Архи бий болсон шалтгаан нөхцөл
Эдүгээгээс өмнөх эрт галавын тооллоор 4 мянга 3 зуун 86 галавын тэртээ Сарангэрэлт бурхан, Дави-Од бурхан ертөнцөд залран номын хүрд эргүүлэх цагт эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны олон аймаг бүгд цугларан ном сонсон муу болгоныг тэвчин буянд хичээнгүйлэн залбирдаг байжээ. Энэ үед хилэнцэт тэнгэрийн шулмасын хаан атаархан хорсож миний дэргэд хорлолын номонд сурах нэгээхэн ч амьтан үгүй бүгд л Сарангэрэлт бурханг шүтэж байхдаа яахав хэмээн гаслан гансран хэвтэв гэнэ. Гэтэл шулмасын хааны сахиус муу зүгийн Догшин хар тэнгэр гэгч нь хаанд нэгэн зүүд илгээв. Тэгэхэд галзуу цагаан арслангийн тархи, догшин мунхаг зааны хөөс, хорт могойн хэл, галзуурсан хэдгэний бал, галзуу нохойн шүлс, есөн бүжиглэгч эм шулмасын чөмөг, үхээр идэгч чонын нүдний цөцгий, үхээрийн биеийн мах, эм ягчасын умайн цус гэсэн есөн хорыг хольж бүтээлийн тарниа уншин шившихэд архи гэгч хорт мөрөн урсан гарах юм хэмээн зүүдлэв.
Шулмасын хаан нойрноос сэрээд машид баясан есөн хорыг холин авч уулын оргилд тогоо тавин уншлага шившлэг хийн суутал арван зүгтээ архин мөрөн урсан гарав. Тэр цагт бурханаас ном сонссон амьтан бүгд түүнээс ууж мунхаглан согтон унацгаажээ. Ингэснээр архины хор газарт шингэн үр архи, эхээсэн архи гэх хоёр зүйл архи гарсан байна. Шулмасын хаан ихэд баясч хойшид ирэх галбуудад миний номлол ихэд дэлгэрээд хамаг амьтан 3 муу заяаны зовлонг эдлэн очир тамд унах болтугай, миний есөн хороор бүтсэн архинд амьтан болгон автах болтугай хэмээн ерөөл тавьсан аж. Үүний хариуд бурхан “Чиний есөн хороор найруулсан архийг таван рашаан болгон адислаад нисванисын 5 хорыг хольж ариусган би өөрөө зооглоод туулсан бурханы хутаг олох болтугай хэмээн ерөөл талбия” гэжээ. Бурханы ийн ерөөсөн утгыг оюун ухаан төгс хүмүүн бид болгоон архи уухыг тэвчих хэрэгтэй болой.
Шулмасын хааны есөн хороор бүтээсэн архийг уувал очир тамд тарчлана хэмээдэг
Архи нь галзуу арслангийн тархинаас гарсан хор мэт тул архи уусан хүн өөрөөсөө бусдыг дорд үзэн ганцхан өөрөө өөртөө таалагдан бурхан шүтээн, буянтан хэнийг ч өөрөөсөө дор хэмээн үзэж эхэлдэг. Энэхүү үйлийн үрийн зовох чанар нь сайн нөхдөөс холдон там болон 3 муу заяанд унах цаазын ялд нэрвэгддэг байна. Мөн догширсон мунхаг зааны хөөсний хороос бүтсэнийг бурханы рашаан хэмээн худал номчирхон архийг магтан сайрхан өөрийгөө архи уух хувьтай дээд хүн гэж үзэн олон амьтныг уруу татан уриалан шахан оролцуулсанаар буруу үзэлт сэтгэл үүсдэг.
Архи нь хорт могойн хэлний хороор бүтсэн тул буруу зөвгүй бусдыг муучлах, гүжирдэх, ховлох, хараалын үг урсгах, өөрөө ч мэдэлгүй олхио муу үг хэлэн, хэлээр хийх нүгэлийг чинээнд нь тултал үйлддэг аж. Түүнчлэн галзуу хэдгэнийн балын хор мэт бүтсэн тул согтсон үедээ болихыг үл мэдэн сувдаглан шунаж ухаан алдтал уухыг нь эрүүл хүн харсаар тэвчих аргагүйд хүрдэг. Галзуу нохойн шүлс мэт хорны бүтээлтэй архийг ууснаар өдөөн хатгах, хэрэлдэх, зодолдох зэрэг зохисгүй авирыг гарган шархдан зүдрэхийн зэрэгцээ амь насаа хөнөөх, хөнөөлгөх нүгэлд ч өртдөг байна.
Архи нь бүжиглэгч есөн эм шулмасын чөмөг мэт хороос бүтсэн тул хөл гарны мэдрэл алдан, энд тэнд гишгэн босон харайн сууж, хэвтэж чадахгүй өнхрөн унах зэргээр гэмтэн бэртэхийн зовлонг үздэг аж. Үхээр идэгч чонын нүдний цөцгий мэт хорын уршигаар согтсон хүний нүд манарч хөхрөөд нүдээ ч цавчиж чадахгүй гөлийсөн байдалтай болж, ялгах чадлаа алдан буруу зөрүү андуутай харж хөгшид, хүүхэд болон эрүүл хүмүүс жихүүцмээр болдог.
Архины үхээрийн биеийн мах мэт хорны чанар нь хүмүүний биед нөлөөлж архичин хүний бие царай нь хүүр мэт өнгөтэй болсон байдаг. Мөн эм ягчасын умайн цус мэт хор нь архичин хүний золбоо хийморь, тэнгэрийг нь зайлуулж муу зүгийн шулмасын хорлолд эзлүүлэн, бүх бие нь муугийн туйл болж 8 түмэн 4 мянган нисванисын гал мэт хийсэн, шороо мэт олшруулан сайны ерөөлийн тангаргаа эвдэн төрсөний эцэст үхээд очир тамд тарчлах зовлонд унадаг аж.
Ердийн хүн архи уухдаа эх болсон зургаан зүйл хаанаас ирсэн тэр орныхоо авираар согтдог байна. Өөрөөр хэлбэл, номхон авиртай, шударга дөлгөөн, хувиралтгүй зан чанартай байж согтуу нь үл мэдэгдэн эрүүл ухаантай байдаг хүн тэнгэрээс ирсэн бол хэрүүл тэмцэл, хий агсан тавьж, атаархах хорсох элдэв догшин зантай согтвол тэр асуригаас ирсэн хэмээдэг. Элдвээр чалчин үг хэл нь мэдэгдэхгүй, үг хэлэх гээд ч хэлж чадахгүй ээрэх мөөрөх мэт дуугарч байвал тэр адгуусан төрлөөс ирсэн байх аж. Харин биеэ даахгүй хөл дээрээ тогтож чадахгүй унаж, хүнээр л өргүүлэхгүй бол босож чадахгүй хаашаа хамаагүй өнхрөөд байвал бирдээс ирсэн болой. Учир шалтгаангүй уйлан хайлан байдаг хүн бол тамаас ирсэн нь тэр.
Архи уухыг дурлагсад зовлонг эдлэхээс биш амар газрыг хаанаас ч олохгүй
Бурхан багш Шагжимуни “Олон гэм нүгэл гарахын эх болсон архийг уухыг тэвчвээс зохилтой. Миний шавь тойн хуврагууд архийг өвсний шүүдэр төдий уувал миний шавь биш болно. Архи гэдэг гэнэн санваартанг ч, ихэс дээдсийг ч галзууруулан, уурлах, тачаах, бардамнах, харамлах, ичгүүр сонжуураа алдах, ариун нандин байдлаа алдан, элдэв бузарт унахын соронзон мэт үүд нээгдэж, нүгэл нь арвидан, үхлийн муугаар үхэн, найман халуун там, найман хүйтэн там тэр мэт арван найман тамд унаад Очир тамын тэсэшгүй зовлонг эдэлнэ” хэмээжээ.
Бас 3 муу заяаны зовлонд унахыг дурьдаад миний шавь тойн сонсогтун. Архи уухыг дурлагсад зовлонг эдлэхээс биш амар газрыг хаанаас ч олохгүй. Бурханд архиар тахил өргөдөг атал бид ууж яагаад болохгүй хэмээн бодвоос Бурханы хутагийг олоогүй байж бурханы зоогийг нь яахан хүртэх вэ гэжээ.