Австрийн Шинжлэх ухааны академийн “RATIMED” төслийн удирдагч, доктор Стипан Клүүс Оточ Манрамба Их сургуулийн багш, оюутнуудтай уулзаж, төслийнхөө талаар болон “Орчин үеийн Ази тив дэх анагаах ухаан: Уламжлалт анагаах ухаанаас бүтээлч, дэвшилтэт үйлдвэрлэл рүү орохуй” сэдэвт лекц уншлаа.
Доктор Стипан Клүүс монголд хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд анх 2014 онд төслийнхөө хүрээнд монголын уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэл цуглуулахаар ирсэн байна.
Ази тив дэх уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилготой “RATIMED” төсөл нь Хятад, Энэтхэг, Монгол, Бутан, Непалыг хамарсан анагаах ухааны томоохон үйлдвэрлэлийн талаар судалдаг.
Түвд, Монгол, Энэтхэг, Бутан зэрэг орнуудын эмийн үйлдвэрлэл, хөгжил нь ижил төстэй байгаа бол Хятад улсын хувьд эмийн үйлдвэрлэл нь үсрэнгүй хөгжсөн, илүү бизнесийн чиглэлтэй болсон талаар лекцдээ дурдаж байлаа. Энэ нь Хятад улсад эрдэнийн үрэл эмүүдийг жоргүйгээр олгодогтой холбоотой аж. Харин Монгол улсын хувьд эмийн үйлдвэрлэл нь сайн хөгжихгүй байгаа нь төрийн бодлого, төрөөс үзүүлэх дэмжлэг, хөрөнгө оруулалт муу байгаатай холбоотой гэдгийг хэлж байв.
Мөн лекцийн үеэр сонирхолтой статистик мэдээллийг хэлсэн. 2016 оны байдлаар уламжлалт анагаах ухааны эмчээр суралцаж төгссөн хүн хятадад 7500, Монголд 1500, Энэтхэгт 451, Бутанд 140 хүн байгаа боловч Хятад, Монголд уламжлалт анагаах ухаанаар сурч байгаа оюутнуудын тоо 2000 болж тэнцсэн үзүүлэлт судалгааны хүрээнд гарчээ. Жилд монголд 900 оюутан уламжлалт анагаах ухааны эмчээр суралцаж байгаагаас дотоодын их дээд сургуулиудад 400, гадаадын сургуулиудад 300 оюутан суралцаж байгаа гэсэн мэдээ бий. Мөн монгол эмч нар дэлхийн олон оронд ажиллаж байгааг доктор Стипан Клүүс онцолсон.
Энэхүү судалгааны төсөл нь уламжлалт анагаах ухааны ирээдүйн дүр зургийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд уламжлалт анагаах ухаан цаашид улам бүр өсөн хөгжих хандлагатай байгааг хэлж байлаа.