ОМИС–ийн Эм судлалын тэнхимээс зохион байгуулсан “Эм судлалын олимпиад” амжилттай болж, өнөөдөр түрүүлсэн оюутнуудаа шалгарууллаа. Оюутан суралцагчдын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, онолын мэдлэгээ бататган практикт хэрэглэх чадварыг төлөвшүүлэх зорилготой тус олимпиадад Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн 1-5-р курс, Эмзүйн 3, 4-р курсын 27 оюутан оролцож, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.
Олимпиадад Эмзүйн 3-р курсын оюутан Б.Бямбасүрэн илт давуу байдлаар шалгарч 1-р байр эзэлсэн бол УАУ-ы хүний их эмчийн 5-р курсын оюутан Э.Хишигсүрэн 2-р байр, УАУ-ы хүний их эмчийн 5-р курсын оюутан Б.Отгонбямба 3-р байр эзэлсэнд өргөмжлөл мөнгөн шагналын хамт гардууллаа.
Цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах энэхүү уралдааны нэг онцлог нь 1-3 –р курсын оюутнууд жор бичих төрөлд оролцон нийт даалгаврын 80 гаруй хувийг амжилттай гүйцэтгэсэн явдал байв. Жор бичих төрөлд УАУ-ы хүний их эмчийн 1-р курсын оюутан Г.Энхцэцэг тэргүүлж, УАУ-ы хүний их эмчийн 1-р курсын оюутан С.Халиунаа дэд байр, УАУ-ы хүний эмчийн 1-р курсын оюутан Т.Энх-Уянга гуравдугаар байрт шалгарсан юм.
ОМИС-ийн “Эм судлалын олимпиад”-ыг дэлхийн эмийн зах зээлд болон Монгол улсад чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлдэгээрээ алдартай Германы Денк фарм компани ивээн тэтгэж, байр эзэлсэн оюутнуудад мөнгөн шагнал олгохоос гадна олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнуудад гарын бэлгээ гардууллаа.
Тус олимпиадад шагналт байр эзэлсэн оюутнууд АШУҮИС–аас зохион байгуулдаг “Эм судлалын улсын олимпиад”-д сургуулиа төлөөлөн оролцох юм.