Дэвтээлэг засал нь биеийн тамир тэнхээг тэтгэж, хийг дарах тустай

Дэвтээлэг засал гэдэг нь биеийн гадна талаас байгаль, амьтан, ургамлын гаралтай зүйлээр ороох, түрхэх, утах зэргээр хэрэглэдэг заслыг хэлэх бөгөөд хэлбэрээр нь рашаан дэвтээлэг, боох дэвтээлэг, сэвсэн дэвтээлэг гэж 3 ангилдаг. Дэвтээлэг нь эмт бодисын үйлчлэлээр бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн, тунгалгийн эргэлт, хий, цусны гүйдлийг сайжруулж, үе мөч, булчин шөрмөсийг сулруулан, хавдарыг хариулж, шар ус, мах ясанд шар ус шунах, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, булчин, ясны шар усны эмгэг, үений үрэвсэл, захын мэдрэлийн эмгэг, зэрэг хий шар усны гэм зонхилсон өвчний үед хэрэглэнэ. Харин халдварт өвчин, хямарсан, дэлгэрсэн халуун, усан хаван, эс шингэсэн өвчин, амьсгал, зүрхний шигдээс, зүрх судас, элэг, бөөрний дутагдал, цусны даралт ихдэх өвчний II-III үе, хорт хавдар, цус алдалт зэрэг өвчний үед рашаанд оруулж болохгүй.

Рашаанд орохын ӨмнӨх бэлтгэл

Эмчлүүлэгчийг хоол унд хэрэглэснээс хоёр цагийн дараа рашаанд оруулах бөгөөд судасны лугшилтын тоо, цусны даралт, амьсгалын тоог үзэж бэлтгэл хангана. Рашааныг 2 литр усанд 20-30 минут буцалган хандалж, бэлдсэн хандыг усны онгоцонд хийж бэлтгэсэн усанд хийж, 15-20 минут орчим оруулна. Усанд оруулах онгоцны усыг бэлдэхдээ эмчлүүлэгчийн зүрхний доод түвшинд хүрэх хэмжээгээр хийсэн байх хэрэгтэй. Рашаанаас гарсны дараа хөлсийг цэвэр даавуугаар салхи цохиулахгүй арчиж, дулаан хувцаслуулж, малгай өмсөх, эсвэл алчуураар бооно. Хөлс бүрэн дарагдсаны дараа буюу рашаанаас гарсанаас хойш 1-2 цагийн дараа шар үсний сүвийг хаах түрхлэг хийнэ. Хануур, туулга хийлгэсэн өвчтөнийг 3-5 хоногийн дараа рашаанд оруулдаг. Хүйтэн хийн өвчтэй хүнд рашааны дараа төөнүүр хийнэ. Цус шарын өвчтэй хүнд рашаанд орсны дараа хануур хийх бөгөөд зохих эм танг өгнө.
Яс, булчин шөрмөсний гэмтэл, үе мөчний архаг үрэвсэл, захын мэдрэлийн эмгэг, саа саажилт, хий бүрэлдсэн өвчний үед боох дэвтээлгийг хийх бөгөөд биеийн гадаргууд 37-38 градусын халуунтай 3-4 см зузаантай эмт бодисыг эсвэл рашааны ханд шингээсэн даавууг эмчилгээ хийх биеийн хэсэгт шаваж, даавуугаар бооно. Дараа нь нимгэн гялгар цаасаар дээгүүр нь ороож, зузаан даавуугаар битүү боодог. Энэхүү заслыг 10-15 минутын хугацаатай 3-5 удаа хийх бөгөөд боох дэвтээлгийг үений хурц үрэвсэл, арьсны хурц болон архаг үрэвсэл, хураагуур судасны эмгэг, цус алдалтууд, арьсны харшлын үед хийж болохгүй.
Дэвтээлгэ засал нь биеийн тамир тэнхээг тэтгэж, турсаныг таргалуулах бөгөөд хийг дарж, хий, цусны гүйх мөрийг сайжруулна. Эмчилгээний дараах гамыг сайтар сахиж, хэт даарч, хөрөхгүй, бороо усанд норохгүй, хүйтэн ус хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч О.Үүрийнцолмон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *