Галын илч буурснаар олон өвчин үүснэ

Урт наслах, эрүүл байх нь хүний ходоодны шингээх чадвар буюу галын илчтэй холбоотой гэж үздэг. Идээ унд эхлээд ялзлагч бадганаар ялзлагдаж, шингээгч шараар шингээгдэн, гал тэгшитгэгч хийгээр тунгалаг цөвд ялгардаг бөгөөд ингэснээр дотор таван махбод төлжинө хэмээн галын илчийн талаар уламжлалт анагаах ухааны ном зохиолуудад бичсэн байдаг. Хүний идсэн идээ унд бүр таван махбодын мөн чанартай. Тиймээс шороо тэргүүтэй таван махбод төгөлдөр идээгээр биеийн таван махбод тэжээгддэг юм.
Өвчин /хий, шар, бадган/, долоон тамир / идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал/ гурван хир /өтгөн, шингэн, хөлс/ арвидаж, барагдаж, хямарснаар өвчин үүсэх эсэх нь галын илчтэй холбоотой байдаг. Тиймээс галын илч чухал юм. Галын илч буюу ходоодны шингээх чадвар сайн байвал өвчин эмгэггүй, амьдралын идэвхтэй болж, зүс царай сайжирдаг. Харин галын илч багасвал эс шингэж, тунгалаг цөв холилдон, тунгалаг гүйх оронд цөв гүйж олон өвчин үүсгэнэ.
Хоорондоо үл зохицох болон мөн чанараараа үл зохицох идээ, зарим хүнсний зүйлүүдийг хэмжээнээс нь хэтрүүлэн идэх нь ходоодны шингээх чадварыг бууруулж байдаг. Тухайлбал, хэт туранхай мах, архи, буцалгаагүй ус, сүү, тараг, айраг, өөх тос, чихэр тэргүүтэй амтлаг хүнсийг байнга хэрэглэвэл галын илч дарагдаж, эс шингэх өвчин үүснэ. Ялангуяа шим тэжээл багатай хоол иддэг, тамир муутай, суугаа ажилтай, сэтгэлийн шаналалтай, хөгшин настай хүмүүс дээрх хоол хүнсийг байнга хэрэглэвэл эс шингэх өвчинд амархан өртөмтгий болох магадлалтай.
Урьд нь огт хэрэглэж байгаагүй хүнсийг гэнэт хэрэглэх, шөнө хоол идэх, хоорондоо үл зохицох идээ унд хэрэглэх нь мөн адил эс шингэх өвчин үүсэх нөхцөл болох бөгөөд эс шингэх өвчин хуучирвал бэтэг, хаван, арьсны өвчнүүд, тулай, хэрэх, сүрьеэ, нүд шарлах, хөлийн бам зэрэг эмчлэхэд бэрх олон өвчнүүдийг үүсгэнэ.
Дараах хоол унд хоорондоо зохицдоггүй. Үүнд:
Тараг-Архи
Загасны мах-Сүү
Жимс-Сүү
Буурцаг-Тараг
Мөөг-Гичний тосонд шарах
Зөгийн бал-Ургамлын тос
Тос-Хүйтэн ус
Мах-Цагаан идээ зэрэг орно.
Галын илчээ доройтуулахгүй байхын тулд даарч хөрөх, чийгтэй газар амьдарч ажиллах, хэт олон төрлийн хоол ундыг хольж идэх зэргийг хоригловол зохилтой. Мөн шингэхэд бэрх хүнд хоол, хүйтэн хоол, удсан, даршилсан, хоносон хоолноос татгалзаж, урьдах хоол нь шингээгүй байхад ойр ойрхон хооллохгүй байх, хэт өлсөхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Харин шимтэй, хөнгөн, бүлээн хоол унд хэрэглэж, цагаар хооллож заншвал галын илч бадран өвчин зовлонгүй, урт наслаж, амжилттай, амар амгалан амьдрах болно.

Бэлтгэсэн: Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч Л.Чимэдцогзол

Уламжлалт анагааах ухаан сонин 2017 №01 (29)

МУЭСТ Манба Дацангаас эрхлэн гаргадаг сар тутмын Уламжлалт анагаах ухаан сонины захиалга явагдаж байна.

Захиалгын индекс – 101227

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *