Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, доктор Г.Одонцэцэгтэй өвчний ангилал болон хүн амын дунд зонхилж буй өвчлөлүүдийг уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчилж байгаа талаар ярилцлаа.
Өрнийн анагаах ухаанаар оношийг нь тодруулж чадахгүй байгаа маш олон өвчнийг уламжлалт анагаах ухаан эмчлээд байгаа нь уламжлалт анагаах ухааны өвчний ангилалтай холбоотой байх. Тиймээс уламжлалт анагаах ухаанд өвчнийг хэрхэн ангилдаг талаар яриагаа эхлэе?
Уламжлалт анагаах ухаан яагаад Европ анагаах ухааны оношилж чадахгүй байгаа өвчнийг оношлоод, эмчлээд байна вэ гэдэг нь энэ хоёр анагаах ухааны онолын зөрүүтэй холбоотой. Тухайлбал, уламжлалт анагаах ухаанд анх хүний бие бүрэлдэхэд хамт үүсч, төрсөн 1080 ад гэж байдаг. Мөн хүний биеийн гадна орчинд байдаг ад зэтгэр хүний бие, сэтгэлд нөлөөлж өвчлүүлдэг. Адын өвчний шалтгаан, нөхцөл, урвах ёс, шинж тэмдэг, эмчилгээг тодорхой заагаад өгсөн байдаг. Тиймээс адын өвчнийг таньж, оношлоод эмчлээд байгаа юм. Мөн УАУ-д хийн судас, үндсэн болон гишүү таван хийн тухай онол байдаг бөгөөд хүний биеийн бүтэц, үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй. Хийн хэвийн үйл ажиллагаа алдагдвал олон төрлийн өвчин эмгэгийг үүсгэдэг. Энэ талаарх онолын ойлголт Өрнийн анагаах ухаанд байхгүй учраас үүнийг оношилж, эмчлэх боломжгүй болж байгаа юм. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг ангилахдаа хүний бие, сэтгэлийг цогцоор нь өвчний шалтгаан, нөхцөл, таван махбод, хий, шар, бадганы уялдаа холбоогоор нь авч үздэг учраас Өрнийн анагаах ухааны өвчний ангиллаас онолын болон ангиллын арга аргачлалын ихээхэн зөрүүтэй байдаг.
Өвчнийг үүсч буй шалтгаан нөхцлөөр нь ангилдаг гэсэн. Ямар шалтгаанаар өвчин үүсдэг вэ?
Өвчнийг шалтгаан нөхцлөөр нь ангилах нь өвчний шалтгааныг тодруулаад зогсохгүй тавиланг ч мөн тодорхойлж байдаг. Энэ нь оношилгоо, эмчилгээний чухал ач холбогдолтой. Өвчин тус бүрийг үүсгэх маш олон шалтгаан байдаг боловч үүнийг үндсэн гурван шалтгаанд хураадаг. Нэгдүгээрт, урьдын муу үйлийн үрээр боловсорсон өвчин. Хоёрдугаарт, өвчин үүсэх цаг, ад, идээ, явдал мөрөө илүүдүүлж, дутуудуулж, буруудуулснаас болсон өвчин. Гуравдугаарт, энэ хоёр шалтгаан холилдсоноос үүссэн өвчин. Урьдын муу үйлийн үрийн өвчин нь шалтгаан, нөхцөл өчүүхэн төдийд байхад өвчний хүч их, явц түргэн, хүндрэл ихтэй, хичнээн зөв оношлоод сайн эмчилгээ хийсэн ч ихэвчлэн үхэлд хүргэх тавилантай байдаг. Мөн өвчнийг бодгальтай нь уялдуулж, эрэгтэй, эмэгтэй, манин, хүүхдийн, залуусын, хөгшидийн өвчин гэж ангилахаас гадна язгуур хэлбэрээр нь шархны, халууны, дотрын өвчин, байршлаар нь таван цул, зургаан сав, арьс, судас, мах булчин гэх мэтээр нарийн ангилдаг. Эдгээр ангиллыг хий, шар, бадганы бэлгэ чанар, тэдгээрийн дүр урвалттай уялдуулж өвчний ангиллын тоон үзүүлэлтийг гаргавал 1060 зэрэгт тооны өвчин байна гэж үздэг. Энэ бүх өвчнийг уламжлалт анагаах ухааны эмч оношилж, эмчлэх боломжтой гэсэн онолын гаргалгаа бий. Эмчийн мэдлэг оюун, практик дадлагын чадамж өндөр байх тусам тэр хэмжээгээр тухайн бодгалд тохирсон маш нарийн оношийг тавьж болно гэсэн үг юм.
Ямар ч шинжилгээний багаж хэрэгсэлгүйгээр бүхий л өвчнийг оношлох боломжтойгоороо уламжлалт анагаах ухааны оношилгооны аргууд үнэхээр онцгой, сонирхолтой санагддаг. Уламжлалтын оношилгооны талаар хэлж өгөөч?
Уламжлалтын эмчийн оношилгоо өвчтөн хаалгаар орж ирэхээс л эхэлнэ. Өвчтөний царайны өнгө, биеийн хэлбэр галбир, хэл гээд гаднаасаа харагдаж байгаа байдлыг харж оношлохоос гадна цэрний өнгө, өтгөн, шингэн, цусны байдал зэрэг нүдээр харж оношилж болох бүхий л зүйлийг хардаг. Мөн биеийн халуун хүйтэн, овгор, товгор, хатуу зөөлөнг хүрэлцэж шинжилнэ. Дараагийн нэг оношилгооны арга бол асуух шинжилгээ юм. Өвчтөний хаана өвдөж байна, өвдөлт нь хорсож, хатгуулж, базалж байна уу, өглөө, орой, шөнө, хэзээ өвдөж байна, ямар шалтгаан нөхцлөөс болсон, урьд нь ямар эмчилгээ хийлгэж байсан, хэдий хугацаанд өвдөж байгаа гээд бүхий л зүйлийг асууж тодруулна. Уламжлалт анагаах ухааны хамгийн нарийн, эмчийн чадвар чансааг шаардсан оношилгоо бол судас оношилгоо, шээс оношилгоо юм. Судас оношилгооны талаар уламжлалт анагаах ухааны онолд нарийн зааж өгсөн байдаг. Гэхдээ судас оношилгоог зөвхөн онолын түвшинд судлаад оношилно гэдэг учир дутагдалтай. Олон удаагийн давталтаар олон хүний судас чагнаж үзэх хэрэгтэй. Манлын тарнийг маш олон удаа урьж уншсан, судасны бясалгал хийсэн байх хэрэгтэй. Эмчид бодь сэтгэл төрсөн байх ёстой. Оюун ухааны өндөр түвшний мэдлэг, тарнийн хүч, бодь сэтгэлийн хүчээр судас оношилгоог хийнэ. Өвчтөнүүд, зарим эмч нар хүртэл судсаар оношилж болдог юмуу гэж гайхдаг. Миний хувьд судас оношилгоог багшаар заалгаж сурсан, 20 жил өөрөө багшилсан, энэ талаар олон зуун ном судар уншиж судлаж, бичиж, олон хүн үзэж, хичээж дадуулсны үр дүнд үнэхээр энэ судас оношилгоогоор өвчин төдийгүй тухайн хүний тухай маш олон зүйлийг мэдэж болдог юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Судсаар оношлох чадварыг эзэмшсэн хүн өвчтөний судсанд хүрэлцээд чагнах төдийд эмчийн мэдлэг чадвар, бодь сэтгэл өвчтөнд эхний эмчилгээ болж нөлөөлж байдаг юм байна гэдгийг таньж мэдсэн. Уламжлалт анагаах ухааны судас оношилгоо бол эгэлийн ухаанаар таньсан арга биш юм билээ. Сэтгэл оюуны эгэл бус түвшинд хүрсний үндсэн дээр судас оношилгоо гэдэг нь ийм байна, энэ үед ингэж лугшина, зурхай, улиралтайгаа ингэж холбогдоно шүү гэдгийг зааж өгсөн байна. Тиймээс бид үүнийг судалж, ойлгож, таньж, мэдээд бусдын тусад хэрэгжүүлээд явах нь чухал байна.
Савны хий гэх ойлголтын талаар хэлж өгөөч. Савны хий гаргах бариа хийнэ гэсэн зар их байдаг. Ямар эмчилгээ хийх ёстой вэ?
Сав буюу умай гэдэг эрхтэн хийн оронд оршдог, хийн үйлдлүүд зонхилон явагддаг. Хурьцлын үйл, үр тогтох явц нь хийн үйлдлээр явагддаг. Умайд тогтсон ураг 40 долоо хоногт долоо хоног бүр өөр өөр хийн үйлдлээр ургийн эд, эрхтэнүүд үүсэн төлжиж байдаг учраас умайд маш их хийн үйлдлүүд явагдаж байдаг. Үр хөврөл тогтоод, эд эрхтэнүүд үүсч, төлжих хугацаанд эхийн хэвлийд тогтоон барих, сар нь гүйцэхэд нярайлах үйлдлийг уруу арилгагч хий гүйцэтгэдэг. Тиймээс нярайлсны дараах гамыг сахиагүйн улмаас савны хий хямарч, түүнээс үүдэн хийн шалтгаантай олон өвчин эмгэг үүсдэг. Тухайлбал, уруу арилгагч хийн гүйдэл дээш буруудсанаар зүрх, амин судасны хийн гүйдлийг буруудуулж, энэ нь сэтгэлийн гүйдлийг хямрааснаар галзуурах, сэтгэл долгисох зэрэг эмгэгүүдийг үүсгэдэг. Мөн савны хий бүрэлдсэн өвчин үүссэнээр хийн судсаар дамжин судлын 16 төрлийн өвчнийг үүсгэдэг. Харин европ анагаах ухаан дахь эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалд савны хийн тухай ямар ч ойлголт байхгүй учир энэ төрлийн өвчин эмгэгийг оношилж, эмчлэх боломжгүй. Тиймээс энэ төрлийн эмгэгтэй хүмүүс европ анагаахын эмнэлэгт хандсан тохиолдолд бүрэн дүүрэн оношилгоо, эмчилгээ хийх боломжгүй байдаг нь амьдрал дээр ихээхэн ажиглагддаг.
Хүүхэд тан ууж болох уу, уламжлалтаар эмчлүүлж болох уу гэж их асуудаг. Тэр дундаа нярай хүүхдэд тан өгч болохгүй биздээ гэсэн хандлагатай хүмүүс их бий. Та үүнд хариулаач?
Хүүхэд, залуус, хөгшид гээд бүх насныхан адилхан таван махбодоос бүтсэн бие махбодтой, тус тусын бэлгэ чанарыг агуулсан хий, шар, бадган үйл ажиллагаагаа явуулж байдаг учраас уламжлалт оношилгоо, эмчилгээг хийлгэж болно шүү дээ. Уламжлалт анагаах ухаанд нялхасын өвчний талаарх бүхэл бүтэн салбар ухаан байна. Уламжлалт эм, эмчилгээг бүх насныхан хэрэглэж болно.
Утаа, агаарын бохирдлоос болж ханиад томуу их байна. Ханиад томуунд уламжлалт эмчилгээ их үр дүнтэй гэдэг юм билээ?
Ханиад нь маш олон төрлийн шалтгаан нөхцлөөс болж үүсдэг. Үүний нэг нөхцөл нь яах аргагүй утаа, агаарын бохирдол юм. Ханиад томуу нь халуун мөн чанартай өвчний язгуурт багтдаг. Хамар, хоолой, уушгины ханиад байна уу гэдгээс хамаараад эмчилгээг тохируулж хийнэ. Ерөнхийдөө өвчний эхэн үе, дэлгэрч байгаа үе, эдгэрэлтийн үе гэсэн гурван үе шаттай нь харгалзаж эмчилгээг хийнэ. Өвчний эхэн үед хөнгөн байдаг учир яаралтай арга хэмжээ авбал цааш дэлгэрүүлэхгүй эдгээх боломжтой. Харин дэлгэрсэн үедээ орсон бол дэлгэрсэн ханиадыг сайн дараад эдгэрэлтийн үеийг нь маш сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс эм уугаад, эмчилгээ хийлгээд ханиадны шинж тэмдэг арилангуут эдгэчихлээ гэж бодоод эдгэрэлтийн үеэ анхаардаггүй. Гэтэл эдгэрэлтийн үед их хямардаг. Ойрын үед манай эмнэлэгт хямарсан, халдварт зэрэг ханиадны эдгэрэлтийн үедээ хямарч байгаа хүмүүс их ирж байна. Даралт ихэслээ, зүрхээр өвдөж, нойр сэрвэлзэж, үе мөч өвдөж байна, ханиад бол эдгэсэн гэдэг. Энэ бол эдгэрэлтийн үеийг анхаарч, ханиадыг бүрэн төгс эмчлээгүйгээс эдгэрэлтийн үеийн хямрал явагдаж байгаа хэрэг. Хэрэв эдгэрэлтийн үеийн хямралыг дарахгүй бол ясанд халуун шунаад хэрэх, үе мөчний өвчин үүсэх, ходоод өвдөх, даралт ихсэх, нойргүйдсэнээс болж зүрхний хий үүсдэг. Ханиадыг бүрэн эмчлэхгүй байх нь ийм л хор уршигтай. Ханиад бол байнга хүрээд дорхноо эдгэчихдэг энгийн өвчин биш. Ханиадыг дутуу эмчилснээс болж олон өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Өвөл хальтиргаа гулгааны улмаас гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсдэг гэдэг. Гэмтэж бэртсэн хүмүүс Манба Дацан эмнэлэгт хэр ханддаг вэ?
Манай Манба Дацан эмнэлэг бэртэл, гэмтэлтэй олон хүнийг үр дүнтэйгээр эмчилж байна. Зөөлөн эдийн гэмтэл, хугарал бэртэлд уламжлалт эмчилгээ маш сайн. Ер нь бүх бэртэл гэмтэл болон бүх мэс заслын дараа гэмтсэн халуун үүсч, энэ нь цусанд эмгэг өөрчлөлт үүсгэж, цаашлаад элэгний олон төрлийн өвчний эхийг тавьдаг. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй санагддаг. Зөөлөн эд гэмтэх, судас шөрмөс тасрах, мах булчингийн бэртэл, ясны хугаралд олон төрлийн эмчилгээний аргууд, эм, тангууд байна. Бид үүнийг ард иргэддээ хэрэглээд, туслаад л явж байна. Уламжлалт анагаах ухаан яагаад бэртэл гэмтэл, шарх сорвинд сайн байна вэ гэхээр уламжлалт анагаах ухаан ид дэлгэрч, хөгжиж байсан үетэй давхцаад дэлхий дахинд дайн тулаан их болж байсан. Дайн тулааны үеэр маш их хүн бэртэнэ, гар хөл тайрагдана, булчин шөрмөс тасарна. Энэ бүхэнтэй уялдаад уламжлалт анагаах ухаанд гэмтэл, хугарлыг эмчлэх арвин туршлага бий болсон. Одооны энэ өвлийн хальтиргаа гулгааны бэртэлтэй зүйрлэх юм биш. Уламжлалт анагаах ухаанд цус алдалтыг зогсоох сайн жорууд байна. Бид үүнийг амьдрал дээр хэрэглээд л явж байна. Эмчилгээний үр дүнтэй, баталгаажсан аргууд зөндөө бий.
Түлэгдэлтээс болж бага насны хүүхдүүд эндэж, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол их байна. Түлэгдсэн хүүхдийг Манба Дацан эмнэлэг хүлээж авах боломжтой юу?
Болно. Манай эмнэлэгт их хэмжээний түлэгдэлттэй том хүн, хүүхэд ханддаг. Түлэгдэлтийн байдал, тухайн хүний биеийн байдалтай холбоотойгоор өөр өөр эмчилгээ хийнэ. Түлэгдэлтийн үед хүний биеийн гал махбодын бэлгэ чанар ихэд арвидан хямрахын зэрэгцээ эсрэг махбод болох усан махбодод сөрөг нөлөө үзүүлдэг. Ингэснээр цус, шар ус болон долоон тамирт өөрчлөлт ордог. Өвдөлт зовиур ихтэй, амь насанд ч хүрч болохуйц бөгөөд эдгэсэн тохиолдолд ч сорви үүсгэдэг гээд үнэхээр бэрх зовлонтой гэмтэл юм. Тиймээс түлэгдэлтээс урьчилан сэргийлэх нь маш чухал. Ер нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд их хянамгай, ухамсартай байж, ахуйн түлэгдлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Хүүхэддээ сахиус зүүлгэж, янз бүрийн осол гэмтлээс хамгаалах ном уншуулах шаардлагатай. 0-16 хүртэлх насны хүүхдийг хорлож байдаг 15 төрлийн ад байдаг. Үүнээс сэргийлэх сахиус манай Манба Дацан хийдэд бий. Өвдөх шалтгаан маш олон байна. Тэгэхээр бид тэр олон шалтгаануудаас бүх л аргаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ном буян хийлгэх хэрэгтэй. Хамгийн чухал нь буруу явдал хийхгүй, аливаа юмыг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулахгүй байх хэрэгтэй. Шим тэжээлтэй, хоргүй хоол байсан ч ихэдвэл хор болно, эсвэл би бага идэх ёстой гээд дутуудуулвал тэжээл дутагдаж, өвдөнө. Буруу хоол идвэл хордоно. Тиймээс аливаа зүйлийг тэнцвэртэй хэмжээнд нь хэрэглэхийг эрмэлзээрэй.
Улиралтай холбоотойгоор хүний бие өвчилдөг гэсэн. Өвлийн улиралд ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ?
Өвлийн улирлын нэг сайн тал нь хүний биеийн шар үсны сүвүүд хаагдаж, галын илч сайжирдаг учраас хүний хамгийн эрүүл, хүч чадалтай байдаг үе. Нэг их өвдөөд, нялхраад байдаг улирал биш л дээ. Хэрвээ цэвэр агаартай орчинд зөв хувцаслаад, зөв хооллоод явбал оюуны болон биеийн ачааллыг хамгийн сайн даах чадвартай байдаг улирал. Гэхдээ манай Улаанбаатарын нөхцөлд утаа ихтэй байгаагаас уушги их өвчилж байна. Өвлийн улиралд усан махбод дэлгэрдэг учраас уушги, бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн өвчин үүсэх, өвдсөн тохиолдолд хүндрэх магадлалтай.
Тэгвэл өвлийн улиралд ямар идээ унд идэж, явдал мөрийг сахивал өвчнөөс сэргийлж чадах вэ?
Өвөл ходоодны галын илч сайн байдаг учраас хамгийн шимтэй идээ унд хэрэглэх ёстой. Чанасан мах, адууны мах зэрэг шим тэжээлтэй, тослог чанартай, хүнд идээ ундыг ходоодны галын илчтэйгээ тохируулан өдөр дундын үед хэрэглэвэл сайн. Өвлийн улиралд мацаг барих шаардлагагүй. Галын илч сайн байдаг учраас мацаг баривал эсрэгээрээ өвчин үүсгэх магадлалтай. Мөн өвлийн улиралд туулга хийж болохгүй. Сэрүүн чанартай хоол хүнс, ямааны мах, усан махбодтой жимс ногоо идэхгүй байхыг зөвлөе. Хүмүүс витаминтай гээд жимс их иддэг. Өвөл жимснийхээ хэрэглээг багасгаж, бараг идэхгүй байсан ч болно доо.
Дархлаагаа сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
Дархлаагаа сайжруулахын тулд тамираа тэтгэх нь зүйтэй. Уламжлалт анагаах ухаанд тамир хэмээх ойлголтод идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дуслыг /улаан, цагаан дусал байх бөгөөд эмэгтэй хүний сарын тэмдгийг улаан дусал, эрэгтэй хүний үрийн шингэнийг цагаан дусал гэнэ/ авч үздэг. Долоон тамирын боловсролт, төлжилт сайн байвал эд эрхтэний үйл ажиллагаа хэвийн эрүүл байдаг. Тунгалаг, цөвийн боловсролтоор долоон тамир нь таван цул, зургаан сав эрхтэн, яс, мах зэрэг бүхий л эд эрхтэнийг төлжүүлээд, цөвүүдийг ялгаж гадагшлуулдаг. Тиймээс өтгөн, шээс, хөлс, нулимс, хумс, нус, хулхи зэрэг цөвүүд хэвийн гадагшилж байх ёстой. Хэрэв өтгөн хатах, шээс чавдагших, хөлс гарахгүй байх, эсвэл ихсэх зэрэг шинж илэрвэл тунгалаг, цөвийн боловсролтын үйл ажиллагаанд эмгэг үүссэн байна гэж үзэж болно. Биеийн дархлааг сайжруулна гэдэг нь долоон тамир, тунгалаг цөвийн боловсролтыг сайн байлгах хэрэгтэй гэсэн үг. Тунгалаг цөвийн боловсролтыг сайн явуулахын тулд гурван галын илчээ мөн сайн байлгах хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс ус уугаад биеэ цэвэрлээд эрүүлжинэ гэж ярьдаг. Гэтэл ус их уух нь галын илчийг дарж, тамирын боловсролтыг муутгаж, дархлааг сулруулахаас гадна хаван өвчнийг үүсгэнэ. Хамгийн эцсийн тунгалаг буюу охь тунгалаг гэж бий. Энэ нь зүрхэнд байдаг тамир бөгөөд хоол тэжээлээр тэжээгдэхээс гадна хамгийн гол нь сэтгэлээр тэжээгддэг. Хүн биеийн дархлаа буюу тамираа сайн байлгахын тулд их зөв сэтгэлтэй, амар амгалан байх хэрэгтэй. Охь тунгалаг нь гутрал, шаналал, буруу үзэл бодлоор барагдаж, доройтдог. Охь тунгалгийг сайжруулахын тулд өөдрөг, зөв сэтгэлтэй, 84 мянган нисванисыг аль болохоор үүсгэхгүй байх хэрэгтэй. Өдөр бүр цаг үргэлж өөдрөг зөв бодолтой, уур уцааргүй, гуниг гутралгүй байж, энэ бүгдийг зөв, буянлаг мэдлэг, оюун, сэтгэлээр охь тунгалгаа тэжээн тэтгээд явбал тамир сайн, цог золбоотой байхын чухал үндэс болно.
-Ярилцсанд баярлалаа.
Уламжлалт анагааах ухаан сонин 2017 №01 (29)
МУЭСТ Манба Дацангаас эрхлэн гаргадаг сар тутмын Уламжлалт анагаах ухаан сонины захиалга явагдаж байна.
Захиалгын индекс – 101227