Уламжлалт анагаах ухааны анхны их сургууль болох Оточ Манрамба Их сургуулийн Төгсөлтийн баяр, Тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2017-05-22/ болж, Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн ангийн 16 дахь, Сувилахуйн ангийн 5 дахь, Буддын гүн ухаан судлалын ангийн анхны төгсөлт боллоо. Оточ Манрамба Их сургуулийн энэ удаагийн төгсөлтөөр Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн мэргэжилтэй 46 төгсөгч, Уламжлалт анагаах ухааны сувилагч 8, Буддын гүн ухаан судлаач 5 төгсөгч мэргэжлийн цол, боловсролын бакалавр зэрэгтэй төгссөнөөр Монголын эрүүл мэнд, буддын судлалын салбарт шинэ мэргэжилтнүүд, боловсон хүчин нэмэгдэж байна.
Оточ Манрамба Их сургууль нь Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Уламжлалт анагаах ухааны сувилахуй, Буддын гүн ухаан судлаач, Эмзүйч гэсэн мэргэжлээр элсэлт авч, сургадаг бөгөөд энэ жилийн хувьд Буддын гүн ухаан судлалын ангийн анхны төгсөлт болж байгаагаараа онцлогтой. Мөн 2016-2017 оны хичээлийн жилийн энэхүү төгсөлт нь Боловсрол Соёл Шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Их Сургуулийн статустай болсноос хойш Оточ Манрамба Их Сургуулийн хоёрдахь төгсөгчид болж байгаагаараа онцлог юм.
Төгсөлтийн баяр, Тангараг өргөх ёслолын ажиллагаанд МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн Ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж, Оточ Манрамба Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, АУ-ы доктор Ж.Амарсанаа, Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Оточ Манрамба Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамц, Оточ Манрамба Их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, профессор Д.Энэбиш, Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын тэнхимийн эрхлэгч, Манба Дацан хийдийн Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэл, Манба Дацан хийдийн зурхайч лам Я.Аюурзана, Оточ Манрамба Их сургуулийн эрдэмтэн багш нар, төгсөгчдийн гэр бүл, дотны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.
МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн захирал, Хамба лам Д.Нацагдорж төгсөлтийн баяр, тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр сургуулиа дүүргэж байгаа та бүхэн оюун ухаанаа дайчлан, уйгагүй ажиллаж суралцсаны үр дүнд УАУ-ы Хүний их эмч, Сувилагч, Буддын судлаач хэмээх нэр хүндтэй мэргэжлийг эзэмшиж, өнөөдрөөс эхлэн эх орныхоо эрүүл мэндийн салбарт оюун билэг, мэдлэг чадвараа зориулах, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун их үйлсийн тань буян заяа, зам мөр тавигдаж байна. Төгсөгчид та бүхэн эмч, сувилагч, шашинтаны тангарагтаа үнэнч, бусдад туслах чин хүсэл эрмэлзлэлтэй, дээд нинж асралын сэтгэлтэй бодьсадын явдал мөрийг цаг үргэлжид баримтлан, номын багш нараа дээдлэн хүндэлж, эзэмшсэн мэдлэг чадвараа улам бүр дээшлүүлж, Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд бодьтой хувь нэмэр оруулан, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн амжилттай ажиллаарай. Төрөлх сургуулийн тань үүд хаалга хэзээ ямагт та нарт нээлттэй байж, эрдэмтэн багш нар та бүхэнтэй үргэлжид хамтран ажиллах болно” гэдгийг онцолж байлаа.
Оточ Манрамба Их сургуулийн төгсөлтийн баяр, Тангараг өргөх ёслолын ажиллагаа өвөрмөц онцлогтой болдог. Төгсөгчид багш нартаа хүндэтгэл үзүүлэн, Их эмч, Сувилахуйн ангийн төгсөгчид эмчийн тангараг өргөхөөс гадна хамаг амьтны тусын тулд ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахаар тангараг тавьж, эрүүл мэндийн Оточ Манла бурхан, түүний сахиус болох Шанлон, Дамжан сахиусд тангараг өргөн, хүндэтгэл үзүүлдэг юм. Мөн төгсөгчид маань эмчийн тамга тэмдэгээ хүлээн авлаа.
Төгсөлтийн баярын үеэр Оточ Манрамба Их сургуулийн 2017 оны Шилдэг төгсөгчдөд шагнал гардуулсан юм. Их эмчийн ангийн Шилдэг төгсөгчөөр Б.Будцэцэг, Сувилахуйн ангийн шилдэг төгсөгчөөр Ц.Нямдаваа, Буддын судлалын ангийн шилдэг төгсөгчөөр Ч.Банзрагч нар тодорлоо.
Мөн Хүүхэд залуусын хөгжлийн төлөө ТББ-аас Оточ Манрамба Их сургуулийн оюутан А.Отгонбилэгийг “Спортлог оюутан”-аар, “Шилдэг зохион байгуулагч оюутан”-аар С.Пүрэвзаяа, “Авъяаслаг оюутан”-аар Б.Номинтуяа, М.Алимаа, “Онц сурлагатан оюутан”-аар О.Мөнгөнцэцэг, С.Мөнгөнтуяа, Хаянхярваа, Пүрэвдаваа, “Шилдэг оюутан”-аар Ш.Амгаланбаяр, М.Нандинцэцэг, Г.Адъяа нарыг шалгаруулсан бол МОХ-ны Тэргүүн дээд шагнал “Манлайлагч оюутан” цол тэмдэгээр О.Балжмаа нарыг шагналаа. Сурлага, авъяас чадвараараа манлайлсан Оточ Манрамба Их сургуулийн шилдэг төгсөгчдийнхөө ирээдүйн зам мөр нь дардан байхыг эрдэмтэн, багш нар нь ерөөж, амжилт хүсэн Мандал өргөж, буян заяаг нь даатгалаа.
Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчдийн сэтгэгдлийг сонслоо.
В.Батсэлэм: Бид амьтны тусын тулд нинж асралын сэтгэлээр ард түмэндээ үйлчилнэ гэж тангараг өргөдгөөрөө бусад анагаахын сургуулиудаас ялгаатай
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы Хүний их эмчийн ангийн төгсөгч В.Батсэлэм
Бид өнөөдөр эмчийн тангараг өргөж, бакалаврын дипломоо гардан авлаа. Түүнээс гадна эрүүл мэндийн Манла бурхан, Шанлон, Дамжан сахиусдаа тангараг өргөж, амьтны тусын тулд нинж асралын сэтгэлээр ард түмэндээ үйлчилнэ гэж амлалт өгдөгөөрөө бусад анагаахын сургуулиудаас онцлог ялгаатай. Биднийг энэхүү буяны замаар замнах сайхан мэргэжил эзэмшихэд өөрдсийн мэдлэг чадвар, энэрэл асралын сэтгэлээ зориулан зааж сургасан ачит багш нартаа, үе үеийн дамжлагын багш нартаа талархлаа илэрхийлье. Бид дээдийн номын амтыг дөнгөж амсаад байна. Тиймээс цаашид улам бүр хичээн суралцах болно.
Б.Будцэцэг: Манай сургууль үнэхээр үнэ цэнэтэй мэдлэг өгч чаддаг гайхалтай сургууль
Оточ Манрамба Их сургуулийн 2017 оны УАУ-ы Хүний их эмчийн ангийн шилдэг төгсөгч Б.Будцэцэг
Сургуулиа амжилттай төгсч, шилдэг төгсөгч болж чадсандаа баяртай байна. Манай сургууль үнэхээр үнэ цэнэтэй мэдлэг өгч чаддаг гайхалтай сургууль. Би энэ сургуулийг зургаан жил сурч төгссөндөө баяртай байна. Цаашид суралцах оюутан залуусдаа амжилт хүсье. Өөрийн биеийг гийгүүлсэн эрдмээрээ өргөн түмнийг гийгүүлж чадна гэж Сорхагтани хатны сургааль бий. Манай сургууль тэр гэрэл гэгээг бидэнд өгч чаддаг. Эмчийн тангараг өргөж байхдаа өндөр хариуцлага үүрч байгаагаа ухамсарласан.
Ц.Нямдаваа: Багшийнхаа сургаалийг санаж, цаашид хичээж ажиллана
Оточ Манрамба Их сургуулийн 2017 оны Сувилахуйн ангийн шилдэг төгсөгч Ц.Нямдаваа
Дөрвөн жил үзсэн хичээлээ бататган шилдэг төгсөгч болсондоо баяртай байна. Сувилагчийн тангараг өргөж зогсохдоо хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хичээж ажиллах болно гэж өөртөө тангарагласан. “Хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлтэй хүмүүнийг хүрээлэх бурхан олон” хэмээсэн багшийнхаа сургаалыг байнга санаж цаашид хичээж ажиллах болно.
Л.Майдар: Манай сургуулиас өөр уламжлалт анагаах ухааны сувилагч бэлддэг сургууль байхгүй
Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн ангийн төгсөгч Л.Майдар
Манай сургуулиас өөр уламжлалт анагаах ухааны сувилагч бэлддэг сургууль байхгүй. Үүгээрээ манай сувилахуйн тэнхим онцлог. Мөн ангидаа би ганцаараа эрэгтэй сувилагч төгсч байгаагаараа бас онцлог. Сувилагч бол хамгийн сайхан мэргэжил. Би энэ мэргэжлийг эзэмшиж байгаадаа баяртай байна.
Б.Мөнхбурам: Сургуулийнхаа бааз эмнэлэг Манба Дацан эмнэлэгт ажиллана
Оточ Манрамба Их сургуулийн төгсөгч Б.Мөнхбурам
Сэтгэгдэл маш өндөр байна. Сургуулиа амжилттай төгсч, Уламжлалт анагаах ухааны их эмч болж байгаадаа баяртай байна. Би манай сургуулийн бааз эмнэлэг Манба Дацан эмнэлэгт ажиллана гэж бодож байгаа. Мэргэжлээрээ хичээнгүйлэн ажиллах болно.
Б.Намуун: Манай сургуулийн сувилахуйн ангийг дүүргэсэн оюутнууд уламжлалт, европ аль аль чиглэлээр нь ажиллах боломжтой сувилагч болж төгсдгөөрөө давуу талтай
Оточ Манрамба Их сургуулийн төгсөгч Б.Намуун
Тангарагаа өргөөд сувилагч болно гэдэг үгээр хэлэхийн аргагүй их баяр. Манай сургуулийн сувилахуйн ангийг дүүргэсэн оюутнууд уламжлалт, европ аль аль чиглэлээр нь ажиллах боломжтой сувилагч болж төгсдгөөрөө давуу талтай. Бид ийм чадварлаг мэргэжилтэн болж төгссөн гэдэгтээ итгэлтэй байна. Багш нартаа маш их баярлалаа.
М.Болор-Эрдэнэ: Тангараг өргөж байхдаа хамаг амьтны тусын тулд энэрэнгүй сайн эмч болно гэж бодож байлаа
Оточ Манрамба Их сургуулийн төгсөгч М.Болор-Эрдэнэ
Сургуулиа төгсөөд төгсөлтийн баяраа хийж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Зургаан жил урт хугацаа мэт санагдавч сурч боловсроход үнэхээр богино хугацаа. Тангараг өргөж байхдаа хамаг амьтны тусын тулд энэрэнгүй сайн эмч болно гэж бодож байлаа. Цаашид сургуультайгаа холбоотой байж, эрдмийн зэргээ ахиулан суралцах болно.