ОМИС-ийн Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд 10 гаруй илтгэлийг хэлэлцүүллээ

Оточ Манрамба Их Сургуулийн 2016-2017 хичээлийн жилийн 1-р хагасын Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал хоёрдугаар сарын 03-нд боллоо. Оточ Манрамба Их сургуулийн Төгсөлтийн дараах сургалтын албанаас зохион зохион байгуулсан энэхүү Эрдэм шинжилгээний бага хурал нь уламжлалт анагаах ухааны эмч, багш, магистрантуудын шинжилгээ, судалгааны ажлын явц, үр дүнг нийтийн хүртээл болгож хэлэлцүүлэх, судалгааны үр дүнг үнэлэх, туршлага солилцоход чиглэж байгаа юм.

Хурлыг нээж Оточ Манрамба Их сургуулийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал Г.Чойжамц үг хэлж, энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулснаар оролцогчид судалгааны ажлын үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтойг онцолж байлаа.

Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд “Бүтов жорын фармакологийн судалгааны зарим үр дүн”, “Монголын болон Хятадын УАУ-ы хэл оношилгооны харьцуулсан судалгаа”, “Гараг ад өвчнөөс сахих арга”, “Шар усны өвчний хувирах ёсонд хийсэн судалгаа”, “Бяцхан навчит ортуузын (Oxytropis microphylla(Pall.)DC.)) фармакологийн зарим судалгаа”, “Зарим өвсөн эмийн ШУ-ы нэршил оноосон дүйцүүлэл”, “Оточ Манрамба Их сургуулийн оюутнуудад стресс үүссэн байдлын судалгаа”, “ОМИС-ийн номын сангийн төвд судар номыг ангилах номзүйчлэх, каталог зохион байгуулах арга зүй”, “УАУ дахь ходоодны өвчний ангиллын судалгаа”, “Тарималжуулж Буй Урал Чихэр Өвс /Glycyrrhiza Uralensis Fisch/-ийн эмийн түүхий эдэд ашиглах боломжийг судалсан дүн”, “Эм эмийн түүхий эдийн ёгт нэрийн судалгаа”, Хэрэх өвчний ерөнхий шинж тэмдгийг харьцуулсан судалгаа”, “Артсан 3 бэлдмэлийн вирусын хувилалд нөлөөлөх үйлдлийн судалгаа” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

Эдгээр илтгэлээс тэргүүн байрыг “Бяцхан навчит ортуузын (Oxytropis microphylla(Pall.)DC.)) фармакологийн зарим судалгаа” сэдэвт итгэлээрээ АУ-ы магистр Ц.Тамир, хоёрдугаар байрыг “Шар усны өвчний хувирах ёсонд хийсэн судалгаа” сэдэвт илтгэлээрээ АУ-ы магистрант Л.Чимэдцогзол, гуравдугаар байранд “УАУ дахь ходоодны өвчний ангиллын судалгаа” сэдэвт илтгэлээрээ АУ-ы магистрант Б.Болорчимэг нар хүртсэн юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *