Оточ Манрамба Их сургуулийн Их эмчийн 6-р курсын оюутан, Намдолдэчинлэн хийдийн зоч /лүйжинч/ лам Т.Баттулгатай ярилцлаа.
-Та хэдэн наснаасаа шавилж, бурханы номонд шамдах болсон бэ?
-Би 11 настайгаасаа Гандантэгчилэн хийдийн Жүд дацанд шавь орж, номын багш “Хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхэд” Н.Бизъяа багшаараа “Га” үсэг заалгасан. Манай гэр Ганданд ойрхон байсан болохоор Гандангаар орж гарч тоглодог хүүхэд байлаа. Тэр үед Жүд дацан сэргээн байгуулагдаад хоёр дахь ээлжиндээ хүүхдүүдийг авч байхад нь би орж суралцсан юм. 2003-2006 он хүртэл Жүд дацанд шавилж ном үзээд, 2006 оноос хойш өдийг хүртэл улааны ёсны Жагар Моломын нэрэмжит Намдолдэчинлэн хийдэд сууж, зоч ламын үүргийг гүйцэтгэж байна. Лүйжин тавьдаг ламыг зоч гэж нэрлэдэг юм.
-Эртнээс лам хүн эм барьж, хүн эмчилж байсан түүхтэй. Тиймээс ч лам хуврага хүн уламжлалт анагаах ухаанд суралцах нь тийм ч гайхмаар зүйл биш л дээ. Гэхдээ та яагаад уламжлалтын эмч болохоор шийдсэн тухайгаа ярихгүй юу?
-Уламжлалт анагаах ухаан бурханы шашны их таван ухааны нэг. Манай хийдийн гол шүтээн болох Ловон Бадамжунай бурхан анагаах ухааныг дэлгэрүүлсэний зэрэгцээ найман дүрийнх нь нэг нь Оточ Манлын хувилгаан байдаг. Тиймээс Намдолдэчинлэн хийдэд шавилах болсоноос хойш уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж, хүн ардад буян хийх үүднээс уламжлалт анагаах ухаанд суралцая гэж зорьсон. Аав маань элэгний хавдраар өөд болсон. Тэр үед аавдаа ном заслыг нь хийж өгсөн ч гар дүрээд тусалж чадахгүй байгаадаа сэтгэлээр унасан. Өөрийнхөө бие махбод, сэтгэлийг өглөг болгож өгөхийн тулд илүү их мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, анагаах ухаанд суралцая, олон хүнд буян болъё гэж бодсон.
-Яагаад Оточ Манрамба Их сургуулийг сонгосон бэ. Оточ Манрамба Их сургуульд түвд хэл заадаг, уламжлалт анагаах ухааны түвд судруудыг үзэж судалдаг нь танд ойр байсан уу?
-Тиймээ, уламжлалтаар сургадаг сургуулиуд дундаас Оточ Манрамба Их сургууль надад их ойр байсан. Нэгдүгээр курсээс эхлэн түвд хэл үзэж, уламжлалт анагаах ухааны онол, арга зүйг хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн анагаах ухааны судар номоос түвд хэлнээс нь судална гэдэг үнэхээр гайхалтай. Хоёр, гурван мянган жилийн тэртээ номлогдсон “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг үзэх тусам уламжлалт анагаах ухаан ямар агуу юм бэ гэдгийг мэдэрч, энэ номноос би өөрөө юу мэдэхийг хүснэ, түүнийгээ олж авах юм байна гэдгийг ойлгож, хичээлдээ улам бүр шамдсан. Монголын олон лам хуврага түвдэд очиж анагаах ухаанд суралцдаг. Оточ Манрамба Их сургууль Түвдийн сургуулиудаас дутахааргүй сайн сургалттай учраас би элсэн орсон. Надаас гадна маш олон лам хуврага Оточ Манрамба Их сургуульд суралцаж, төгссөн байдаг. Манай доод курст ч олон лам бий.
-Оточ Манрамба Их сургуульд түвд хэл заадаг, бурханы ном үздэг учраас зарим талаараа хүмүүс ламын сургууль уу гэж андуурдаг. Уламжлалт анагаах ухаан яагаад буддын шашинтай холбогддог талаар хэлж өгөөч?
-Уламжлалт анагаах ухаан нь бурханы шашны их таван ухааны нэг учраас бурханы шашинтай холбогдохоос аргагүй. Дээрээс нь эмч хүн энэрэх нигүүлсэх сэтгэлтэй байх ёстой. Тэр утгаараа манай сургууль оюутнуудад энэрэх нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэхийн тулд бурханы ном заадаг гэж хэлж болно. Уламжлалт анагаах ухааны эмч өвчтөндөө эм өгөхийн өмнө сэтгэлээ өгөх хэрэгтэй. Эмчийн өвчтөнөө эмчлэе гэсэн чин сэтгэлийг хараад өвчтөнүүд маань сэргэж эхэлдэг. Манай сургууль хүний энэрэнгүй сэтгэлийг сайн төлөвшүүлж чаддаг учраас жинхэнэ ёсзүйтэй эмчийг бэлтгэдэг. Оюутнуудад түвд хэл зааснаар уламжлалт анагаах ухааны онол шүнг эртний маарамбуудын бичиж үлдээсэн ном судраас өөрсдөө төвөггүй уншиж судлах боломжтой болдог. Энэ бол бусад сургуулиудаас ялгагдах бас нэгэн давуу тал, онцлог юм.
-Та Оточ Манрамба Их сургуулийг энэ жил төгсөнө. Зургаан жил суралцаад төгсөх гэж байгаа хүний хувьд сургуулийнхаа онцлог давуу талыг юу гэж тодорхойлох вэ?
-Их сургуулийн статустай, улсын хэмжээний том сургууль. Эмч хүн ямар байх ёстой, ямар мэдлэг боловсрол эзэмших ёстой тэр бүгдийг хамгийн сайн сургаж чаддаг сургууль гэж боддог. Хүн аливаа зүйлийг суръя, өөрийнхөө бие махбод, сэтгэлийг өглөг болгоё гэж бодох ёстой. Дараагаар нь би үнэхээр сурч чадна гэж тангараг тавьж, түүндээ хүрэхийн тулд хичээл зүтгэлийг үүсгэх хэрэгтэй. Сураад эхлэхээр сайхан ч зүйл байна, шантрах ч үе байна. Тиймээс аливаа зүйлийг сурахад тэвчээр чухал. Манай сургуулийн оюутнуудад тэвчээр, хичээл шамдал суусан байдаг. Ийм хүнд эрдэм мэдлэг аяндаа бүрддэг. Манай сургууль оюутнуудад богино хугацаанд маш их зүйлийг сургадаг. Би 11 настайгаасаа түвд хэлийг үзсэн бол манай сургуулийн оюутнууд нэг, хоёрдугаар курсдээ түвд хэл үзээд л бараг надтай адил түвшинд хүрсэн байсан.
-Уламжлалт анагаах ухаанд адын өвчин гэх ойлголт байдаг нь буддын шашинтай их холбогддог. Хуврага хүний хувьд адын өвчнийг эмчлэх талаар илүү сонирхдог уу?
-Ад гэдгийг хүмүүс их муу юм гэж боддог. Гэтэл ад чинь төрлөө олж чадаагүй бодгаль. Бодгалийн хувьд тодорхой нэгэн шинжийг үзүүлдэг. Үхээрийн шинж үү, алмасын шинж үзүүлэх үү гэдгээрээ ялгаатай. Манай хийдийн гол онцлог нь лүйжин голцуу уншдаг. Үзэгдэлт орчлонд байгаа нэрийн төдий болгонд бодгаль байна. Лүйжин хурж байгаа лам сайн цагийн мянган бурхан хийгээд өөрийнхөө багш нарыг дуудаж авчраад, өөрийнхөө бие махбодыг рашаан болгон хувилгаж, тэр бодгаль бүгдийн хүслийг нь гүйцээгээд сайн төрлийг олуулдаг. Лүйжинг адын шалтгаантай өвчинд их уншдаг. Хүмүүсийн онош тодрохгүй яваад байдаг нь адын шалтгаантай. Тиймээс адыг зөв шинжлүүлээд тэр адад нь тохирсон заслыг хийлгээд, дараа нь эмчилгээ хийлгэвэл их сайн байдаг. Би хийдийнхээ зоч /лүйжинч/ ламын хувьд адын өвчнийг эмчлэх тал дээр ихээхэн суралцахыг хүсч байгаа.
-Таны цаашдын зорилго?
-Намайг уламжлалт анагаах ухааны эмч болоход манай хийдийнхэн их тусалж дэмжсэн. Тиймээс би сургуулиа төгсөөд хийддээ ажиллаж, сүсэгтэн олонд уламжлалт анагаах ухааныг таниулан, түгээх болно.
-Баярлалаа. Таны ажил үйлс амжилттай байх болтугай.