Хамба лам Д.Нацагдорж “Бие сэтгэлийг тарниар анагаахуй” сэдэвт лекц уншлаа

Монголын психосоматик анагаах ухааны нийгэмлэг, АШУҮИС, Оточ Манрамба Их сургууль хамтран өнөөдөр “Психосоматик анагаах ухааны зарим асуудал” сургалт семенарыг зохион байгууллаа. Психосоматик анагаах ухаан нь өвчин рүү бус өвчтөн рүү чиглэдэг анагаах ухаан бөгөөд өвчтөний бие сэтгэлийг хамтад нь эмчилдэгээрээ онцлог юм.
Тус семенарт Оточ Манрамба Их сургуулийн Ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж “Бие болон сэтгэлийг тарниар анагаахуй” сэдвээр лекц уншсан юм.

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн тарнийн ач холбогдлын талаарх лекцээс хүргэе.

Монголчууд тарнийн анагаах ухааныг хөгжүүлж ирсэн. 2980 жилийн тэртээ бурхан багш хүний бие болоод сэтгэлийн тухай олон онол номыг айлдсан. Тэр дотор хүмүүний төрөл ямар чухал болох, хүмүүний төрлийг яаж хайрлаж, хамгаалах ёстой юм бэ, тодорхой богино хугацаанд яаж амьдрах ёстой талаар их олон зүйлийг номлосон. Хүмүүний төрөл бол зүүний үзүүр дээр будаа тогтоохтой адил чухал төрөл. Бид хүмүүний төрөл авсан үүргээ хэр биелүүлээд буцаж байна вэ гэдэг бидний оюун санаа сэтгэлтэй холбоотой. Зүүний үзүүр дээр нэг будаа тогтоовол хүмүүний төрлийг олох, хоёр дахь удаа тогтоож чадвал Их хөлгөний бөгөөд тарнийн шашинтай уулзсаны тус эрдэм энэ шүү гэж бурхан айлдсан байдаг. Ертөнцөд буй олон шашны дотроос оройн дээдэд заларч байгаа нь Их хөлгөн, тэр дотроо тарнийн шашин юм. Хүмүүсийн оюун санаа сайн болох цагт тарнийн шашин дэлгэрнээ гэж бурхан багш айлдсан. Өнөө үед барууны орнуудад тарнийн шашин их дэлгэрч байна. Гэтэл бид буддын шашинтай орон байж тарни уншихгүй байна.
Хүмүүний бие сэтгэлийг 84 мянган нисванисын муу сэтгэл хорлож байдаг. Үүнийг мэдсэний үндсэн дээр түүнийгээ ариусгах, арилгах хамгаалах ерөндөг болсон 84 мянган судар тарнийн номыг бурхан айлдсан. 84 мянган судар номд нисванисын хүсэл тачаалын ерөндөгт номлогдсон 21 мянган тарни бий. Мөн уур хилэнгийн 21 мянга, мунхагийн 21 мянга, энэ гурав нийлсэн 21 мянган тарнийг номлосон байдаг. Уламжлалт анагаах ухаанд өвчин бүгдийг үүсгэж байгаа тоолшгүй олон шалтгаан нөхцлийг хураагаад авч үзвэл ганцхан шалтгаан байх бөгөөд тэр нь өөрийгөө таньж мэдээгүй, мунхаг нисванисын сэтгэл юм.
Тарни гэдэг нь Санскритаар мандара гэсэн үг. Ман гэдэг нь сэтгэл дара гэдэг нь аврах юм. Тэгэхээр тарни нь сэтгэлийг аврах буюу арга билэг хослон барих гэсэн үг. Тарнийн дотор нинж асрал, хоосон чанар бий. Тарнийг эгэл хүн зохиож чадахгүй. Тарни кодтой. Гэгээрч чадаагүй, нисванисын мунхаг сэтгэлтэй эгэлүүд тарнийг төгс кодолж чаддаггүй. Харин гэгээрэлд хүрсэний дараа, нинж асрал, хоосон чанар, арга билэг нэг цогц болж байж тарнийг кодолдог. Бурхадын тарнийг номлоход замбуулингийн ертөнц дээр байгаа хэл авиа бүгдийн дотроос санксрит хэлийг хамгийн тохиромжтой гэж сонгож авсан байдаг. Бурханы айлдсан код авиагаар үр дүнг нь гаргаж чадах хэлийг санкрит гэж үзсэн. Монголчууд тарнийг монголчлоод өгөөчээ гэдэг. Хэрвээ тарнийг санскрит дуудлаганаас өөр дуудлага авианд оруулвал тухайн тарнийн гуравны хоёр хувийнх нь хүч чадал байхгүй болно гэдэг. Гэтэл одоо орчин цаг шүү дээ орчуулаад өгөө гээд байгаа нь хуурамч юм хэрэглэе гэж байгаатай адил.
Тарнийг зөв дуудах нь маш чухал. Өөрөө уншъя, бясалгая, амьтанд туслая гэсэн сэтгэлтэй байх нь чухал. Тарнийн ач тус агуу их. Тарнийг уншсанаар үйлийн үрийг судалж мэдээд буруу үйлээсээ буцдаг. Тарни уншдаг хүн муу үйл хийхээ болиод ирдэг. Тарни уншихаар аяндаа нинж асрал төрөөд бусдын гэмийг дуудах биш, бүх юмыг өөрөөсөө эхэлж хардаг болдог. Царай зүс, хийморь лундаг хүртэл бадраадаг. Удам угсааны ген, биеийн дархлааг сайжруулдаг, оюун ухаан сайжирна, урт насална.

Бид удахгүй та бүхэнд Хамба лам Д.Нацагдоржийн тарнийн талаарх ярилцлагыг хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *