Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг СБД-ийн иргэн Б.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 20 гаруй жил уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, эрүүл зөв амьдрах арга ухаанд суралцаж яваа хүн юм.
-Та анх Манба Дацан эмнэлэгт ирж байсан тухайгаа ярихгүй юу?
-Би 1985 онд цэрэгт байхдаа нуруундаа хүнд гэмтэл авч, хэдэн жилийн дараа улам хүндэрч нуруугаар идээлэн, бүсэлхийнээс доош мэдээгүй болсон. Нүд, хамар хоёроос бусад бүх бие идээ татчихсан, хэвтэрт үхэхээс өөр зүйл бодогдохгүй байлаа. Тухайн үед эмч нар намайг эмчилгээгүй гээд гэрт минь гаргаж байсан юм. Тэгэхэд хамаатны маань хүн “Хүүхдийн хоёр” гэж нэрлэгддэг СБД-ийн нэгдсэн эмнэлэгт Д.Нацагдорж гэж сайн эмч байна, тэр хүнд үзүүл гэсний дагуу хоёр хүнээр түшүүлээд очиж байлаа. Тэр үед 1991 онд Д.Нацагдорж хамба багш маань Түвдээс дөнгөж төгсч ирээд Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг дээр эмнэлгээ байгуулчихаад байсан юм. Бүх бие идээ татсан, эмнэлгүүдээс эмчилгээгүй гэсэн хариу сонссон би Хамба багш дээр сүүлчийн найдвараа тээж очсон. Тэгэхэд багш маань намайг үзчихээд “Би чамайг эдгээнэ ээ, хамгийн гол нь миний эмчилгээнээс гадна чиний эдгэнэ гэсэн сэтгэл чухал. Хоёулаа хамтарч энэ өвчнийг дарна” гэж хэлсэн юм. Тэгээд л Хамба багшаараа эмчлүүлээд зургаан сар болоход миний нүүрний идээнүүд бүгд арилж, нурууны том цэлцийсэн идээ багассан. Жилийн дараа 1992 оны дөрөвдүгээр сард багш минь “За энэ өвчний их уурхай нь ямар ч эм танд дарагддаггүй юм, үүнийгээ авахуулчих” гэж байсан. Тэгээд бие минь илааршиж сайхан болсон ч би хүнд хүчир ажил хийснээс болж нурууны өвчин маань дахин сэдэрч, 2000 оны үед дахиад багш дээрээ ирсэн. Суга таягтай очсон намайг дахиад л багш минь эмчилж хөл дээр минь босгосон. 2008 оноос багш минь ажил ихтэй болж, шавь Б.Баттөмөр эмч дээр үзүүлэхийг зөвлөсөн.
-Таныг эмнэлгүүд эмчилгээгүй гэж байхад сэтгэл санаагаар их унасан байх. Уламжлалт анагаах ухаан хүний биеийг эмчлэхээс гадна сэтгэлийг эмчилдэг гэдэг. Уламжлалт эмчилгээ таны сэтгэлзүйд яаж нөлөөлсөн бэ?
-Анх очиж үзүүлэхэд Хамба багш маань “Би чамайг эдгээнэ, эмчилнэ” гэж хэлэхээс эхлүүлээд би өвчнөө ялан дийлэх урам зоригтой болсон. Тэгж хэлж байсныг нь би одоо хүртэл мартдаггүй. Багштайгаа жил бүр ирж золгохдоо та надад тэгж хэлж, намайг дахин төрүүлсэн шүү гэж баярласан талархсанаа илэрхийлдэг юм. Уламжлалт анагаах ухаан зөвхөн эм, эмчилгээгээр эмнээд зогсохгүй сэтгэлзүйг нь эмчилдэг учраас өвчний эдгэрэлт хурдан явагддаг. Өвчтэй хүн сэтгэл санаагаар унаад байвал эдгэрэлт удаан явагдана, өөдрөг байвал хурдан эдгэнэ. Би үүнийг өөрийн бие дээр мэдэрсэн хүн. Хичнээн хөнгөн өвчтэй хүн байсан ч сэтгэл санаагаар унаад байвал эмчилгээ сайн нөлөөлөхгүй шүү дээ. Тэгэхээр дан ганц эм, засал эмчилгээ хийхээс илүүтэй сэтгэл заслыг чухалчилж үздэг нь уламжлалт анагаах ухааны хамгийн том давуу тал.
-Одоо таны бие ямар байна?
-Олон жил эмчлүүлсэн. Гурван үе ямар ч мэдээгүй, шохойжилттой болсон. Одоо таяггүй явж байна. Үе үе Б.Баттөмөр эмч дээрээ очиж үзүүлээд, эрүүл зөв амьдрахыг л хичээж байна. Ер нь хүн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм билээ. Гэтэл хүмүүс биеэ бодохгүй, буруу хэмнэлээр амьдарч, өвдсөн хойноо ч анхаарахгүй явж явж, олон эмнэлэг дамжсаны эцэст амьсгаа хураахын наагуур гомдлын мөр гээд Хамба багш дээр ирдэг. Тийм үед ирсэн ч багш цаашаа гэдэггүй, энэ хүний бие, сэтгэлд хүч өгчих юмсан гэсэн сэтгэлээр ханддаг. Би багшийгаа их хүндэлж, шүтдэг. Уламжлалт анагаах ухааныг социолизмын үед дараад болохгүй, бүтэхгүй мэтээр ойлгуулсан. Тиймээс манайхан үүнийг сайн ойлгохгүй байна. Хамба багш маань уламжлалт анагаах ухааны ач тусыг хүмүүст ойлгуулахын тулд дахин сэргээж 1990 оноос хойш өдийг хүртэл зүтгэлээ. Багшийн минь зүтгэл, сүсэгтэн олны буянаар сайхан сургууль, эмнэлэг, эмийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, уламжлалт анагаах ухааныг сайхан хөгжүүлж байна. Над шиг яахаа мэдэхгүй төөрөлдсөн хүмүүст буян болж, тус болох юм сан гэж би танай сонинд хандаж, ярьж байгаа юм.
-Та 20 гаруй жил Манба Дацан эмнэлгээр үйчлүүлсэн хүн. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдрах талаар маш их мэдлэгтэй болсон байх?
-Тиймээ, би Хамба багшийн хамгийн анхны үйлчлүүлэгчдийнх нь нэг. 27 дахь жилдээ Хамба багшийнхаа ач буянаар, уламжлалт анагаах ухааны ач буянаар өдий зэрэгтэй явж байна. Би анх тан ууж байхдаа гам барина гэдгийг мэддэггүй байлаа. Тан өвчнийг хөдөлгөдөг. Тэ-гэхээр урьд нь байсан өвдөлтөөсөө илүү өвдөөд эхлэхээр манайхан айчихдаг. За энэ чинь надад таарахгүй юм байна, болохгүй юм байна, болъё гээд больчихдог. Тан өвчнийг хөдөлгөөнд оруулчихаад хөдлөөд эхлэхээр нь барьж авч эдгээдэг. Тиймээс тан үйлчлээд эхэлж байхад нь өө энэ бүр их өвдөөд байна гээд орхичихож болохгүй. Эмчийн зөвлөгөөг сайн дагаж, эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэвэл хурдан эдгэрдэг. Эмч архи ууж болохгүй, өөх тостой хоол идэж болохгүй гэсэн бол түүнийг л дагах хэрэгтэй. Гэтэл хүмүүс болохгүй гэснийг нь хийж, идээ унд, явдал мөрөө буруудуулдаг. Энэ чинь өөрийгөө хорлож байгаа хэрэг. Би нэг мэргэн үг сонссон юм. Өөрөө өөрийгөө хорлосон хүний тоо, өрөөл бусдад хорлогдсон хүний тооноос их байдаг гэж. Энэ үнэхээр үнэн үг. Өдөр болгон хүн намайг хорлохгүй. Гэтэл хүн өдөр бүр өөрийгөө хорлодог. Өөх тостой хоол иднэ, уурлана бухимдана, архи тамхи хэрэглэнэ. Тэгсэн мөртлөө өөрийгөө хорлож байгаагаа мэддэггүй. Эмчилгээний үр дүнг сайн байлгахын тулд эмчийн зааврыг дагаж, гам сайн баривал ямар ч өвчин эдгэдэг. Ямар ч өвчин эдгэдэг юм шүү.
-Уламжлалт анагаах ухааны давуу тал, онцлогийн талаар та юу гэж боддог вэ?
-Европын анагаах ухаан бөөр, зүрх, элэг гэж тус тусад нь авч үздэг бол уламжлалт анагаах ухаан таван цул, зургаан сав эрхтэнээр нь хөөж эмчилдэг. Хоёрдугаарт, европын анагаах ухаанд минийх шиг ясны, архагшсан өвчинд хагалгаанаас өөр арга хэмжээ байдаггүй. Харин уламжлалт анагаах ухаан ясны бүтэц, мэдрэлийн судас, бүх нарийн судсуудыг битүүрсэнийг гаргаж, дарагдсаныг нь суллаж байж тэр өвдөлт, өвчин зовиурыг эдгээдэг. Би европын анагаах ухааныг муулж байгаа хэрэг биш шүү. Европын анагаах ухааны эмчилж чадахгүй байгаа олон өвчнийг уламжлалт анагаах ухаан эмчилж, эдгээж байгааг л хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин 2017 он №04 (32)