Ж.Насанбат: Ямар нэг спортын мөн чанарыг таниад, хичээллэвэл тодорхой амжилтанд заавал хүрдэг

Явдал мөрийн дээд нь явган алхах гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Ууланд алхаж эрүүл зөв амьдралын хэвшлийг хамтдаа бүтээж, олон хүмүүсийг уриалан зөв хэмнэлд дадуулж байгаа “Хамтдаа алхацгаая” клубын гишүүн Ж.Насанбаттай ярилцлаа. “Хамтдаа алхацгаая” клубийнхэн сонирхлоороо нэгдэн ууланд алхаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа нь улам өргөжин өндөр уулын авиралтанд ч өөрсдийгөө сорих болсон юм. Тэд он гарсаар Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд, Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдагт, саяхан дөрөвдүгээр сарын сүүлээр Summit mountaineering & Climbing club-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Дуган хад-2017” 45 км-ийн уртын алхалтанд багаараа амжилттай оролцсоноос гадна Хангайн нурууны ноён оргил Богд Очирваань Отгонтэнгэр хайрханд багаараа амжилттай авираад иржээ.

-“Хамтдаа алхацгаая” клубынхан Отгонтэнгэр хайрханы оргилд багаараа амжилттай авираад иржээ. Аялалынхаа сонин сайхнаас хуваалцаач?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-24-ний хооронд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 21 хүний бүрэлдэхүүнтэй авиралтын баг Завхан аймгийн Отгон сум, Хангайн нурууны ноён оргил Богд Очирваань Отгонтэнгэр Хайрханыг зорьж амжилттай авираад ирлээ. Монголын скайраннигийн холбоо, “Хамтдаа алхацгаая” клуб, “Хайрхан”, “Оргил өөд”, Эрдэнэтийн “Хамтдаа” хайкинг клуб, Орхон аймгийн “Хангарьд” клуб зэрэг уулын алхалт авиралтын олон клубуудын төлөөлөл оролцсон онцлогтой авиралт болсон. Зам зууртаа хонон өнжин явсаар дөрөвдүгээр 21-ний өглөө 06.00 цагт авиралтаа эхлүүлж оройн 18.30-д авиралтын группээрээ болон “Хамтдаа алхацгаая” клубийн Отгонтэнгэр багийнхан маань 100 хувийн ирцтэйгээр хайрханы оргилд туг далбаагаа мандуулцгаасан. 18 цагийн турш 36 км алхаж авирсан хүнд авиралт байсан ч бид чадсан. 4 шөнө 5 өдөр үргэлжилсэн хувь хүний тэсвэр тэвчээр, баг хамт олны чадвар чансааг шалгасан сайхан аялал, авиралт болж өндөрлөлөө.

-Отгонтэнгэр хайрханы авиралтаас ирээд дөрөвдүгээр сарын 29, 30-нд болсон “Дуган хад-2017” уртын алхалтанд бас оролцсон байхаа?

-Тиймээ, Отгонтэнгэр хайрханы авиралтаас ирээд дөрөвдүгээр сарын 29-30-нд болсон “Дуган хад-2017” 45 км-ийн уртын алхалтанд оролцсон. Энэхүү уртын алхалтыг Summit mountaineering & Сlimbing club-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд манай клубынхан энэ жил анх удаа орж, багаараа 100 хувийн ирцтэйгээр барианд орсон нь бас нэг том амжилт боллоо. МУГТ, ОУХМ, Монголын анхны Seven summiter Б.Гангаамаа болон бусад уулын клубуудтэйгээ хамтдаа найман цагийн турш (амарч, хооллож ундалласан 2 цагийг хасаад 6 цаг) алхаж, хэдий алхалтын явцад ядарч сульдах, хөл холгох зэрэг бэрхшээл тулгарч байсан ч баг хамт олноороо барианд орж чадсандаа баяртай байгаа.

-Танай клубынхан үнэхээр тууштай, сонирхлоо зорилго болгож чадсан хүмүүс юм. “Хамтдаа алхацгаая” клубийнхээ талаар танилцуулаач?

-Манай клубын ахлагчид Ж.Үүриймаа, Д.Амаржаргал гэж бүсгүйчүүд бий. Тэд намайг клубтээ урьж оруулсанд би талархаж явдаг. Уулын спортын мастер Н.Сүрэнжав миний багын найз. Найзыгаа дагаж ууланд авирах болсон, тэр маань надад болон манай клубийнхэнд хөтөчөөр явдаг юм. Нэг ёсондоо бидний багш юм л даа. Бас манай клубт 13-хан настай ч Асралт хайрханд авиралт хийчихсэн Б.Маралгоо гээд мундаг охин байдаг. Миний уулын охин юм. Уулын ээжтэй ч болсон, тэтгэврийн насны Д.Бодь эгч маань залуусаас дутахгүй ямар ч ууланд авирна. Энэ хүн бидний уулын ээж. Үргэлж өмөг түшиг минь болж явдаг хайрлахгүй байхын аргагүй хэдэн дүү нар маань бас байдаг. Би өндөр уулын авиралтад илүү сонирхолтой, өөрөө суралцахын хажуугаар клубийнхээ гишүүдийг уриалаад өндөр ууланд гарч эхэлсэн. Одоо манай клубт гурав, дөрвөн мянган метрийн өндөрт гарсан цөөнгүй хүн бий. Асралт хайрханд л гэхэд давхардсан тоогоор 50, 60 хүн гарсан. Ахлагч нарын томилгоогоор клуб дотроо би өндөр уулын авиралтыг хариуцсан ахлагч гэж явдаг л даа.  Клубийнхэн маань бас их гэгээлэг хүмүүс. Манай клубт үйлдвэрлэлийн ослоос болж хөгжлийн бэрхшээлтэй болсон залуучууд бий. Тэдэндээ урам зориг өгч энгийн хүн шиг спортоор хичээллэх боломжийг нь хангахыг их хичээдэг дээ. Тэд маань гүйх сонирхолдоо хөтлөгдөөд одоо бүр марафоны мундаг тамирчид болцгоосон. Тэдний маань нэг  Б.Батзориг буюу Азтай Зоро маань өнгөрсөн жил Дэлхийн хамгийн том 6-н марафоны нэгд тооцогддог Нью-Иоркийн марафонд оролцоод өөрийн ангилалдаа 3-р байр эзэлж байлаа. Бас Х.Равдандорж гээд дотооддоо болдог марафоны бүхий л тэмцээнд амжилттай оролцдог дүү маань ч байна. Бид ч бас дүү нараа дэмжиж өөр өөрсдийнхөө хэмжээнд марафонд гүйцгээж эхэлсэн. Хүн өөрөө хичээгээд ямар нэг спортын мөн чанарыг таниад, хичээллэх юм бол тодорхой амжилтанд заавал хүрдэг. Үүнийг өөрийнхөө бие дээр ч мэдэрлээ, бусад найз нөхөд, клубийнхээ гишүүдээс ч харж байна.

-Та хэзээнээс ууланд алхаж, авирах болсон бэ. Юу таныг ууланд хөтлөв?

-Би тав дахь жилдээ ууланд алхаж, сүүлийн жил хагасын хугацаанд өндөр ууланд авирсан. Хүн ууланд алхаад эхлэхээр бүр л дээшээ тэмүүлдэг юм байна. Анх Богд ууланд алхаж байгаад өндөр уулын босго гэж нэрлэгддэг Хэнтий нурууны ноён оргил 2800 метрийн өндөр Асралт хайрханд гарч, дахиад л дээшээ гараад амжилтаа ахиулчих юмсан гэж явсаар уулын авиралтад эргэлт буцалтгүй ороод эхэлсэн. Уулын спортын мастер Н.Сүрэнжав найз минь намайг үүнд хөтөлсөн гэж би өмнө нь хэлсэн дээ. Харин алхалт руу оруулсан хүн бол миний охин Н.Мандал байгаа юм. 4, 5 жилийн өмнө ууланд явъя л гэж боддог байснаас зориглоод явахгүй хойш нь тавиад л байдаг байлаа. Тэгсэн манай охин нэг өдөр уулын клубуудийн зар харж байгаад нэгдэж алхчихаад жигтэйхэн сайхан байдаг юм байна ааваа, ээжээ гэсээр орж ирсэн. Би ч тухайн үедээ нэг их ойшоогүй. Харин эхнэр маань охиноо дагаж нэг алхаж ирчихээд ёстой гоё юм байна гээд ажлынхныгаа уриалаад алхаж эхэлсэн. Миний эхнэрийг М.Нинжин гэдэг л дээ. Тэгээд л гурав дахь алхалтаас нь эхлээд тэсэлгүй эд нар одоо юуг нь гоё гээд байгаан бол гээд дагаж алхаад тэрнээс хойш одоог хүртэл тасралтгүй алхаж байна. Хүмүүс ярьдаг юм, ууланд нэг алхаад эхлэвэл уул өөрөө дуудаад даллаад байдаг гэж. Тэр үнэн бололтой.

-Юу нь сайхан байсан бэ, ууланд алхаж эхлэхэд?

-Эхлээд, өглөө унтаж байхын оронд байгалийн сайханд алхвал зүгээр юм байна гэж бодсон. Хэсэг хугацааны дараа ууланд татагдаад эхлэхээр сайхныг нь мэдэрдэг юм билээ. Ууланд цуваагаар алхаад явж байхдаа өөртэйгөө ярьдаг. Өөрт тохиолдсон, хариулт нь олдохгүй байсан асуудлын хариулт, гарах гарцаа олоод эхэлдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, уулнаас өөрийгөө олдог гэх үү дээ.

-Ууланд алхах нь нэг төрлийн бясалгал гэж хэлж болох нь ээ?

-Тийм шүү, би одоо жаахан стресстэх үедээ бушуухан л уул руугаа гарахыг боддог. Манай найз нөхөд, дүү нар ямар нэгэн асуудалд орчихсон, зарим нэг нь гундуухан явж байвал би уул руу дагуулаад гарчихдаг. Тэр хүнд саад болохгүйгээр ардаа хоцроож алхаад үдлэх газраа цай цүүгээ уучихаад буцаад алхаж дуусаад ирэхэд нөгөө гундуухан явсан хүн чинь шал өөр болчихсон, сэргэчихсэн, харьцаа, хандлага нь өөр болсон байдаг. Өөртөө тохиолдсон асуудлынхаа гарцыг олчихсон байдаг. Тэгээд сэтгэл нь сэргэж, тэр чигээрээ ууланд алхах сонирхолтой болчихсон хүмүүс зөндөө бий.

-Таны эхнэр, охин одоо ч ууланд алхсан хэвээрээ юу?

-Тиймээ, охин маань тусдаа найзуудтайгаа, эхнэр маань надтай цуг алхдаг. Эхнэр, охинтойгоо ууланд алхаж эхэлснээс хойш би гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд алхдаг байсан. Хамгийн ихдээ 30-40 хүнтэй алхана. Заримдаа эхнэртэйгээ хоёулахнаа үлдээд ч алхдаг байлаа. Тэр үед анх ууланд алхдаг хүмүүстэй фэйсбүүкээр танилцаад, бие биенийхээ тавьсан зургийг хараад, явсан маршрутынхаа талаар ярилцдаг байсан. Нэг удаа алхах гэсэн чинь ганцаараа болчихоод, нөгөө хэдийнхээ зарыг харсан чинь миний явж үзээгүй маршрут байхаар нь холбогдоод хамт явж эхэлсэн юм. Тэр хүмүүс бол манай “Хамтдаа алхацгаая” клубийнхэн. Тэр үед манай клуб яг клубийн хэмжээнд хүртлээ хөгжөөгүй ч уул гэдэг юмныхаа мөн чанар, ач холбогдлыг нь дээд зэргээр ойлгосон үе тэнгийн голдуу хүмүүс байсан учраас надад маш сайхан санагдсан. Тэгж байтал манай клубийнхэн надад дөрвөн хайрханаа тойрох алхалт хийе гэсэн санал тавиад бид маргааш нь л Баянзүрх хайрханд гарч байлаа. Би аливаа юмыг хойшлуулах дургүй болохоор шууд л аялалдаа гарч, долоо долоо хоногоор дөрвөн хайрхандаа гараад, Чингэлтэй хайрханаар тойрч ирээд алхалтаа дуусгаж байсан. Энэ алхалтыг дуусгасны дараа би клубийнхээ үндсэн гишүүн болж, түүнээс хойш хамтдаа алхацгааж байна. Дөрөвдүгээр сарын 23-нд клубтэйгээ нэгдсэний нэг жилийн ой болсон.

-Хамтдаа алхацгаая клубтэй нэгдэж алхая гэвэл нээлттэй юу?

-Тэгэлгүй яахав, хүн бүрт нээлттэй. Манай гишүүд өөрсдөө ууланд алхаад уулынхаа сайхныг мэдэрчихсэн хүмүүс учраас хүн болгоныг ууланд алхаасай гэж хүсдэг. Ямар ч хүн ууланд алхсан анхны сэтгэгдлээсээ хамаараад цаашид явах уу үгүй юу гэдгээ шийддэг. Зарим нь маргаашнаас нь эхлээд гутал хувцасаа хаанаас авах уу гээд асуугаад эхэлдэг бол яах гэж ууланд алхав аа, сайхан унтаж байх юмыг чинь гэсэн хандлагатай хүмүүс ч байдаг.

-Хувцас хэрэглэл маш чухал юм байна лээ, та энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Ууланд алхахад хамгийн эхлээд хальтардаггүй, шагайны, ус чийгний хамгаалалттай уулын гутал хэрэгтэй. Пүүз өмсчихөөр уруудаж буухад төвөгтэй байдаг. Дараа нь өөртөө ачаалал бага өгч сурахын тулд анхнаасаа таяг хэрэглэх хэрэгтэй. Ер нь уулын гэсэн зориулалттай хувцас хэрэглэлийг сонгож авах нь зүйтэй. Өмд гэхэд л ямар ч янзаар өвдгөө нугалж, хазайсан саад болохгүй сунаж байх ёстой. Уулын хувцаснууд хүн хөлөрсөн ч амархан хатдаг онцлогтой. Авиралт, алхалтын хугацаа болон өндрөөс хамаараад хувцас, хувийн бэлтгэлээ хангадаг бөгөөд энэ талаар мэдээлэл хайгаад үзвэл их бий.

-Богд ууланд нэлээд олон ам, маршрут бий. Анх алхаж байгаа хүмүүст ямар маршрут нь тохиромжтой байдаг вэ?

-Богд уулын анхдагч маршрут, явган алхагч нарын цэг болсон газар бол Баруун ширээт. Амралтын өдрүүдэд тэнд маш их хүн хөлхөлдөөд зөрөлдөөд явж байдаг. Манай клубийнхэн саяхан Оточ Манрамба Их сургуулийнхантай Тэмээн хад Шар ламын агуй чиглэлд алхсан. Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал АУ-ы доктор Г.Одонцэцэг манай арван жилийн ангийн хүүхэд. Манай найз балетаар хичээллэдэг, би ууланд алхдаг болохоор хоёр биендээ урам өгч холбоотой байдаг юм. Тэгсэн саяхан Одноо маань танай клубтэй нэгдэж байгууллагаараа алхая гэж санал тавьсанаар бид хамт алхсан юм. Анх удаа алхаж байгаа 50-60 хүн байсан учраас аль болох ачаалал өгөхгүй байх зорилгоор 8 км-ийн алхалтыг хийсэн. Уг нь болж өгвөл талдаа 8-10 км алхаж биедээ ачаалал авах ёстой. Дээрээс нь хүн байнга явдаг маршрутаар явбал гоё сэтгэгдэл төрөхгүй байх гэж бодоод Тэмээн хад Шар ламын агуй чиглэлийг сонгосон. Энэ бас их сонирхолтой маршрут шүү.

-Уламжлалт анагаах ухаанд явдал мөрийн дээд нь явган алхах гэдэг юм. Ууланд алхаж эхэлснээс хойш таны биед ямар өөрчлөлт орсон бэ?

-Биеийн тамир хийснийхээ хэрээр хүн эрүүлжиж байдаг. Би 2015 онд 115 кг жинтэй байлаа. Тэр үед ууланд алхаад эхэлчихсэн, найзтайгаа хамгийн анх өндөр ууланд гаръя гэж зорьж байсан үе. 2800 метрийн өндөр Асралт хайрханд гарах байсан болохоор жингээ жаахан хасах хэрэгтэй болж сарын турш эрчимтэй бэлтгэл хийсэн. Надтай хамт нэг бус удаа ууланд алхаж байсан ах маань боксын клуб хичээллүүлж байгаа, ирээрэй гэхээр нь тэнд очиж нэг сарын хугацаанд бэлтгэл хийгээд 5 кг хассан. Дараа нь Асралт хайрхандаа амжилттай гарч чадсан ч бас л чанга байсан. Тиймээс би жингээ илүү сайн хасах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Манай клубийнхэн ууланд алхахаас гадна гүйдэг, зун нь роликоор өвөл тэшүүрээр гулгадаг, фитнес, иогоор хичээллэдэг. Би тууштай алхаж, биеийн тамираар хичээллэснийхээ хүчинд 20 орчим кг хасч чадсан. Турах хамгийн үр дүнтэй арга бол спорт, хөдөлгөөн, алхалт шүү дээ.

-Таны гарсан хамгийн өндөр цэг юу вэ?

-Ховд аймгийн Мөнххайрхан суманд байдаг Мөнххайрхан уул. ДТД 4204 метрийн өндөр оргилд гарсан. Тэнд ДТД 4362 метрийн өндөртэй Барилгачин гээд оргил байдаг. Дараа дахин авирах зорилготой.

-Цаашдаа ямар оргилд гарах төлөвлөгөөтэй байна?

-Бид энэ зундаа багтааж Монголын хамгийн өндөр цэг Алтайн нуруу, Алтай таван богдын Хүйтний оргил руу авирахаар зорилго тавиад хичээллэж бэлтгэл сургуулилтаа базаагаад л байж байна! Бидний хувьд ямар нэгэн зэрэг цолны араас хөөцөлдөлгүй, өөрсдийгөө хөгжүүлээд, амжилтаа ахиулах гэсэн зорилготой л явж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *