Бөөлжүүлэг эмчилгээ хийлгэж өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой

Аливаа өвчний орших орон, бэлгэ чанарыг нягтлан түүнд аль зохицох ерөндөг эмийг шүтүүлж, өвчний урхагийг биеэс гадагшуулан анагаахыг арилгах үйл гэдэг. Арилгаж үйлдэх таван үйлийн дотроос дээд биеийн өвчнийг арилгах үйлийг бөөлжүүлэг гэх бөгөөд ялангуяа бадган өвчний үед бөөлжүүлэг эмчилгээг хийдэг.
Бөөлжүүлэг эмчилгээг хаврын улиралд хийх бөгөөд учир нь өвлийн сүүл сард бадган хурж, хаврын улиралд галын илч доройтож, бадган өвчин босох тул бөөлжүүлэг эмчилгээг хийж, өвчнөөс сэргийлнэ.
Энэхүү эмчилгээг тамир барагдсан, хийн өвчин, хорхой, шамбрам, цанх өвчинтэй, хэтэрхий өндөр настан болон 8-с доош насны хүүхдэд хийж болохгүй. Харин идээ эс шингэсэн, ходоодны бадган салс арвидсан, аюулхай, идээний бэтэг, хүйтэн цанх, ходоодны өвчнүүд, бадган шартай хий холилдсон толгойн өвчин, хоолны дуршилгүй болсон зэрэг өвчний үед бөөлжүүлгийг хийдэг. Мөн эрүүл хүн ч хаврын улиралд нэг удаа бөөлжүүлэг хийлгэснээр бадганы өвчнүүдээс сэргийлэх боломжтой.
Бөөлжүүлэг эмчилгээг тусгай бэлтгэсэн бөөлжүүлэх чадалтай эмийн найрлагыг ууж, жамц давс, эсвэл харуца давстай буцалсан усаар ташуур болгон угааж цэвэрлэдэг тул уламжлалтын мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгэх нь зүйтэй. Тиймээс та уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хандаж энэхүү эмчилгээг хийлгэх боломжтой. Бөөлжүүлэг эмчилгээ нь нүд, чих, хамар, хэл, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн таван эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, бадган салсыг цэвэрлэн, ходоодны галын илч буюу ходоодны шингээх чадварыг сайжруулж, таргалалтыг бууруулах ач холбогдолтой. Мөн амны эвгүй үнэр арилж, бие хөнгөрч, тунгалгын галын илч сайжирдаг.
Бөөлжүүлэг хийсний дараа болон хаврын улиралд хөнгөн, ширүүн идээ унд гашуун, халуун, эхүүн амттай хоол ундыг хэрэглэх бөгөөд арвайн гурил, хуурай газарт оршигч амьтны мах, буцалсан халуун ус, зөгийн бал зэргийг идээ унданд хэрэглэвэл зохистой.

Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч О.Үүрийнцолмон

Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин 2017 он №04 (32)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *