Анагаах ухааны сахиуснууд хэнийг ч ялгалгүй харж хамгаална

Өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурханаас зарлиг авч, тангараг тавьсан чойжин сахиус нь Ноджин чэнбо дорж дүд дүл /Шанлон/ шашны их сахиус Дамжан дорж лэгва тэргүүтэн юм.
Энэхүү хоёр сахиус нь ертөнцөд оршиж байдаг учир даатгал, айлтгалыг тэр даруйд болгоож, өдөр гурав, шөнө гурван удаа эргэж, дэргэдээс хагацахгүй харж хамгаалдаг байна. Эд агуурс хэмжээлшгүйг хайрлаж, өвчин, ад хулгай, дайсан тэргүүтэн хийгээд гадна дотны барцад саадыг амирлуулна. Нас буян, эд өглөг, хотол чуулган анагаах ухааны үйлсийг дэлгэрүүлэн зохионо хэмээдэг.
Буян үйлдэж, дээдийн номыг бүтээж, анагаах ухаанд бие сэтгэлээ зориулж буй хэнийг ч болов сахин хамгаалж, барцад саадыг арилган үйлдэж, санасан бодсон хэрэг зорилгыг нь бүтээдэг аж. Анагаах ухааны онол, шүнг арван тавны сар адил дэлгэрүүлнэ.
Ноджин чэнбо дорж дүд дүл, Дамжан дорж лэгва сахиусны жинанг тусгай дэг жаягийн дагуу дамжуулан авдаг. Сахиусыг бясалган тахихдаа байр орноо сайтар цэвэрлэж, сан, сүр уугиулж, сахиусныхаа хөргийг өөрийн өмнө залаад Очирваань бурханы дүрд хувилан бясалгана.
Манба Дацан хийдэд сар бүрийн шинийн арванд тахидаг уламжлалтай. Үүнээс гадна дамжлагатай хүн өдөр бүр анагаах ухаан, эмчийн үйлс, амьтны ажил үйлс, өвчин зовлонг даатган дором өргөж, сүр, сан тавьж баясган тахидаг байна. Энэхүү хоёр сахиус нь Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн гол сахиус билээ.

Ноджин чэнбо дорж дүд дүл

Ноджин чэнбо дорж дүд дүлийн лагшингийн өнгө нь хар хөх, үе мөч гишүү нь бүдүүн махлаг, богиновтор, хэвлий том, нэг нүүртэй, хоёр мутартай, улаан бөөрөнхий гурван нүд төгөлдөр, машид догшин дүр байдалтай, баруун мутар нь дээд өглөгийн чагжатай бөгөөд энэхүү мутартаа зэндмэнэ эрдэнийг барьсан, зүүн мутартаа рашааныг дүүргэсэн бумбыг тааллын тус газарт барьсан, тэргүүндээ их эрдэнийн гэрэл цацруулсан титэмтэй, лагшиндаа гурван давхар хар өнгийн торгыг таалсны зах хүрээгээр нь их эрдэнийн алтан утсаар эмжсэн, хонх тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэгдсэн, хоёр хөлөндөө эрдэнэсээс бүтсэн гутлыг таалсан, билгүүний гал бадарсан дүр байдалтай.

Дамжан дорж лэгва

Эрдэнийн гуу сангийн эзэн Дамжан дорж лэгвийн лагшины өнгө нь хар хөх, нэг гүүр, хоёр мутартай, дугариг улаан гурван нүдтэй, амаа бага зэрэг ангайсан бөгөөд давхар соёотой, сахал, хөмсөг, үс нь улаан шар бадарсан өнгөтэй, тэргүүндээ эрдэнийн титэмтэй, могойн толгойтойг соёрхсон, есөн давхар торго магнагийг эрдэнэ хийгээд ясан элдэв чимгээр чимэглэсэн, баруун мутартаа гал бадарсан хүрэл ширмэн алхыг огторгуй өөд далайсан, зүүн мутартаа их хий салхин сангийн хөөрөг тулмыг барьсан, хоёр хөлөндөө эрдэнийн сайран гутлыг өмсч, хүчтэй догшин эр сэрх ямаа хөлөглөн баяссан байдалтай. Түүний өмнө нууцын Юүмчин гурван жар хийгээд Сажэд, Поня тэргүүтэн тоолшгүй нөхөр сэлтийн хамт заларна. Бурханы өмнө зарлигийг сонсч амьтны тусын тулд бурханы шашин, анагаах ухааныг хамгаалан сахихаар ам тангараг авсан сахиус юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *