаны эцэст үнэхээр сайн сургууль болохыг нь мэдэж элсэн суралцсан.
-Таны охин өмнө нь хэд хэдэн их сургууль дүүргэсэн гэсэн. Яагаад дахин суралцаж, уламжлалт анагаах ухааны эмч болохоор шийдсэн юм бол?
-Манай охин 3 их сургууль төгссөн мундаг охин бий. Гэр бүл маань их шүтлэгтэй. Байнга орон хийдээр орж залбирч, хурал номд даган баясдаг. Манай нутгийн нэг мундаг лам “Танай охин уламжлалт анагаах ухааны эмч болж, олон хүнийг өвчин зовлонгоос нь салган, амьтны тусыг хийх хэрэгтэй шүү” гэж хэлсэн юм. Охин маань ч тэгж хэлсний дараагаар уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож эхэлсэн. Сайн эмч болохын тулд сайн сургуульд суралцах хэрэгцээ шаардлага хэнд ч байдаг шүү дээ. Тиймээс суралцах сургуулиа маш сайн судалж, асууж сурагласнаар Оточ Манрамба Их сургуулийг олсон. Одоо охиноо сургуульд нь элсүүлчихсэн болохоор их баяр-тай байна.
-Та Монголын хамгийн сайн уламжлалтын эмнэлэгт ирчихээд зүгээр явчихаж чадаагүй гэж хэлсэн. Эмчлүүлж эхлээд ямар сэтгэгдэлтэй болсон бэ. Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ ямар санагдав?
-Эмчлүүлж эхлээд монголд төдийгүй дэлхийд нэртэй эмнэлэг юм байна гэдгийг мэдсэн. Манба Дацан эмнэлгийг гадаадын олон орноос хүмүүс зорьж ирдэг юм байна. Намайг хэвтэн эмчлүүлж байхад Орос, Хятадаас ирсэн хүмүүс эмчлүүлж байсан. Тэд үнэхээр ам сайтай байсан. Оросын нэг үйлчлүүлэгч жил болгон энд ирж эмчлүүлдэг тухайгаа надад ярьсан. Маш хүнд өвчтэй байсныг нь Манба Дацан эмнэлгийнхэн илааршуулсан болохоор одоо гэр бүлээрээ үйлчлүүлдэг болсон гэсэн. Хүн хөгширөхийн эрхээр бие махбод доройтдог юм байна. Чих хатуу болно, өвдгөөр өвдөнө, амархан ядарна. Энд хэвтэн эмчлүүлэх хугацаандаа өдөр бүр бүтэн биеийн бариа хийлгэсэн. Бумба тавиулж, 2 төрлийн төөнүүр хийлгэлээ. Мөн тусгай тантай рашаан, ясны шөлтэй ваннд оруулсан. Надад эдгээр эмчилгээнүүд маш их таалагдаж, үр дүн нь ч шууд мэдрэгдэж байна. Ядаргаа гарч, илүү их эрч хүчтэй болсон. Мөн шөнө өвдгөөр өвддөг байсан бол одоо зүгээр болсон.
-Манба Дацан эмнэлгийн эмч, сувилагчид Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид байдаг. Охиноо Оточ Манрамба Их сургуульд сургаж байгаа хүний хувьд эмч, сувилагчдынх нь чадварыг дүгнэсэн байх?
-Тэгэлгүй яахав. Манба Дацан эмнэлгийн чадварлаг эмч нар Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид гэдгийг мэдээд би их баярласан. Охин минь ямар ч байсан зөв сургуульдаа орсон юм байна гэдэгт бат итгэлтэй болсон. Манба Дацан эмнэлгийн эмч ажилчид бүгд их сайхан сэтгэлтэй, хүнийг дээд зэргээр хүндэлдэг хүмүүс байна лээ. Дадлагад гарч байгаа Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд ч гэсэн маш сайн хүмүүжилтэй, хүнийг энэрэх хайрлах сэтгэлтэй болж төлөвшиж байгааг нь би анзаарсан. Оточ Манрамба Их сургууль сайн эмч бэлдэхээс гадна сайн сувилагч бэлддэг юм байна гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Миний эмчлэгч эмч Б.Чойном, сувилагч Ж.Ариунжаргал, надад бариа хийж байсан Оточ Манрамба Их сургуулийн 3-р курсын оюутан Х.Ану нарт маш их баярлалаа гэж хэлье. Танай эмнэлэг сургууль улам өргөжин, мундаг эмч, сувилагчдыг бэлтгэн гаргаж байгаа үйлс чинь амжилттай байх болтугай гэж ерөөе. Монгол эмч, сувилагчид дэлхийд нэрээ гаргана гэдэгт би эргэлзэхгүй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *