“Сэрдог Арур” эмнэлгийн захирал, уламжлалт анагаах ухааны их эмч З.Оригтой өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай ярихаасаа өмнө эхлээд өвчин хэрхэн үүсдэг талаар ярилцая?
-Өвчин гэдэг бол зовлон. Зовлон нь нүгэлээс үүсдэг. Нүгэл бол буруу дадал. Буруу дадал гэдэг нь буруу хооллолт, буруу явдал мөр хоёр юм. Тэжээхүй ухаанд өвчнийг үүсгэх шалтгааныг мунхаг сэтгэл гэж үздэг. Мунхаг сэтгэл нь хүний биетэй хамт төрдөг бөгөөд энэхүү мунхаг сэтгэлээс хүсэл тачаал, уур хилэн, мунхаг тэнэг гэсэн гурван хорт муу сэтгэл төрдөг. Энэхүү хорт сэтгэлээс л буруу дадал үүсдэг. Жишээ нь, муу сэтгэлээ захирч чадахгүй, байнга тостой хуушуур идсэнээр өвчин үүсгэх идээ ундны нөхцлийг бүрдүүлдэг. Сэтгэлээ захирч чадваас байнга хуушуур идэх гэсэн хүслээ хааж, өвчин үүсгэх идээ ундны нөхцлийг ч мөн адил хаана гэсэн үг. Өвчний ойрын шалтгаан болсон хий, шар, бадган ч хүний биетэй хамт төрдөг. Жишээ нь, элэг хүний биед байх нь элэгний өвчний шалтгаан болно. Хэрэв биед элэг байхгүй бол элэгний өвчин үүсэхгүй шүү дээ. Өвчний шалтгаан хүний биед хамт байдаг бол ямар нөхцлөөр үүсдэг вэ гэдэг нь чухал. Идээ унд, явдал мөр, цаг улирал, ад нь өвчин үүсгэх гол дөрвөн нөхцөл юм. Адын хорлолыг орчин үеийн шинжлэх ухаанд тодорхойлох боломжгүй. Үүнийг тодорхойлох, засахад маш өндөр түвшний мэдлэг чадвар шаардлагатай. Өөрөөр хэлбэл буддын сургаалын бусад ухаанд сайтар суралцах хэрэгтэй гэсэн үг.
-Өвчин үүсгэх нөхцлийг анхаарах нь өвчнөөс сэргийлэхэд их чухал байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Өөрийн идээ унд, явдал мөрөө чухалчлан анхаарах хэрэгтэй. Манай монголчууд идэж байгаа хоол, ууж байгаа эмэндээ хорддог. Социалист нийгмийн үед ийм олон эмнэлэг, эмийн сан байгаагүй. Тэр үед ард иргэд харьцангуй эрүүл байсан. Гэтэл одоо анагаах ухаан ингэтлээ хөгжсөн, эм тан ийм их болчихоод байхад хүмүүсийн өвчлөл улам ихсэж байна. Үүний шалтгаан бол ерөөсөө л буруу хооллолт, буруу явдал мөр юм. Идээ ундыг нар шингээгүй байхад хэрэглэвэл зохистой. Мөн урьд идсэнээ шингээгүй байхад дараагийн хоол ундыг зооглох, өглөө өлөн гарах, хоолны араас шингэн их уух зэрэг нь идээ ундны буруудал юм. Хооллосны дараа гэдэс, доогуураа даарах, салхи авах зэрэг нь гадаад явдал мөр буруудах, гэр болон ажил дээрээ стресстэй байх нь дотоод явдал мөр буруудсаных бөгөөд эдгээр нь хорвоо ертөнцийг эс танисных юм. Тиймээс эрүүл болгоход нөлөөлөх хоёр гол нөхцөл болсон идээ унд, явдал мөрийг хамгийн сайн анхаарах ёстой. Үүнийг ойрын хугацаагаар гам, дундын хугацаагаар дэглэм, холын хугацаагаар дадал гэж хэлдэг. Гам, дэглэм, дадал гэдэг нь цаг хугацааны хувьд наана цаана байгаагаас биш нэг л утгатай. Идээ унд, явдал мөрөө анхааран дадуулж чадах л юм бол бидний монголчууд эрүүл саруул байх болно.
-Идээ унд, явдал мөрийг хэрхэн анхаарах вэ?
-Бидний өвөг дээдэс харьцангуй хор багатай хоол идэж, хагас өлсгөлөнгийн байдалтай байсан. Зун бол бараг мах идэхгүй. Дээр үед бид хуушуур, цуйван зэрэг хүнд хоолыг бараг жилдээ, улиралдаа л нэг иддэг байсан. Гэтэл одоо өдөр бүр хуушуур, цуйван иддэг хүн байна. Тэр бүү хэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол байнга иддэг хүмүүс ч бий. Энэ нь өөрөө өвчин үүсгэх гол нөхцөл болчихоод байгаа. Бид дадал зуршлаа өөрчилж чадвал эрүүл байх боломжтой. Урьдчилан сэргийлэх аргыг энд шингээж өгөх хэрэгтэй. Ер нь өвөл хүнд хоол идэж, зун нь хөнгөн хоол иддэг. Өвлөөс зун руу шилжих үед хоолоо аажим хөнгөрүүлж, зунаас өвөл рүү хоолоо аажим хүндрүүлдэг юм. Явдал мөрт өвөл нь дулаан байх, зун нь сэрүүн байх, өвлөөс зун шилжих хаврын цагт салхи авахуулахгүй дулаан байх, зунаас өвөл шилжих намар цагт өлчир байх хэрэгтэй. Бид нэгэнт идэж байгаа хоол, ууж байгаа эмэндээ хорддог тул биед байгаа хорыг гадагшлуулах ёстой. Энэ бол өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал арга.
-Биед байгаа хорыг хэрхэн гадагшлуулах вэ?
-Уламжлалт анагаах ухаанд арилгах эм гэж бий. Туулга, бөөлжүүлэг, хамрын туулга, зөөлөн шимт, нируха, судсан туулга зэрэг зургаан зүйл арилгах эм байдаг. Эдгээр эмчилгээг хийснээр биед байгаа хорыг маш сайн гадагшлуулдаг. Тухайлбал, хавар нь бөөлжүүлэг, намар нь туулга гэх зэргээр хийж болно. Европ анагаах ухаанд арилгах эм (хордлого тайлах дусал тариаг эс тооцвол) бараг байдаггүй, ихэнхдээ амарлуулах эм байдаг. Хүний бүх өвчнийг хоёр хувааж болно. Халуун чанарын өвчинд артерийн даралт ихсэлт, харвалт, халуурах бүхий л өвчин, халдварт өвчин, сахарын өвчин, цусны өвчин гэх мэт, хүйтэн чанарын өвчинд хоол эс шингэх зэрэг дотрын бүх өвчин, цайвар болон суваг, усан хаван, хортой, хоргүй хавдар, махан болон цусан, чулуун, усан бэтэг буюу миома, цөсний чулуу, киста гээд тоолшгүй олон өвчин хамрагддаг. Халуун чанарын ихэнх өвчнийг намар цагт хэвлийн туулгаар доош нь арилгадаг бол хүйтэн чанарын ихэнх өвчнийг дээш нь бөөлжүүлж арилган, дээрх өвчнүүд үүсэхээс бүрэн сэргийлж болох юм. Чухам үүнийг л эрүүл мэндийн нийтийн боловсролд шингээж өгвөл их тусаа өгөх нь гарцаагүй. Хүмүүс “цөс угаах” гэж ярьдаг нь хэвлийн туулга шүү дээ. Хэвлийн туулга ямар ач холбогдолтойг иргэд тэр бүр мэдэхгүй, “цөс өтгөн байна гэсэн, цөсөө угаалгая” гэсээр орж ирдэг. Цөсөнд чулуу, холестрол, ургацаг бий эсэх, өтгөн байх зэргийг тодруулахаас бус “цөс угаах”-ыг ЭХО-ны эмч зөвлөх учиргүй. Хэвлийн туулга нь дангаараа эмчилгээ биш, эмчилгээний нэгээхэн хэсэг юм шүү дээ. Сүүний шар усаар туулгаад чулуунаас сэргийлэх бус, харин ч чулуутай болсон улсууд олон байдаг тул “цөс угаах” буюу хэвлийн туулгыг зөвхөн уламжлалт анагаахын мэргэжлийн эмч нар л зөв технологиор нарийн хийдэг юм шүү.
-Хаврын улиралд ямар идээ унд, явдал мөрийг сахих вэ. Мөн хавар хийдэг бөөлжүүлэг эмчилгээний тухай мэдээлэл өгөхгүй юу?
-Монголчууд улирлаас хамаараад хоол ундаа өөрчлөх учиртай. Өвөл хүнд хоол иддэг бол хавар хоолоо хөнгөрүүлэх ёстой. Гэтэл одоо бид өвөл иддэг хоолоо хавар идээд байна шүү дээ. Хавар хүний арьсны нүх сүв онгойж, дотор дулаан гадагшилдаг. Ингэснээр ходоодны шингээлт муудаж, өвөл иддэг хүнд хоолоо шингээж чадахаа больдог. Ходоодны галын илч доройтсоноос хоолны шингээлт мууддаг учраас галын илчийг сайжруулахын тулд хавар заавал бөөлжүүлэг хийх учиртай. Бөөлжүүлэг гэдэг нь ходоод угаана гэсэн үг. Ходоодыг угааж байж ходоодны бадган салсыг арилгаж, хоолны шингээлтийг сайжруулна. Хүн байгальтай махбодын хувьд ойролцоо байдаг. Тиймээс хавар ургадаг ургамал бөөлжүүлэх үйлдэлтэй, намар ургадаг ургамлууд туулгах үйлчилгээтэй. Өвөл мах иднэ, хавар тариа будаа, зун цагаан идээ, намар жимс ногоо гээд байгаль дэлхий дээр гарч байгаа хоол хүнсийг тухайн цаг үед нь л түлхүү хэрэглэх ёстой. Намар гүүний саам гардаг нь туулгах учиртайг зааж байгаа хэрэг. Бөөлжүүлэг заслын тухайд ходоодыг хамгаалах зорилготойгоор эрүүл хүн жилд нэг удаа хийлгэх учиртай. Гэхдээ одоо бид байнга цатгалан, ходоод байнгын ажиллагаатай байгаа болохоор хаврын сардаа гурван удаа бөөлжүүлэг хийлгэвэл зохино гэж боддог.
-Хавар витаминжуулалтын аян гэж өрнөдөг. Энэ ер нь хэр зохистой юм бол. Уламжлалт анагаах ухаанаар биеийн тамир, дархлааг хэрхэн сайжруулах вэ?
-Зөв амьдарвал дархлаа аяндаа тогтдог. Хүмүүс өөрсдөө дархлаагаа эвдэх юмыг хэрэглэж байна. Бидний идэж байгаа хоол, явж байгаа явдал суудал дархлааг дэмжих учиртай. Гэтэл бид буруу хэвшлээр амьдарч дархлаагаа эвдчихээд түүнийгээ эмээр нөхөөд байна шүү дээ. Бидний өвөг дээдэс дархлаагаа яаж сайжруулдаг байсан юм. Тэд эрүүл зөв амьдрах ёсыг мэддэг байсан учраас витаминтай, витамингүй эрүүл л байсан шүү дээ. Зарим нэг төрөлхийн суурь өвчтэй хүмүүст витамины дэмжлэг үзүүлэлгүй яахав. Түүнээс биш хавар витаминжуулалтын аян гэж өрнөхөөр түүнийг нь хүмүүс дураараа авч уугаад байх нь зохисгүй. Хамгийн гол нь дархлаа, тамираа сайжруулахын тулд идээ унд, явдал мөрөө хамтад нь анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс зөвхөн хоол ундандаа анхаараад явдал суудлаа анхаардаггүй. Зарим нь фитнест явж эрүүл сайхан болно гэдэг мөртлөө хооллолтон дээрээ анхаардаггүй. Идсэн хоолоо зөв шингээхийн тулд зохистой хөдөлгөөнтэй байх ёстой. Гэтэл бид одоо хөдөлгөөн багатайгаас гадна, нар гараагүй байхад ажил дээрээ ирээд, нар жаргасан хойно гэртээ харьдаг, буруу хооллодог ийм л буруу хэвшилтэй. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл, өлсөх мэдрэмж төртөл хоолоо сойгоод, хөлс гарах төдий алхахаа дадуулж чадвал дархлаа аяндаа сайжирдаг. Өглөөний цайг заавал уух хэрэгтэй. Мөн бүжиг зэргээр хөлсөө гаргавал их зүгээр санагддаг юм. Хүний тамир өөрөө нөхөгддөг зүйл шүү дээ.
-Та уламжлалт анагаах ухааны “Оточ Манрамба” дээд сургуулийг /Их сургууль/ төгссөн. Сургуулийнхаа онцлог, давуу талын талаар ярихгүй юу. Сургуульдаа сурсан эрдэм таны эмчээр ажилласан арван зургаан жилд хэрхэн тусаа өгсөн бэ?
-Миний амьдралд хоёр том аз тохиосон. Нэг нь Монгол газраа, Дорнод аймагт сайн аав, ээжийн хүү нь болж төрсөн явдал. Хоёр дахь нь “Оточ Манрамба” дээд сургуульд суралцаж төгссөн нь миний хоёр дахь том аз гэдг
ийг би суралцаж байх хугацаандаа ойлгож мэдээгүй ч сүүлд ажил амьдрал дээр гарсан хойноо сайтар ухаарч ойлгосон юм. Хүний амьдралд хоёр ном байдаг. Нэг нь, ертөнцийн хүний ном, нөгөө нь, дээдийн ном. Дээдийн ном нь хүн өөрөө хичээгээд чадал нь хүрдэг л юм бол бурхан болгодог ном. Ертөнцийн ном нь хоолоо олж иддэг ном. Анагаах ухаанд суралцана гэдэг нь хоолоо олж идэх ертөнцийн номонд суралцана гэсэн үг. Гэвч бид энэхүү ертөнцийн номыг дээдийн номонд урвуулах боломжтой. Тэжээхүй ухаан буюу уламжлалт анагаах ухааны ном бол дээдийн ном. Хүнийг засч, бурхан болгодог ном. Миний энэ номыг үзсэн болон буддын шашинтай учирсан нь хамгийн том аз. Оточ Манрамба Их сургууль нь бусад уламжлалт анагаахын их, дээд сургуулиудаас юугаараа ялгаатай вэ гэвэл ерөөсөө уламжлалт анагаах ухааны номыг урьдын маарамба нарын ном үздэг ёсоор нь сургадагт байгаа юм. Эртний маарамбууд ямар ном үзэж ямар хэмжээнд хүрсэн юм, бид тийм л номыг үзэж, тийм л хэмжээнд хүрэх учиртай. Тэгж байж л амьтан хүнд гүйцэд тусыг үзүүлнэ шүү дээ. Тиймээс ч бидний хэдэн нөхөд сургуулиа төгсөөд ажил дээр гарсан ч номоо үргэлжлүүлэн үзэхийн тулд 2010 онд Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчдийн холбоо, дараа нь “Тэжээхүй ухаан” төрийн бус байгууллагыг байгуулсан.
-Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд түвд хэл үздэг нь тэрхүү эртний маарамбуудын бичиж үлдээсэн ном судрыг өөрсдөө уншиж судлах боломжтой болдогоороо бас давуу байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Түвд хэл нь өөрөө номын хэл юм шүү. Эртний маарамбууд ч түвдээр номоо үзэж, бүтээлээ туурвицгаасан. Өнөө цагийн уламжлалтын эмч нар түвдээр ном үзэхгүй л бол тэжээхүй ухаан хөгжих боломж багатай. Бид түвд хэл дээрх эртний судрыг уншиж судалж байгаа нь найдвартай эх үүсвэрээс суралцаж байна гэсэн үг. Судрын хэвлэлт эртнийх байх тусмаа алдаагүй, сайн байдаг. Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд найдвартай эх сурвалжаас онолоо үзэж байна гэдэг нь хамгийн том давуу тал, нөгөө талаараа номыг ёсоор нь үзэж байж шүнгийн эмчийн аймагт харьяалагдана. Үгүй бол хичнээн чадварлаг байсан ч жорын эмчийн аймгаас үл хэтэрнэ. Монгол болон Өвөр Монголд түвд хэлнээс болон монгол бичгээс алдаагүй хөрвүүлсэн ном дэндүү цөөхөн байдаг. Тиймээс түвд хэлгүйгээр уламжлалтын сайн эмч болох боломж бага шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2017 он №04 (32)