МУЭСТ Манба Дацанд Түвдийн Анагаах ухааны Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Нямацэрэн, Түвдийн эмнэлэг, зурхайн шинжлэх ухааны Мэнзихан хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч, доктор, профессор Юмба нар айлчлан, сарын турш туршлага солилцон ажиллалаа. Доктор, профессор Нямацэрэн, Юмба нар Манба Дацан төв дээр ажиллах хугацаандаа Оточ Манрамба Их сургуулийн оюутнуудад лекц орж, мэдлэг мэдээллээсээ хуваалцан, эрдэм соёлоо түгээн Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг нь үнэлээд Оточ Манрамба Их сургуулийн зүгээс тус сургуулийн зочин профессор цолыг олгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаад доктор, профессор Нямацэрэн болон Юмба нартай Түвдийн уламжлалт анагаах ухаан, зурхайн салбарын хөгжлийн талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Маш эртний түүхтэй Түвдийн уламжлалт анагаах ухааны салбар ямар түвшинд хөгжиж байна вэ?
Нямацэрэн: Түвдийн анагаах ухаан маш олон зууны түүхтэй. Түвдэд төдийгүй өөр олон улс үндэстэнд дэлгэрсэн. Тиймээс ч энэ салбар ирээдүйтэй байна. Түвдийн Анагаах ухааны Их сургуулийг 1989 онд анагаах ухааны олон жижиг сургуулиудыг нэгтгэж байгуулсан. Манай сургууль жилдээ 300-500 оюутан төгсгөдөг. Түвдийн улсын болон хувийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа эмч нарын 90 гаруй хувийг манай төгсөгчид эзэлж байна. Зөвхөн Түвдэд гэлтгүй Хятадын олон мужид төгсөгчид маань ажиллаж байгаагаас манай сургуулийн хөгжил, уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал ямар түвшинд байгааг харж болно. Бид эрдэм шинжилгээний судалгааг түлхүү хийж, хуучин ном судруудыг их судладаг.
-Түвдийн эмнэлэг, зурхайн шинжлэх ухааны Мэнзихан хүрээлэн ямар үйл ажиллагаа явуулдаг талаар танилцуулаач?
Юмба: Манай Мэнзихан хүрээлэн эмнэлэг, сургууль, зурхайн хүрээлэнгийн үйл ажиллагаа явуулдаг. Эмнэлгийн хувьд амбулатор болон хэвтэн эмчлүүлэх хэсгээс бүрддэг бөгөөд нийт 800 гаруй ажилтантай. Түүний 400 орчим нь эмч, сувилагч байдаг. 2015 оны байдлаар манай эмнэлгийн амбулатороор 300 орчим мянган хүн үйлчлүүлсэн бол 6700 хүн хэвтэн эмчлүүлсэн. Харин сургуулийн хувьд эмч, зурхайч гэсэн хоёр мэргэжлээр сургадаг. Манай эмчээр суралцаж байгаа оюутнууд зурхайн ухааныг зайлшгүй судлах ёстой бол зурхайчаар суралцагчид анагаах ухааныг тодорхой түвшинд судласан байхыг шаарддаг. Мэнзихан судалгааны төв дөрвөн судалгааны хүрээлэнгээс бүрддэг. Эхний хүрээлэн эртний ном судрыг судалдаг. Хоёр дахь нь одон орон, зурхайн чиглэлээр, гурав дахь нь шинэ эм гаргаж авах зорилгоор, дөрөв дэх нь нэн ховордсон эмийн ургамлыг тарималжуулах чиглэлээр ажилладаг.
-Та бүхэн Манба Дацан төвтэй хэрхэн хамтарч ажиллах вэ?
Нямацэрэн: Манай хоёр байгууллага ижил үйл ажиллагаа явуулдаг, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байгаа гээд адил төстэй тал олон байна. Тиймээс бидэнд бие биенээсээ суралцах, туршлага солилцох хэрэгцээ шаардлага бий. Түвд Монгол хоёр улс хоёулаа буддын шашинтай, зурхайн ухааныг судалдаг ард түмэн. Тиймээс ч бид Хамба лам Д.Нацагдоржийн урилгаар хүрэлцэн ирж, Манба Дацан төвийн үйл ажиллагаатай танилцан, Оточ Манрамба Их сургуулийн оюутнуудад лекц орлоо. Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд уламжлалт анагаах ухаан, бурханы номд маш сайн суралцдаг юм байна.
-Мэнзихан хүрээлэнгийнхэн зурхай зурж, Хятадын Сичуань мужид болсон газар хөдлөлтийг урьдчилан таамагласан гэж байсан. Зурхайн ухаанаар байгалийн гамшигт үзэгдлийг хэрхэн урьдчилан тооцоолдог вэ?
Юмба: Бид одон зурхайг ашиглаж Сичуаньд болсон газар хөдлөлтийг урьдчилан тооцоолж зурсан. Ингэхдээ одон зурхайн таван гараг, 27 од, тэдгээрийн байршил зэргийг ашиглаж газар хөдлөлт болох байршил, өдөр, үргэлжлэх хугацаа зэргийг нь тооцоолсон. Газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг нь од гараг эрхэсийн шилжих хөдөлгөөнтэй холбоотой. Гараг, од байрлалаа байнга өөрчилж байдаг. Байрлалаа өөрчлөөд ирэхээр газар дэлхийд үзүүлж байгаа нөлөө нь бас өөрчлөгддөг. Тиймээс бид түүнийг тооцоолон зурдаг. Энэ бол одон зурхайн гайхамшигтай үзэгдэл, шинжлэх ухаан юм. Бид газар хөдлөлтийг мэдрэх орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөс шалтгаалахгүйгээр зурхайгаа зурдаг.
-Түвдээс бусад оронд болох байгалийн гамшигт үзэгдлийг тооцоолон зурж байв уу. Тухайлбал, цунамиг урьдчилан тооцоолох боломж бий юу?
Юмба: Түвдэд цунами болдоггүй учраас бид зурж байгаагүй. Түвдэд ойролцоо их газарт болж байгаа байгалийн гамшигт үзэгдлүүдийг урьдчилан тооцоолж зурж байсан. Түвдэд аж ахуй эрхэлдэгтэй холбоотойгоор газар тариаланд аюул учруулах хүчтэй бороо, мөндөр зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийг урьдчилан тооцоолдог. 7