Манба Дацан төв Болгарын Медика групптэй хамтран ажиллахаар боллоо

 

Болгарын Медика группийн захирал доктор Kiril Panajotov Panajotov, Alice Murtezova болон Русэ хотын АУ-ы их сургуулийн багш доктор, профессор Kamen Petrov Milkov нарын зочид төлөөлөгчид Манба Дацан төвд энэ сарын буюу тавдугаар сарын 15-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Болгарын Медика групп нь Манба Дацан төвтэй хамтран ажиллаж, Манба Дацан төвийн салбарыг Болгарт нээх хүсэлтээ тавьсаны дагуу энэ удаагийн ажлын айлчлалаар хэрхэн хамтран ажиллах талаараа нарийвчлан ярилцан тохиролцох юм.

Медика групп нь Болгартаа томоохонд тооцогдох орчин цагийн эмнэлгийн төв бөгөөд хөдөлгөөн эмчилгээ, реплекс эмчилгээ, шавар эмчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 салбар эмнэлэгтэй. Тиймээс Медика групп нь монголын уламжлалт анагаах ухааныг өөрийн эмнэлгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зориод байгаа аж.

Манба Дацан МУЭСТ болон Медика группийн хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд хоёр байгууллагын эмч мэргэжилтнүүдийг солилцон сургаж, ажиллуулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд дараа дараагийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол эмийн үйлдвэрийг Болгарт байгуулах, оюутан солилцох, судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийх ажлуудыг шийдвэрлэх юм.

Айлчлалын хүрээнд өнөөдөр Медика группийн захирал доктор Kiril Panajotov Panajotov, Русэ хотын АУ-ы их сургуулийн багш доктор, профессор Kamen Petrov Milkov нар Оточ Манрамба Их сургуулийн оюутнуудад лекц уншлаа.

Русэ хотын АУ-ы их сургуулийн багш доктор, профессор Kamen Petrov Milkov хүнсний аюулгүй байдал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар болон хүнсний аюулгүй байдлын талаар Европын холбооны стандарт шаардлагын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ 2040 он гэхэд хүн төрөлхтөний хүнсний хэрэглээ 40 орчим хувиар өсөх хандлагатай байгаа бөгөөд үүнд Европын холбоо ихээхэн анхаарал хандуулж байгааг онцолж байв. Тиймээс 2002 онд байгуулагдсан Италид төвтэй Хүнсний аюулгүй байдлын комисс энэ тал дээр ихээхэн анхаарч, хяналт шалгалтыг нарийн явуулж байгаа аж. Шалгалтын хүрээнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор хөнөөл учруулж болзошгүй эсэхийг нягтлан баталдаг байна. Европод 200 гаруй зөвшөөрөлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдаг аж. Түүнчлэн европийн хүн амд тохиолдоод байгаа хамгийн том асуудал бол таргалалт, чихрийн жишин гэдги йг мөн онцолж байлаа. Тиймээс ч хүнсний салбарт инноваци хийх асуудлыг чухалчилж, сахарыг орлуулах төрөл бүрийн амттан, шинэ төрлийн хоолнуудыг нарийн хяналтан дор гарган авч байгаа аж.

Харин Медика группийн захирал доктор Kiril Panajotov Panajotov Медика группийн үйл ажиллагаа болон Болгарт хийгддэг байгалийн нөхөн сэргээх эмчилгээнүүдийн талаар лекц уншлаа. Болгар улс нь байгалийн рашаанаараа алдартай бөгөөд энэ чиглэлийн эмчилгээ үйлчилгээ маш их хөгжсөн улс юм. Тиймээс ч тус улсад жилд 12 сая жуулчин ирдэгийн цөөнгүй хувь нь эмчилгээний аялал жуулчлалыг хийдэг байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *