Уламжлалт анагаах ухааны хөгжилд Оточ Манрамба Их сургууль их хувь нэмэр оруулж байна

Оточ Манрамба Их сургуулийн анхны багш нарын нэг гавж Б.Цэрмаа гуайтай ярилцлаа. Тэрбээр Шашины Их сургуулийн багшаар ажиллаж байсан бөгөөд Оточ Манрамба Их сургуулийн анхны оюутнуудад Ламрим зааж байсан юм.

-Та Оточ Манрамба Их сургуулийн анхны багш нарын нэг. Оточ Манрамба Их сургуульд багшилж байсан үеэ дурсахгүй юу?
-Би 1996 онд Оточ Манрамба Их сургуулийн анхны оюутнуудад ламрим зааж байсан юм. Ламрим бол амьтан бүгдийг эгэлд жаргаах ном. Ламрим үзсэн хүн сэтгэлээ сайн судалдаг, муу үйлийг орхидог. Муу сэтгэл, шунахайрах, уурлах, тачаах, омогдох, атаархах, гутрах, гуних сэтгэлийн үр дагаварт дандаа зовлон гардаг. Үүнийгээ эхлээд дарж зөв үйл хийж байж түүний дараа жаргал ирдэг. Сэтгэл зөв байж, ажил зөв байснаар жаргал ирнэ. Сэтгэл буруу, үйл буруу байвал зовлон гардаг, ийм л дэс дараатай. Үүнийг сургадаг ном нь ламрим юм. Энэ номыг үзсэн хүн энэрэн хайрлах, нигүүлсэнгүй үзэлтэй хүн болж төлөвшдөг. Тиймээс Хамба лам Д.Нацагдорж оюутнуудаа зөв сэтгэлтэй болгох гэсэндээ хичээлийн хөтөлбөртөө ламрим оруулсан байх. Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд одоо ч номоо сайн үзэж, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй эмч болж төгсч байгаад баяртай байна.
-Оточ Манрамба Их сургуулийн сургалтын онцлогийн талаар та юу хэлэх вэ?
-Анагаах ухааны номыг монгол, англи, латин, түвд гээд ямар ч хэлээр үзэж болно л доо. Гэхдээ Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд уламжлалт анагаах ухааны онол шүнг түвд хэл дээр үзэж байгаа нь их давуу байна. Бурхан багш одоогоос 3000 жилийн өмнө эмийн ном айлдсан. Үүнийг үе улируулан ирсэн эх сурвалж бичгээс түвд хэлнээс нь судална гэдэг мэдээж хамгийн том давуу тал. Эмийн, жорын олон ном судар түвд хэл дээр бий. Дээрээс нь эмч хүнд асрах нигүүлсэнгүй сэтгэл, бодийн сэтгэл их чухал. Үүнийг анх байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл оюутнууддаа зааж сургаж байгааг би үргэлж сайшаадаг. Эмчийн сэтгэл сайн бол өвчин эдгэхдээ хурдан гэдэг шүү дээ.
-Уламжлалт анагаах ухааны хөгжил ямар түвшинд байна вэ?
-Уламжлалт анагаах ухаан монгол оронд өргөн дэлгэрсэн. 1937 оноос Их хэлмэгдүүлэлтийн үеэр эмч нарыг хэлмэгдүүлж, номыг нь шатааж, уламжлалт анагаах ухаан нэг хэсэг тасарсан гэж хэлж болно. Олон мянган жил хүн ардыг эмчилсэн туршлагатай ана-гаах ухаан шүү дээ. Ингэж тасарсан байсныг нь харин 1990 онд Хамба лам Д.Нацагдорж маань сэргээж, дахин хөгжиж эхэлсэн. Уламжлалт анагаах ухаан дэлхий даяар хүчтэй хөгжиж, Хятад улс уламжлалт анагаах ухааны судалгаа шинжилгээг түлхүү хийж, үр дүнг дэлхий нийтэд мэдээлж байна. Монголд бол энэ салбарт Оточ Манрамба Их сургууль, Манба Дацан төв амжилттай ажиллаж, уламжлалт анагаах ухааны хөгжилд маш их хувь нэмэр оруулж байна. Эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэр, хийд гээд уламжлалт анагаах ухааны цогцолбор байгуулан 27 жил үйл ажиллагаа явуулж, олон хүнд буян болж байна шүү дээ. Би саяхан Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд гарлаа. Манба Дацан эмнэлэг олон хүнийг илааршуулж, их буян хийж байгаа газар.
-Одоо Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид салбарынхаа хөгжилд гар бие оролцоод явж байна. Та шавь нарынхаа ажил үйлсийг харж, дэмжиж явдаг уу?
-Тэгэлгүй яахав. Миний анх хичээл орсон шавь нар бүгдээрээ энэ салбартаа эмч, багш хийгээд амжилттай сайхан явна. Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал Г.Одонцэцэгийн ангид “Их бодь мөрийн зэрэг” хичээлийг түвд хэл дээр орж байсан юм. Одоо тэдний ангийнхан гадаад, дотоодод эмнэлэг байгуулаад, эмчээрээ ажиллаад уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцоод, манлайлаад явж байна. Энд шавиараа оношлуулж, эмчлүүлээд жинхэнэ шүнгийн эмч болсныг нь мэдлээ. Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид хөдөө орон нутагт их ажиллаж байна. Төгсөгчид маань орон нутгийн иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байгаад нь талархдаг. Манба Дацан эмнэлгийн чадварлаг, залуу эмч нар ч Оточ Манрамба Их сургуулийг төгссөн юм билээ. Уламжлалтын олон эмнэлэг байна. Тэд тариа, дусал хийгээд, уламжлалтын эм тангаа ч өгөөд холиод явдаг бол Манба Дацан эмнэлэг уламжлалтын эмчилгээгээрээ дагнасан үйл ажиллагаа явуулж байгаа нь их үр дүнтэй байгааг харлаа. 8 давхар эмнэлэг, сургуулийн хоёр барилгыг ашиглалтад оруулж, сайн эмч бэлтгэж, уламжлалтын эмчилгээ үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж, монгол эм тангаа өөрсдөө үйлдвэрлэж, хурлын гүрэм номоо хийгээд ард түмэндээ үйлчлээд явж байгаа нь бодьсадва нарын л ажил байх. Тиймээс Оточ Манрамба Их сургуулийн багш, ажилчид, Манба Дацан эмнэлэг, эмийн үйлдвэрийн эмч мэргэжилтнүүд, Манба Дацан хийдийн лам хуврагуудынхаа буянд даган баясаж, ажил үйлс нь бүтэж, дэлгэрч байхын ерөөлийг өргөе.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *