Байгаль, амьтан, ургамлын гаралтай тос болон бусад эмийн түүхий эдийн зуурмалаар бие махбодод арьсаар дамжуулан хийх заслыг түрхлэг засал гэнэ. Аливаа эрхтэний үйл ажиллагааг сайжруулах, нүд бүрэлзэх, нойр сэрвэлзэх зэрэг хийн өвчинд тосон түрхлэгийг хэрэглэх бөгөөд арьсны жижиг гөвдрүү, маажуур, алаг мариа, үхэр нясуу зэрэг шар усны гаралтай арьсны өвчнүүдэд зуурмал түрхдэг. Харин хоол унд шингэхгүй, хэхрүүлэх, эрдэнийн хор, усан хаван болон бадган борын өвчний үед тосон түрхлэг, зуурмалыг хэрэглэж болохгүй.
Амьтан болон ургамлын гаралтай тоснуудыг өвчинд нь тохируулж хэрэглэнэ. Тухайлбал, шимийн тосыг шинээр нь идвэл шарын халууныг арилгана. Шар тос нь оюуныг хурцатгаж, биеийн илчийг үүсгэж, насыг уртасгадаг. Ухаан алдаж унах, мартах зэрэг өвчний үед шар тосыг хэрэглэх нь тустай бөгөөд яр шарханд жил өнжсөн шар тос түрхвэл сайн. Мөн сарлаг, хонины шинэ тос нь хүйтэн хийг арилгадаг бол хайнагны шинэ тос хийтэй хавсарсан халууныг арилгана.
Гүнжидийн тосоор түрх-лэг хийх нь туранхайг таргалуулж, тарганыг тураах ач тустай бөгөөд бие махбодыг чийрэгжүүлж, нойр сэрвэлзэх, бадган, хийний өвчнийг арил-гадаг. Мөн гүнжидийн тосонд 55 орчим хувийн тослог амин дэм, А, E витаминууд агуулагдаж байдаг тул эсийг идэвхижүүлж зүрх судасны үйл ажиллагааг сайжруулан, цусны даралтыг тогтворжуулдаг.
Чөмөгний тос хийг дардаг бол өөхөн тосоор яс, үе өвдөх, түлэнхий, хийн өвчин, чих, тархи, умайн өвчнүүдийг эмчилнэ. Шар усны шалтгаанаар биед дүгрэг хэлбэртэй маажуур гарах, хавтгай олон жижиг гөвдрүү гарвал адууны өөхний түрхлэгийг хэрэглэнэ. Нохойд уруулсан шарханд нохойн өөхийг түрхдэг. Нүүрний сэвх, нөсөө толбонд ямааны өөхөнд бэрээмэг /ургамал/ найруулж түрхэнэ. Нүд бүрэлзэх өвчинд гахайн өөх, үрийн тосыг гоньдтой найруулан хөлийн уланд түрхэж эмчилдэг.
Мөн тосон түрхлэгийг улиралтай уялдуулан хийх хэрэгтэй. Өвлийн улиралд биеийн тамир, ходоодны галын илч сайн байдаг тул шар тос, зуны улиралд ходоодны галын илч, тамир тэнхээ муу тул үрийн тосоор, хаврын улиралд чөмөг, өөхөн тосоор түрхлэг хийнэ.
Эдгээр тосон түрхлэгүүдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрийн нөхцөлд хэрэглэж болно. Харин зуурмал түрхлэгийг тусгай жороор бэлддэг бөгөөд тухайн өвчинтэй нь уялдуулан хэрэглэдэг тул эмчид хандаж, эмчлүүлэх нь зүйтэй. Хуучин яр, шарх, нүүрний батга, сэвх, үлд, алаг мариа зэрэг арьсны өвчнүүдэд зуурмал түрхлэгийг хэрэглэдэг. Тиймээс танд ямар нэгэн арьсны өвчний шинж тэмдэг, зовиур илэрсэн бол уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хандаж, тосон түрхлэг болон зуурмал түрхлэг заслыг хийлгэж, өвчнөө бүрэн эдгээх боломжтой.
Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч О.Үүрийнцолмон