Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Балетын гоцлооч О.Анужинтай ярилцлаа.
-Балетчин хүн гоё сайхан байхаас гадна эрүүл чийрэг байх хэрэгтэй болов уу. Та эрүүл мэнддээ яаж анхаардаг вэ?
-Тэгэлгүй яахав, эрүүл, эрч хүчтэй байх нь хамгийн чухал. Балетчид бид байнгын бэлтгэл сургуулилттай байдаг учраас булчин шөрмөс их чангардаг, ядарч сульддаг, бие сэтгэлийн ачаалалтай ажилладаг. Дээрээс нь хоолны дэглэм барих шаардлагатай болдог. Тайз, бэлтгэлийн заал хүйтэн байдгаас доороосоо их даардаг гээд өвдөх шалтгаан олон л доо. Тиймээс бие, сэтгэлийн хувьд эрүүл байхын тулд би уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, уламжлалт эм, эмчилгээг хэрэглэж байгаа. Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлгийнхэн намайг эрүүл, амар амгалан байхад тусалдаг. Би Манба Дацан эмнэлэгт хэвтээд бариа засал, иллэг хийлгэж булчин шөрмөсөө суллаж, зүү, төөнүүр, ясны шөл, рашаанд орсоноор ядаргаа тайлагдаж, сайн унтаж амардаг болсон. Манба Дацан эмнэлэгт хэвтэхээс өмнө сайн унтаж чаддаггүй байлаа.
-Та яагаад Манба Дацан эмнэлгийг сонгох болсон бэ. Өмнө нь эмчлүүлж байсан уу?
-Их завгүй байдаг болохоор тэр бүр эмнэлэгт хэвтээд биеэ эмчлүүлээд явах боломж олддоггүй. Гэхдээ эрүүл байх нь бүх зүйлийн үндэс учраас анхаарахгүй байж болохгүй. Тиймээс цаг зав, мөнгөө дэмий үрэхгүйгээр шууд найдвартай, хамгийн сайн эмнэлэгт хандаж эмчлүүлье гэж бодоод Манба Дацан эмнэлэгт хандсан. Манба Дацан эмнэлэг уламжлалтын эмнэлгүүд дотроос хамгийн сайн нь гэдгийг сонсоод ирж эмчлүүлсэн. Үнэхээр сайн гэдгийг нь эмчлүүлж эхлээд мэдэрсэн.
-Уламжлалт эмчилгээ таны булчин шөрмөсийг суллаж, ядаргааг тайлж байна гэсэн. Уламжлалт эмчилгээний давуу талыг өөрийн биеэр мэдрээд ямар сэтгэгдэл төрж байна?
-Уламжлалт эмчилгээ надад их тохирч байгаа. Ер нь уламжлалт анагаах ухаан хүн тус бүрд тохирсон эмчилгээг хийдэг нь хамгийн том давуу тал юм болов уу. Уламжлалт эмчилгээ хийлгэхээр миний бие цаанаасаа сэргэж, сайхан болж байгаа нь мэдрэгддэг. Дээрээс нь тариа, дусал хийлгэж өвдөхгүй, антибиотик уухгүй байгаа болохоор бүр ч сайхан байна. /инээв/ Өмнө нь би маш удаан хугацаагаар антибиотик ууж байсан. Нэг антибиотикээ ууж дуусаагүй байхад дахиад л өөр эм уух шаардлагатай болдог байсан. Гэсэн ч эмчилгээний үр дүн төдийлөн сайн байгаагүй. Гэтэл уламжлалт эм, эмчилгээг хэрэглэсэн өдрөөс л ядаргаа тайлагдаж, эрч хүчтэй болж байна.
-Балет бол гайхалтай урлаг. Бид таниар дамжуулж балетийн урлагийн гайхамшгийг мэдэрч, эрч хүч авдаг. Харин та юунаас эрч хүч авдаг вэ?
-Мэдээж багаасаа дурлаж, зүтгэж ирсэн балетын урлагт хайртай, түүнээсээ эрч хүч авдаг. Балетаа хийж байхдаа хамгийн гайхалтай мэдрэмжийг авдаг. Мөн намайг үргэлж дэмжиж, тусладаг гэр бүл, найз нөхдөөсөө эрч хүч авдаг. Эмнэлэгт хэвтээд уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлээд бие минь сэргэж, эрүүл болж байгаадаа баяртай байна. Энэ хэдэн өдрүүдэд уламжлалт эмчилгээ хийлгээд эрч хүчээ нөхөж авлаа. /Инээв/ Орой унтахаас өмнө Манба Дацан эмнэлгийн эмч нар Манла бурханы ном уншиж, өвчтөнүүдээ даатгадаг юм билээ. Эмч хүн өөрөө өвчтөнүүдийнхээ төлөө залбирч байгаа нь маш бахархалтай санагдсан.
-Таны мэргэжил их хүнд мэргэжил. Бэртэж гэмтэх үе гарч л байсан байх. Тэр үед хаана ханддаг вэ. Урлагийн, спортын хүмүүсийг хариуцсан сайн эмч байх хэрэгтэй гэж боддог. Балетчидыг хариуцсан эмч бий юу?
-Манай театрт эмч байдаг ч яг гэмтлийн мэргэшсэн эмч биш. Манайд мэргэшсэн эмч хэрэгтэй байгаа. Тэр тусмаа уламжлалт анагаах ухааны эмч яг тохиромжтой санагдсан. Балетчид бид олон жил хичээллээд ирэхээр энэ шөрмөс, зөөлөн эд гэмтсэн байна, энэ нь гэмтээгүй байна гээд мэддэг болчихдог. Гадны нөлөөллөөс болж гэмтдэг. Шал бага зэрэг далий байхад түүн дээр гишгэж таараад гэмтэх тохиолдол бий. Мэдээж өөрөөс шалтгаалах гэмтлүүд ч бий. Ер нь спорт, бүжгийн урлагт уламжлалт анагаах ухааны эмч нарыг авч ажиллуулдаг байвал бидний амжилтанд ч сайн үр дүн өгөх юм байна гэсэн сэтгэгдэл төр сөн.
-2016 оноос та “Хун гүнж” болсон. Одоо ямар дүр бүтээхийг хүсч байна?
-Би 2016 оны долоон сард хамгийн анх Хунт нуурт тоглосон. Одоо Жизель, Ромео Жуллеттагийн Жуллеттад тоглохыг хүсч байна.
-Эмэгтэй хүн, бүжигчин хүн гаднаасаа гэрэлтэхийн зэрэгцээ дотроосоо ч гэрэлтэх хэрэгтэй гэдэг. Дотоод гоо сайхнаа яаж тэтгэдэг вэ?
-Дотоод гоо сайхан гэдэг тухайн хүний мөн чанараас гадна мэдлэг боловсрол гэж би боддог. Мэдлэг боловсролтой, ухаантай хүний дотоод гоо сайхан гэрэлтэж байдаг. Тиймээс ч би цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, янз бүрийн сургал-танд суух дуртай. Хамгийн сүүлд Буддизмын тухай хичээлд суусан.
-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Ямар хэмнэлээр амьдардаг вэ?
-Янз бүр. Ер нь бэлтгэлээс бэлтгэлийн хооронд их завгүй өнгөрдөг. Тухайн долоо хоно-гийн жүжгээс хамаараад бэлтгэлийн цагийн хуваарь өөр өөр байдаг. Ерөнхийдөө өглөө 09.00 цаг гэхэд ажил дээрээ очоод хувцсаа сольж, үсээ самнаад бие халаалтаа хийсний дараа 10.00 цагаас нэгдсэн дасгал эхэлдэг. Дасгалаа цаг гучин минут хийсний дараа жүжгээсээ хамаараад бэлтгэлдээ орно. Өдөр цай ундаа уугаад амжуулах ёстой ажлуудаа хийчихээд, дахиад бэлтгэлтэй бол дараачийн бэлтгэл рүүгээ явна даа.
-Эмнэлэгт таны нэг өдөр яаж өнгөрч байна?
-Эмнэлэгт бол маш сайхан унтаж л өнгөрүүлж байна даа. /инээв/ Би маш бага унтдаг байсан. Энд сайн унтаж амарч байна. Өглөө босоод өглөөний цай, эм тангаа уучихаад өдөр эмчилгээндээ орох хүртэл ойр зуур юм хийнэ. Тэгээд өдөр бариа засал, төөнүүр, бумба, зүү, толгойн бариа гэх мэтчилэн эмчилгээ хийлгэж гарч ирээд унтана. Орой бас эмчилгээтэй. Оройн эмчилгээний дараа аав ээж, эсвэл найзууд эргэж ирнэ, эсвэл ном уншина, ажлынхаа талаар зарим зүйлийг судлана гэх зэргээр л өдрийг өнгөрүүлж байна даа.
-Эмнэлэгт хэвтээд өөртөө жаахан ч гэсэн чөлөө өгсөн байх. Энэ хугацаанд сайн амарч авахаас гадна шинэ зүйл сонирхов уу?
-Өөртөө маш том чөлөө өглөө. Сайхан амарч байна. Гараад маш олон шинэ уран бүтээл, шинэ ажлууд хийхээр төлөвлөсөн. Эм-нэлэгт байх хугацаандаа шинэ уран бүтээл, ажлынхаа талаар жаахан судаллаа. Манба Дацан эмнэлэгт хэвтэж, уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлээд хамаг эрч хүч, энергиэ хуримтлуулж авсан болохоор гараад төлөвлөсөн ажил, зорилгынхөө төлөө явна даа.
-Таны шинэ уран бүтээлийн талаар сонирхож болох уу?
-Одоохондоо нууц. Удахгүй үзэгчиддээ хүргэх болно./Инээв/
-Тэгвэл удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзая. Ярилцсанд баярлалаа.