Б.Батчимэг: Буянтай эмчийн өвчтөн хурдан эдгэрдэг гэж багш минь хэлдэг

Оточ Манрамба Их сургуулийн уламжлалт анагаах ухааны их эмчийн 6-р курсын оюутан Б.Батчимэгтэй ярилцлаа.

-Яагаад уламжлалт анагаах ухааны эмч болохоор шийдэв. Энэ талаар эхэлж ярья?
-Би багаасаа эмч болохыг хүсдэг байсан. Эмээ маань их шүтлэгтэй, орой болгон долоон бурхан одондоо сүү өргөдөг. Би эмээгээ дагаж гараад л сүү өргөж, намайг уламжлалтын эмч болгож өгөөч гэж залбирдаг байсан. Арван жилд байхад хамаатны ах маань намайг Эрдэнэтийн Төмөр замын эмнэлгийн их эмч Г.Мядагмаа гэж хүнтэй танилцуулж байсан юм. Г.Мядагмаа эмчийг би багшаа гэж хүндэлдэг. Европ анагаах ухааны эмч мэргэжилтэй ч уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож судалдаг хүн. Одоо багш минь тэтгэвэртээ гарчихсан, уламжлалт анагаахыг бие даан судалж байгаа. Уламжлалтын эмч болоход минь багш минь нөлөөлсөн гэж хэлж болно.
-Оточ Манрамба Их сургуулийг яагаад сонгох болов. Сургуульдаа анх ороод ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Арван жилдээ байхдаа энэ сургуулийн талаар сонсчихсон, орно доо гээд бодчихсон байсан. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд шууд л оноогоо аваад сургуульдаа ирж байлаа. Намайг нэгдүгээр курст элсч орж байхад манай сургууль, эмнэлгийн шинэ байр ашиглалтад ороогүй, хийдэд хичээллэдэг байсан. Анх сургуулийнхаа үүдээр ороод л хүсч мөрөөдөж, эрж хайсан зүйлээ олсон мэт баярлаж байсан. Хийдэд хичээллэдэг байсан болохоор, дээрээс нь хамгийн анх түвд хэлний хичээл орсон болохоор зарим хүүхдүүд ламын сургууль юм биш биздээ, ямар сургуульд ороод ирэв ээ гэсэн эргэлзээтэй байсан. Харин би тухайн үед хүсч мөрөөдөж байсан зүйлтэйгээ учирсан болохоор маш их шамдалтайгаар номоо үзэж эхэлсэн. Хамба багш маань эмч хүн маш их буянтай байх ёстой, тиймээс Манлын ном, бурханы ном үзэж байгаа нь буян хурааж байгаа хэрэг. Буянтай эмчийн өвчтөн нь хүртэл хурдан эдгэрдэг гэж хэлж байсан юм. Тэр үеэс л уламжлалт анагаах ухааныг судалж байгаа хүмүүс бурханы номыг үзэх нь зөв юм байна гэж ойлгосон.
-Түвд хэл үздэгийн бас нэг шалтгаан нь уламжлалтын эртний ном судруудыг судладаг гэсэн байх аа?
-Тиймээ, бид “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг зургаан жилийн турш судалж, уламжлалт анагаах ухааны онолоо үздэг. “Анагаах ухааны дөрвөн үндэс” бол эгэл хүний ухаанаас гараагүй, бодсадва нарын бүтээсэн ном юм. Энэ номыг машид хичээнгүй сэтгэлээр үзвэл өөрт нь адис жинлав, номын хишиг ирдэг гэж үздэг. Уламжлалт анагаах ухаан бол маш агуу анагаах ухаан. Энэ гайхалтай анагаах ухааны онол шүнг бичиж үлдээсэн судар номноос түвд хэлээр өөрсдөө судална гэдэг маш их зүйлийг сурч, мэдэх давуу талтай.
-Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд өглөө бүр хичээл эхлэхийн өмнө тарни номоо уншдаг. Энэ нь ямар утга учир, ач холбогдолтой юм бэ?
-Үзэж цээжилсэн онолоо мартахгүй бататгахын тулд өглөө бүр “Анагаах ухааны дөрвөн үндэс” номын Язгуурын үндэс, Номлолын үндэс, Хойдын үндсийн бүлгүүдийг уншдаг. Түүний зэрэгцээгээр манай сургуулийн нэг онцлог нь оюутнуудад энэрэн нигүүлсэх сэтгэлийг суулгадаг юм. Хүн ном уншиж, тарни тоолсоноор өөртөө буян хурааж, өглөө болгон уншиж дадуулсанаар тухайн номын адис жинлав тухайн хүнд шингэж хурдаг. Эмч хүн энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, буянтай байх ёстой. Тэгж байж өвчтөнөө хайрлаж энэрч, сэтгэлээ зориулж эмчилдэг. Уламжлалт анагаах ухаан хүний биеийг эмчлээд зогсохгүй сэтгэлийг мөн эмчилдэгээс гадна уламжлалтын эмч бол хамгийн сайн сэтгэлзүйчид байдаг.
-Оточ Манрамба Их сургуулийн сургалтын материаллаг бааз хэр вэ. Эмчээр сурч буй оюутнуудад дадлага хийх газар их чухал байх?
-Манай сургууль сургалтын материаллаг бааз сайтай. Манай сургуулийн бааз Манба Дацан эмнэлэг шинэ байртай болж, 80 ортой найман давхар уламжлалтын нэгдсэн эмнэлэг болсон. Бид эмнэлэгтээ дадлага хийх бүрэн боломжтой. Мөн эмийн үйлдвэр, эмийн ургамал түүх хөдөөгийн бааз гээд материаллаг бааз сайтай уламжлалт анагаах ухааны сургууль монголд ховор болов уу. Сургууль маань ч шинэ байртай болж, оюутнуудын сурах таатай орчныг бүрдүүлсэн. Манай сургууль оюутан руугаа чиглэсэн, оюутан төвтэй сургалттай болохоор оюутнуудыг хөгжүүлэх чиглэлд их анхаарч ажилладаг. Түвд хэл дээр бичигдсэн эртний анагаахын судар ном, орчин цагийн анагаах ухааны ном, сурах бичгүүд гээд маш баялаг фондтой номын сан бас бий. Оюутан өөрөө л сурч, мэдье гэвэл сурах орчин нь бүрэн бүрдсэн сургууль гэж би боддог.
-Удахгүй сургуулиа төгсч уламжлалтын эмч болно. Ажлын байр бэлэн үү?
-Оюутан хүн мэргэжлээ зөв эзэмшээд, онол, дадлагадаа мэргэшсэн байвал хаана ч ажлын байр нээлттэй. Манай сургууль чадварлаг эмч нарыг төгсгөдөг учраас төгсөгчдөд маань ажлын байр олдоцтой байдаг.
-Уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэл бага байдгаас ч тэрүү хүмүүс давуу талыг нь тэр бүр мэдэхгүй байх шиг. Мэдээлэл түгээх тал дээр танай сургуулийн оюутнууд ямар санаачилга гаргасан бэ?
-Би энэ талаар маш их боддог. Хүмүүс ихэвчлэн европ анагаах ухаанаар эмчлүүлдэг болохоор уламжлалт анагаах ухааны арвин их охь шимийг хараахан сайн мэдэхгүй байна. Энэ нь мэдээлэл бага байгаатай холбоотой, эсвэл нийгэм нөлөөлсөн байх ч талтай. Уламжлалт анагаах ухаанд цаг улирлалтайгаа уялдуулж хэрхэн зөв хооллох, хувцаслах гээд эрүүл зөв амьдрах ухааныг заасан байдаг. Тиймээс бид клуб байгуулаад уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэл түгээх ажлыг хийх юмсан гэж боддог байсныгаа Нийгмийн эрүүл мэндийн хичээлийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн. Бид Эрүүл мэндээ хайрлая гэсэн фэйсбүүк пэйж хуудас нээн ажиллуулаад уламжлалт анагаах ухааны талаарх мэдээлэл, эрүүл зөв амьдрах зөвлөгөөг фэйсбүүк хэрэглэгчиддээ хүргэж байгаа.
-Оточ Манрамба Их сургуульд суралцахыг хүсч буй хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Бие сэтгэлийг хамтад нь анагаадаг анагаах ухаан бол уламжлалт анагаах ухаан. Энэ агуу анагаах ухаанд суралцаж, сайн эмч болохыг хүсч байгаа хүмүүс эргэлзэлгүйгээр Оточ Манрамба Их сургуульд элсээрэй гэж зөвлөе. Хамгаас эрхэм нь эцэг эх, багш байдаг. Тиймээс төрснөөс минь хойш юугаар ч дутаалгүй хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн аав ээждээ баярлалаа. Мөн Д.Нацагдорж хамба багш, Г.Одонцэцэг, Г.Чойжамц, Лхагважав, Г.Мядагмаа багш нартаа болон сургуулийнхаа нийт багш нар-таа талархаж явдагаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа.

Уламжлалт анагаах ухаан сонин 2017 №03 (31)

Уламжлалт анагаах ухаан сониноо захиалан уншаарай. Захиалгын индекс-101227

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *