Г.Одонцэцэг: Сайн эмч судас оношлогооны тусламжтайгаар бүхий л өвчинг оношлох боломжтой

“Манба Дацан” эмнэлгийн зөвлөх, УАУ-ы их эмч Г.Одонцэцэгийг урьж ярилцлаа. Тэрбээр Монголын уламжлалт анагаах ухааны ууган сургууль болох “Оточ Манрамба” дээд сургуулийн анхны төгсөгчдийн нэг бөгөөд УАУ-ы хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж буй хүмүүсийн нэг юм.

-Уламжлалт анагаах ухаанаар зөвхөн хөгшин настай, архаг хууч өвчтэй хүмүүс л эмчлүүлдэг гэсэн буруу ойлголттой, энэ анагаах ухааны жинхэнэ мөн чанарыг ойлгоогүй хүмүүс олон байгаа нь ажиглагддаг. Тиймээс ярилцлагынхаа эхэнд уламжлалт анагаах ухааны онцлог, мөн чанарын тухай ярихгүй юу?

-Уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй. Энэ нь ардын, домын анагаах ухаанаас маш их ялгаатай. Уламжлалт анагаах ухаан нь өөрийн гэсэн зүй тогтолтой, учир шалтгаан, нотолгоонд үндэслэсэн онолтойгоороо онцлог бөгөөд үүгээрээ ардын, домын анагаах ухаанаас ялгагддаг юм. Мөн тухайн хүний бие махбод, сэтгэл, оюун санааг сав ертөнц, гараг эрхэсийн шилжилт хөдөлгөөн, байгаль орчинтой нь холбон үздэгээрээ Өрнийн анагаах ухаанаас ялгаатай. Хүн гэдэг анагаахдахуун орныг бие, хэл, сэтгэл гэсэн гурван гол шүтэн барилдлагатай нь авч үздэг. Нэгдүгээрт, бидний эмчилж байгаа анагаахдахуун орон маань материаллаг зүйл, хоёрдугаарт, энэ материаллаг зүйл хамгийн гол нь сэтгэлтэйгээ уялддаг гэж үздэг. Ер нь уламжлалт анагаах ухаан маш их онцлогтой. Эмчилгээний онцлог, хүний биеийн бүтэцийг, бие, сэтгэлийн үйл ажиллагааг авч үзэж буй нь, заслын, эмийн эмчилгээний онцлог гээд цаашаа задраад маш олон онцлог, өвөрмөц талыг хэлж болно.

-Уламжлалт анагаах ухааны оношлогоо хүмүүсийн сонирхлыг их татдаг. Судас барьж үзээд л тухайн хүний бүхий л зовиур, өвчний шинж тэмдгийг шууд хэлдэг нь гайхамшигтай. Та уламжлалт анагаах ухааны оношлогооны талаар нарийвчлан судалж байгаа хүний хувьд энэ талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч?

-Уламжлалт анагаах ухаанд оношлох үндсэн гурван арга байдаг. Нэгдүгээрт, эмчийн харах эрхтэнээр оношлох. Энэ нь бүхий л үзэгдэл, байдлыг харж оношлох юм. Хоёрдугаарт, хүрэлцэх арга. Өвчтөний биед хүрэлцэж, юу  мэдрэгдэж байгаагаар оношлоно. Гурав дахь нь асуух арга юм. Өвчтөнөөс хаана, яаж өвдөж байгааг нь асууж, мэдээлэл цуглуулан оношилдог. Эдгээр аргыг зөвхөн уламжлалт анагаах ухаанд гэлтгүй, Европ анагаах ухааны эмч нар ч гэсэн хэрэглэдэг. Уламжлалт анагаах ухаанд хамгийн чухал оношилгоо нь судсаар оношлох арга юм. Эмчээс онолын гүн гүнзгий мэдлэг, мэдрэмж шаарддаг маш нарийн арга. Мөн судсаар оношлоход тодорхой тарнийн бясалгалыг хийсэн байх хэрэгтэй. Онош гэдэг нь илтэд мэдэх гэсэн утгатай төвд үг. Тиймээс өвчнийг илтэд мэдэхийн тулд цогц мэдлэг, чадварыг эзэмшсэн байх ёстой. Судсаар оношлоход өвчтөн эмч хоёрын хооронд гүнзгий холбоо үүсдэг. Сайн эмч нар тухайн өвчтөний удам судар, сэтгэлийн байдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай гээд өөрийнх нь ч сайн мэддэггүй зүйлийг судсаар оношлон хэлж чаддаг. Хүний биеийг маш олон судас торлосон байдаг бөгөөд бүгд бүрэн дүүрэн мэдээлэл өгч чадахгүй. Тэдгээрээс хамгийн чухал байршил нь бидний оношилж байгаа бугуйн судас юм. Энэ судаснаас хамгийн чухал мэдээллийг таньж мэднэ. Судсаар оношлоход эмч хүнээс маш их мэдлэг, мэдрэмж, сэтгэл, онол дадлага шаардагдана. Эмч хүн сэтгэлийн хир буртагтай, өс хонзон, атаа жөтөө, уур хилэн зэрэг муу муухай сэтгэлтэй байвал хүний өвчин зовлонг оношилж танихад төвөгтэй болж, оношийн эндүүрэл гардаг. Тиймээс оношлогоо хийхэд энэ бүхэн их чухал.

-Орчин үед шинжилгээний хариуг УАУ-ы оноштой уялдуулж байх шиг. Энэ нь ямар давуу талтай вэ. Шинжилгээний хариу уламжлалтын оношлогоотой зөрдөг үү?

-Шинжилгээний хариу хэрэг болох тохиолдол байдаг. Тухайн өвчтөний сэтгэлзүйд нөлөөлж, уламжлалт эмчилгээг баталгаатай, нотолгоотой болгохыг харуулахын тулд шинжилгээний аргуудыг хэрэглэх үе гардаг. Тухайлбал, элэгний асат, алат нь их өндөр байсан хүн эмчилгээ хийлгэсний дараа огцом буурсаныг шинжилгээгээр харуулж болно. Шинжилгээний лабораторын бодис, аппарат,  тоног төхөөрөмжийг хүний оюун ухаанаар л хийж байгаа. Тиймээс эмч хүн шинжилгээнд бүрэн найдаж болохгүй. Тухайн хүний сэтгэл санааны байдал, орчин нөхцөл, хүчин зүйлийг шинжилгээний аппарат танихгүй. Цусанд энэ бодисыг хийвэл эдгээр өөрчлөлтийг танина гэсэн тодорхой хэдэн үзүүлэлтийг л үзүүлж байгаа. Гэтэл тухайн хүний биед хэдэн мянган өөрчлөлтүүд гарч байгаа шүү дээ. Тиймээс эмч хүн шинжилгээгээр гаргаж болох үзүүлэлтээс гаднах маш олон өөрчлөлтийг өөрийн мэдлэг чадвар, оюун ухаандаа тулгуурлаж илрүүлэх хэрэгтэй. Зүрх нь өвддөг хүн зүрхний бичлэг хийлгэж, зүрхний эход үзүүлэхэд эрүүл гардаг ч судсаа бариулахад зүрхний төрөлхийн өөрчлөлттэй байдаг. Янз бүрийн шалтгаан нөхцлөөс болж зүрхэнд гарч байгаа өөрчлөлтийг шинжилгээний багажууд илрүүлэхгүй байх тохиолдол байна.

-УАУ-ы эмчилгээг хураах, боловсруулах, сүүл таслах зэрэг үе шаттайгаар хийдэг гэсэн. Энэ нь ямар учиртай юм бол?

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээний зарчим гэж бий. Тухайн хүний бие махбод, өвчин, өвчний үе шатаас шалтгаалаад эмчилгээний тактикийг янз бүрээр боловсруулдаг. Ерөнхийдөө эмчилгээний урьдал үе, үндсэн эмчилгээ, эмчилгээний сүүлийг таслах гэсэн үндсэн  гурван үе шаттай байна. Жишээ нь,  хураах, боловсруулах, ялгах гэдэг нь урьдал эмчилгээ юм. Хэрэв шууд үндсэн эмчилгээ хийвэл тухайн тохиолдолд сарнисан өвчин байвал үндсэн эмчилгээ нь онож үйлчилдэггүй. Тиймээс тухайн өвчнийг хурааж байгаад үндсэн эмчилгээг хийдэг. Мөн боловсроогүй халуун өвчин байвал халууны эсрэг сэрүүн эмчилгээг хийх ёстой. Гэтэл шууд сэрүүн эмчилгээ хийчихвэл боловсроогүй учраас өвчин нь эдгэхгүй улам архагшдаг. Тийм учраас хураах, боловсруулах, ялгах зэрэг урьдал эмчилгээг хийх хэрэгтэй. Үүний дараагаар үндсэн эмчилгээ хийнэ. Тухайн хүний онцлогоос шалтгаалаад өвчин янз бүрээр эдгэдэг. Тиймээс тухайн эмчилгээний сүүлийг яаж таслах вэ гэдэг нь их чухал. Эргээд тэр өвчнийг буцаахгүй, мөн эмчилгээний хэмжээг хэтрүүлэн бусад эд эрхтэнг өвчлүүлэхгүйн тулд хэзээ, яаж сүүлийг таслах вэ гэдгийг зохицуулах хэрэгтэй.

-Тэгэхээр тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай байх нь ээ. Зарим хүмүүс эм, тан ууж, эмчилгээ хийлгэж эхлэнгүүтээ өвчин нь эдгэхгүй байна гээд хаячихдаг шүү дээ?

-Уламжлалт ч бай, европ анагаах ухааны аргаар ч бай аливаа өвчнийг бүрэн төгс эдгээхийн тулд нэг эмчээр дагнан эмчлүүлэх хэрэгтэй. Тухайн эмч эмчилгээний тактик боловсруулаад тэр өвчнийг хурааж байх үед нь “Өө миний зовиур арилахгүй байна” гээд үндсэн эмчилгээ эхлэхээс өмнө хаяад явчих тохиолдол байна. Хүмүүс өвчнөө удаан хугацаанд үүсгэчихээд маш богино хугацаанд эдгээх гэж зүтгэдэг. Гэтэл хэр хурдан эдгэх нь тухайн өвчний байдлаас шалтгаална. Жишээ нь, ходоодны өвчин гэхэд эрхтэний махбодын онцлогоос шалтгаалж удаан хугацаанд үүсдэг. Үүнийг доод тал нь зургаан сар эмчилж, нэг жил эмчийн хяналтад байх хэрэгтэй. Ингэж байж ходоодоо бүрэн дүүрэн эмчилнэ. Өвдөлт намдлаа л бол миний ходоод өвдөхөө больсон гээд эмчилгээгээ тасалчихвал хоёр сарын дараа дахиад л өвдөнө. Тиймээс тууштай сайн эмчлүүлэх нь чухал. Зарим өвчнийг боловсруулах, хураах гэсэн урьдал эмчилгээ хийлгүй шууд үндсэн эмчилгээг хийж, богино хугацаанд эдгээх тохиолдол ч байна. Уламжлалт эмчилгээ заавал зургаан сар, нэг жилийн хугацаанд үргэлжлэхгүй. Өвчин, өвчтөн, улирал гэх мэт олон зүйлээс шалтгаалж эмчилгээний хугацаа урт, богино янз бүр байна.

-“Манба Дацан” эмнэлгийн хувьд ямар ямар өвчнийг эмчилж байгаа вэ?

-Манай “Манба Дацан” эмнэлэг маш олон төрлийн өвчнийг эмчилж, илааршуулж байгаа. Янз бүрийн хавдар, вирусын, хордлогын гаралтай, таван цул зургаан сав эрхтэн, арьсны, ясны өвчин, судас шөрмөс, цусны өвчин, адын өвчин гээд хүний биед ямар л өвчин байна түүнийг эмчилж эдгээх боломжтой.

-Адын өвчин гэж юу вэ. Үүнийг яаж эмчлэх вэ?

-Адын өвчин бол хүн бусын хорлол юм. Аливаа өвчин цаг улирлын, идээ унд, явдал мөрөө буруудуулах зэрэг олон нөхцөлтэйгээс гадна адын нөхцлөөр бас үүсдэг. Адад хорлогдож байгаа гол шалтгаан нь тухайн хүнээс өөрөөс нь их шалтгаална. Тухайн хүний муу үйлтэй нь зохицсон хүн бусын хорлол өвчин болж ирж байгаа хэрэг. Тухайлбал, хүүхдийг хорлодог 18 их ад гэж бий. Ялангуяа дөнгөж төрсөн нярай хүүхдийг хорлодог. Эцэг, эх нь хэрэлддэг, янз бүрийн муу үйл үйлддэг, санадаг сэтгэдэгээс үүдэн хүүхдийн адууд хүүхдийг нь хорлодог юм. Хүн бие, хэл, сэтгэлийн нүгэл үйлдвэл адад хорлогддог. Архи уудаг хүн архины адад, хэрүүл хийдэг хүн хэл амны жатга гэх адад хорлогдоно. Адад хорлогдсоныг судсаар, шээсээр, тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдгүүдээр олж таньж, яг тэр адад нь тохирсон гүрэм заслыг хийх хэрэгтэй. Адаас болсон өвчинд эм уулгаж, янз бүрийн эмчилгээ хийгээд нөлөөлөхгүй. Харин адын тохирсон гүрэм заслыг онож хийвэл тэр өвчин эдгэрнэ. Адын өвчин ихэнхдээ хүний сэтгэцэд нөлөөлдөг, мөн бие эрхтэнийг нь ч өвчлүүлдэг.

-Хэдэн зуун жилийн өмнөөс Монгол оронд Манба дацангууд ард иргэдийг эмчилж, өвчнөөс урьдчилан сэргийлж ирсэн. Тэгвэл өнөө цагт ч бас уламжлалт анагаах ухааныг анхан шатны өрхийн эмнэлгийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломж бий юу?

-1930-аад оноос өмнө Монгол оронд эмчилгээ, сургалт, эмийн үйлдвэрлэл зэрэг эрүүл мэндийн асуудлыг Манба дацангууд хариуцаж байсан. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны эмч нар бүх шатны эмнэлгүүдэд байх хэрэгтэй. Орчин үед бэлтгэгдэж байгаа уламжлалт анагаах ухааны эмч нар Өрнийн анагаах ухааны мэдлэгийг давхар эзэмшиж байгаагаас гадна уламжлалт эмчилгээний аргууд өргөн дэлгэр учраас өрхийн эмнэлэгт ажиллавал илүү үр дүнтэй. Бүх өвчин эмээр эдгэнэ гэсэн ойлголт уламжлалт анагаах ухаанд байхгүй. Суулгаж байгаа хүүхдэд төөнүүр хийх, тостой даавууг бүлээсгээд жин тавих зэргээр эмчилгээний аргуудыг сонгож болно. Тиймээс ард иргэдэд илүү ойрхон байдаг хөдөө орон нутгийн өрхийн эмнэлгүүдэд уламжлалт анагаах ухааны их эмч маш их хэрэгтэй байна.

-Эрүүл мэндийн үйлчилгээ аюулгүй, чанартай байх ёстой. Үүнийг “Манба Дацан” эмнэлэгийн зүгээс хангаж чадаж байна уу?

-“Манба Дацан” эмнэлэг аюулгүй, чанартай үйлчилгээг үзүүлж чадаж байгаа. Орчин цагт “Буух эзэн, буцах хаягтай”, анагаах ухааны мэдлэг, чадварыг эзэмшсэн хүнд үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байх хэрэгтэй. Өөрсдийгөө ид шидтэй гэж зарлаж байгаа хүн дээр өвчтэй хүмүүс их очих боллоо. Энэ бол хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дорой байгаагийн илрэл. Эрүүл мэнд бол тоглоом хийх эд биш. Хэрэв буруудвал шууд амь насаа алдана. “За үхчихлээ, маргааш сэхээнэ” гэсэн ойлголт байхгүй. Хүн машин, эд хөрөнгөө барж, сүйтгэж болно. Харин эрүүл мэндээрээ тоглож болохгүй. “Би өөрийнхөө биеийг тоодоггүй юм өө”, “Би их хэнэггүй хүн” гээд эрүүл мэндээ бодохгүй явдаг нь маш буруу. Хүний бие бол маш нарийн бүтэцтэй зүйл. Тухайн хүн бие махбодоо ямар нарийн, нандин бүтэцтэй эд вэ гэдгийг мэддэг бол ингэж эрүүл мэнддээ хайнга хандахгүй байх. Хэдэн сая долларын үнэтэй машин байвал түүнийгээ их нандигнаж, сэвтүүлэхээс болгоомжилдог. Гэтэл хүний бие гэдэг ямар ч эд баялгаас үнэ цэнэтэй, хэн ч бүтээж чадахгүй нандин зүйл. Бид үүнийг судлах тусам хүний бие гэдэг ямар нандин нарийн бүтэцтэй юм, хүний амьдрал гэдэг чинь ямар их утга учиртай ховор төрөл юм бэ гэдгийг ойлгож, мэдэх болсон. Тиймээс эмч хүн үйлчлүүлэгчийнхээ бие, эрүүл мэндэд хянамгай ханддаг. Гэтэл тухайн хүн өөрийнхээ биеийг хайрлахгүй байгаа нь үнэхээр буруу. Судар номонд “Хүний бие эрдэнийн хөлөг онгоц шүү” гэж бичсэн байдаг. Мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд, аливаа сайн буянлаг үйл бүтээхэд эрүүл бие, сэтгэл чухал. Тиймээс эрүүл мэндээ хамгаалж, хайрлаж явах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

“Уламжлалт анагаах ухаан” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *