Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчинг найман зүйлээр авч үздэг. Энэ нь дагшиж ханиах, цайвар хаван, уушгины халуун, ус алдах, огшрон ханиах, уушгины архаг өвчин, уушгины дэлгэрэх өвчин, зөгийн үүртэн гэж ангилдаг. Уушги нь ерөнхийдөө бадганы орон тул өвлийн цагт өвчлөх нь элбэг байдаг. Уушгины өвчин шөнө хөдөлдөг.
Хамрын үүд хатах, битүүрэх нь уушгины халуун өвчний шинж бол царайны өнгө доройтох нь уушгины архаг өвчний шинж болно. Хамар нь уушги, бүдүүн гэдэстэй махбодын эрхээр барилддаг тул эдгээр эрхтэнд хий, шар, бадганы бэлгэ чанар дүр урвахад хамрын үнэрлэх мэдрэхүйд эмгэг өөрчлөлт илэрдэг. Хамрын хий оршвол хамар битүүрэх, байн байн ус гоожих, ялангуяа үнэр мэдрэхгүй болно. Хамранд бадган оршвол хамар битүүрч хамрын угаар хүндэрнэ. Үдэш, үүрээр ханиаж, нүүр сэлхэрч, цэр ховхрохдоо бэрх болохоос гадна гарсан цэр нь хөөсөрхөг бол уушгины хийн өвчний шинж. Уушгинд шар оршвол нус, цэрний өнгө шарлана. Уушгинд бадган буувал унжралдсан хөх, ногоон сальс гарч, маш их ханиадаг. Бадган бор ууш-гинд тархвал цээж халуун оргин хүндэрч, цустай бор цэр үргэлжид гарна. Цэр цустай сэвсгэр хөөсөрхөг бол уушгины цайвар хаван өвчний шинж. Цэрэнд давс амтагдах юмуу цустай холилдсон бол уушгины халуун өвчин юм. Уушгины хий өвчний үед бие тэлсэн мэт өвдөх тул идсэн зүйлээрээ бөөлжмөөр санагдана.
Уушги нь төмөр махбодтой бөгөөд амьсал, хийн шүтээн эрхтэн юм. Олгой нь хурсан идээний цөвийг хураадаг сав эрхтэн бөгөөд төмөр махбодтой тул уушгитай махбодын эрхээр барилддаг. Намрын улирлын эхэн сарын эзэн нь мич, дунд сарын эзэн нь тахиа. Энэ хоёрын голлох амин махбод нь төмөр махбод. Тиймээс гадна ертөнцөд төмөр махбод арвидна. Хүний бие махбодод 72 хоног төмөр махбодтой уушги, олгойн судас дэлгэрч гүйснээр эдгээр өдрүүдэд өвчлөх магад-лалтай.
Уушгины хийн өвчний үед дөнгөж саасан бүлээн сүүг хийн цагт уулгах нь сайн
Уушгины дагшиж ханиах өвчний үед гурван амтлаг, задь шингүн, сүгмэл, бибилин, бриянгү зэргийг үнээний тостой хольж, тосон эм болгон өгдөг. Үүгээр өвчин нь амирлахгүй бол уушгины 4, 5-р үесийг төөнөнө. Харин цайван хавангийн үед дарвү, задь, сүгмэл, гагол, шинар, аруро, жагчэ, зөгийн бал зэргийн зуурмал эмийг өгнө.
Халуунаар бүрхэх өвчний үед үнээ, ямаа, сарлагийн шинэ тос, шинэ мах өгдөг бол халуун хатгалгаанд цээжийг усаар шавших эмчилгээг хийнэ.
Уушгины огшрон ханиах өвчний үед жанцэр, ришо, дүржид зэргийн шүүсэн дээр жамц, бибилин зэргийг хольж бөөлжүүлэг хийж ходоод, уушгины хөндийн бадганг арилгана. Шинэ мах, шинэ тос, зөгийн бал зэргийг халааж өгнө. Огшрон ханиах тэргүүтэй хийгээр арвин уушгины өвчин бүгдэд дөнгөж саасан бүлээн сүүг хийн цагт уулгах нь сайн.
Уушгины архаг өвчин нь уушгины мөгөөрсөнд удаан хугацааны туршид цэр хурснаас болж үүсдэг. Үүнд сороол, агь, хужир зэргийг буцалган дэвтээлэг хийх бөгөөд дарву 5-ын найрлагаар цэрийг дээш татна. Хэрэв цайвар хөх, хатаж хуйларсан цэр гарвал эдгэрч байгаагийн шинж. Хүдэр, зээр, үхрийн шинэ мах, буудайн архи, арвайн архи өгнө.
Уушги дэлгэрсэн өвчний үед зэчүн, дүгоог олон удаа ханана. Цэр нь улаан байвал жажэг, брэмог, зод сороол зэрэг тан дээр гара хийж олон удаа өгнө. Сэрүүн чанартай идээ унд өгч, гэмтэх болон хүнд хүчир ажил хийхийг хориглоно.