Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан энэ сарын 22-нд буюу өчигдөр Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд боллоо. Бөхийн барилдааныг нээж Манба Дацан хийдийн лам нар ном уншиснаас гадна Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдорж бөхчүүдэд хандан үг хэлж, бөх хүн биеийн хүчтэй байхаас гадна ухааны хүчтэй байх хэрэгтэй, тэгж байж уран мэхийг уралдуулан түмэн олноо баясгана гэдгийг хэлж байлаа.
Барилдаанд аймаг, цэргийн начин цолтой 128 бөх зодоглосноос Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат аймгийн начин Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харъяат аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэж, их шөвөгт Завхан аймгийн Цагаан хайрхан сумын харъяат аймгийн начин Б.Даваадорж үлдэн түмэн олноо баясган барилдлаа. Мөн уран барилдаант бөхөөр Архангай аймгийн Чулуут сумын харъяат аймгийн начин Б.Чинбат тодорсон юм. Эдгээр бөхчүүдэд Манба Дацан хийдийн Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэл бай шагналыг нь гардуулж, улсын цолтой арслан, аварга болоорой гэж ерөөлөө.
Энэхүү аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдааныг Манба Дацан хийдийн нэрэмжит болгон жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд аймгийн начин цолтой бөхчүүдийг ирээдүйд цолоо ахиулан улсын алдар цол хүртэхэд нь дэмжлэг туслалцаа болох зорилготой юм.