Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа эрүүл мэндийн Оточ Манла бурханыг гол шүтээнээ болгосон бөгөөд шинийн арванд Манла бурханы сахиус Шанлон, Дамжон тэргүүтэй долоон сахиусыг тахидаг Манба Дацан хийдийн жасаа хурал билээ. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа Шинийн аравны их хурлын талаар танилцуулъя.
Манба дацан хийд нь билгийн тооллын шинийн арванд Шанлон, Дамжан сахиусыг тахидаг бөгөөд Шанлон, Дамжан нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурханаас зарлиг авч, тангараг өргөсөн сахиус юм.
Шинийн аравны тахилгын хурлыг Ламын чодва буюу багшийг тахих зан үйлээр эхэлдэг. Үүний дараа Пунцаг гүсүм, Бажиг ямандаг, Очирваань, Гомбо, Гонгор, Намсрай, Шанлон, Дамжан зэрэг сахиуснуудыг тахидаг. Үүний дараа тахил, дотоод тахилыг адислах бөгөөд энэ үед сүсэгтнүүд өөрсдийн бэлдсэн тахилуудыг мөн адистлагдлаа хэмээн бодох ёстой. Сүсэгтнүүд энэ хооронд нүгэл хилэнцээ наминчилж бусдын тусад даган баясаж, өөрийн хүссэн үйлээ даатгаад Ум Аа Ямандаг хум пад хэмээх тарнийг аль болох олон удаа уншвал сайн.
Эцэст нь
“Энэ буянаар би
Очирт аюусган үйлдэгч болоод
Нэг ч амьтныг үлдээлгүй
Түүний газарт хөтөлье” хэмээхийг уншин үйлдэж буянаа зориулна.
Шинийн аравны хуралд даган баяссанаар хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр, 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхасын их ад, 804 муу ёр тэмдэг зэргийг төгс арилган, үгүйрэхийн зовлонгоос гэтэлгэж, цаг бусын аюул, цаг бусын үхлээс аварна. Мөн зориуд найруулсан хор, дээдсийн цааз, газар, лус, бүднар зэрэг хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолоос аврагдана. Улмаар энэ насанд тариа үр, мал сүрэг, эд эдлэл, үр хөвгүүн дэлгэрч, эд баялгаар элбэг дэлбэг байж, хойд насандаа дахин бурханы шашинтай учирч, улмаар төрөл дээшлэх бодь хутаг олохын шалтгааныг цогцлоодог. Хэрэв энэ насанд өвдвөл барилдлага төгс эмчтэй учирч өвчин амар хялбар эдгэрэх, ирээдүйд тохиох муу зүйл зүүдээр өнгөрөх гэх мэт ач тус, үр нь хэмжээлшгүй билээ.