Ш.Цэвэлмаа: Манба Дацан эмнэлэг Монголын ард түмнийг эрүүлжүүлж байгаад талархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий, Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа гуай Манба Дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеэр түүнтэй ярилцлаа. Хүний гавьяат эмч, Билгүүн номч Хамба лам Д.Нацагдорж 1990 онд Манба Дацан хийдийг байгуулах үеэс Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьнаас дэмжиж, хийдийн үйл ажиллагаатай танилцаж байсан юм.

-Сайн байна уу, таны бие тэнхээ сайн уу. Танай гэр бүл Манба Дацан хийдтэй эртнээс холбоотой. Та Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг үү?
-Сайн. Эмнэлэгт хэвтээд долоо хоног болж байна. Бие хөнгөрөөд, хаван буураад, ядаргаа тайлагдаад сайхан боллоо. Хамба лам Д.Нацагдоржийг 1990 онд энэ хийдийг байгуулсан цагаас нь бид мэднэ. Энэ сайхан хийд, сургуулийг байгуулж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйлсийг эхлүүлэхэд нь бид дэмжиж байсан юм. Одоо сургуулиа түшиглээд эмнэлэг, эмийн үйлдвэр байгуулсан байна. Энэ бүхнийг хараад Д.Нацагдорж хамбыг ямар их хүсэл тэмүүлэлтэй, ажилч хичээнгүй хүн бэ гэж гайхан биширч сууна. Энэ хүний сайхан сэтгэл, хөдөлмөрч зан чанар өнөөгийн монголын нийгэмд үгүйлэгдэж, ярихаас цаашгүй, хийж бүтээдэггүй залууст үлгэр дуурайлал болохоор байна. Д.Нацагдорж хамбын байгуулсан энэ байгууллагууд, хийсэн буянтай үйлс нь монголын ард түмний эрүүл энх, сайн сайханд зориулагдаж, олон хүмүүсийг эрүүлжүүлж байгаа нь гайхамшигтай. Тиймээс энэ хүнд бид байнга баярлаж, талархаж явах ёстой. Д.Нацагдорж хамбын байгуулсан Манба Дацан эмнэлгийг эртнээс мэддэг ч анх удаа хэвтэн эмчлүүлж, ач буяныг нь өөрийн биеэр амсаад, сайхан сувилууллаа.
-Уламжлалт анагаах ухаанаар өмнө нь эмчлүүлж байсан уу. Уламжлалт эмчилгээ хийлгээд ямар сэтгэгдэлтэй байна?
-Би ходоодны хий гэсэн оноштойгоор эмчлүүлээд бие минь сайхан болж байна. Энд ирж эмчлүүлээд уламжлалт анагаах ухааны ач буяныг мэдэрлээ. Европ анагаах ухаан нь зүрх өвдөж байна гэвэл зөвхөн зүрхийг эмнэдэг бол уламжлалт анагаах ухаан нь зүрх юунаас бож өвдөв гэдэг уг шалтгааныг нь олж илрүүлж, хооронд нь холбож өгч төгс эмчилдэгээрээ давуу юм байна. Хий, шар, бадган гэдэг нь бидний сэтгэлээс гаралтай өвчин гэдгийг бид мэддэггүй явжээ. Хүн зөв сэтгэлтэй, зөв бодолтой, тайван амгалан, уур уцаар, шунал тачаал багатай байвал хүний бие тэр хэрээр эрүүл саруул байх болно. Өвчин холын болон ойрын гэсэн хоёр шалтгаанаас үүсдэг гэдгийг Манба Дацан эмнэлгийн бясалгалын хичээлд сууснаараа ойлгож авлаа. Холын шалтгаан гэдэг нь хүний үйлийн үрээс үүссэн өвчин. Үүнийг засал номоор дарж номхотгох хэрэгтэй. Хоёрдахь нь, хий, шар, бадган гэдэг нь хүний сэтгэлээс гаралтай өвчин юм.
-Та уламжлалт анагаах ухааны талаар нэлээн сайн ойлголттой болжээ. Ер нь аливаа өвчний үед идэж буй хоол хүнс, явдал мөрөө анхаарах хэрэгтэй гэдэг. Танд энэ талаар эмч нар зөвлөв үү?
-Тэгэлгүй яахав. Их олон өвчний эх үүсвэр нь хоол боловсруулах эрхтэний өвчин байдаг юм байна. Үүнийг ходоодны гал гэж нэрлэдэг. Ходоодны гал бүдгэрсэнээс үүдэж суурилсан олон өвчин үүсдэг юм байна. Тиймээс хүйтэн сэрүүн улиралтай ма-найх шиг оронд хоол, хувцасаа сайн тохируулж байх хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Манба Дацан эмнэлгийн хоол их шимтэй, зөөлөн, гэрийн хоол шиг сайхан. Өвчтөн бүрт тохирсон хоолоор үйлчилдэг нь өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг бизээ.
-Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, эмч нарын талаар та юу хэлэх вэ?
-Манба Дацан эмнэлэг их тохижсон, үйлчилгээ сайтай, гар сэтгэл нийлсэн сайхан хамт олон байна. Цэгэн бариатай тосон массаж, бумба, төөнүүр, усан эмчилгээнүүд, таван тантай рашаан, ясны шөл гэх мэт уламжлалт эмчилгээнүүдийг маш сайн хийдэг. Эдгээр эмчилгээг Манба Дацан эмнэлгээс л иж бүрнээр нь авах боломжтой юм байна. Ер нь өвчнийг эмч өвчтөн хоёр нийлж байж дарж, эдгээдэг. Манба Дацан эмнэлгийн эмч нарын зан ааш сайхан, өвчтөнтэйгээ их зөв боловсон харьцаж байгаа нь өвчтөнүүдийнхээ сэтгэл санаанд нөлөөлж, эдгэрэлтэнд сайн нөлөө үзүүлж байна. Би энэ эмнэлгийн хамт олонд их сэтгэл хангалуун байгаа. Бүгд л эмчилгээ, үйлчилгээгээ сэтгэлээсээ хийдэг. Энэ хүний өвчнийг эдгээе, сайхан болгоё гэсэн сэтгэлтэй ажилладаг юм байна. Энэ нь хүний нигүүлсэнгүй сэтгэлийг үржүүлдэг бурханы ном, нигүүлсэнгүй сэтгэлийг дээдэлдэгтэй нь холбоотой байх.
-Та олон сайн эмнэлгээр үйлчлүүлж байсан байх. Манба Дацан эмнэлгийн онцлог, давуу талыг хэлж өгөөч?
-Манба Дацан эмнэлэг их онцлогтой. Эрүүл мэндийн бурханаа шүтэж, залбирч, хий-морь лүндагаа сэргээж, засал номоо хийлгэж болно. Хамгийн гол нь энэ эмнэлэгт эмчилгээ тасралтгүй явагдаж байна. Зарим эмнэлгүүд орой 17:00 цаг болонгуут физик эмчилгээ хаасан гэдэг бол энд бол өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл хоёр ээлжийн эмч, сувилагч нар тасралтгүй эмчилгээ хийж байна. Дээрээс нь Манба Дацан эмнэлэгт түлэнхий, гэмтэл, ялангуяа зөөлөн эдийн гэмтлийг маш сайн эмчилдэг юм байна. Ер нь бүх л өвчнийг үр дүнтэйгээр эмчилж, эдгээж байгаа буянтай хамт олон. Эмийн үйлдвэр, хийдтэй учраас Манба Дацан эмнэлэгт ирсэн хүн иж бүрэн үйлчилгээ аваад л гарна даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

“Уламжлалт анагаах ухаан” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *