В.Тунгалаг: Манба Дацан эмнэлэгт арав гаруй жил эрүүл мэндээ даатгаж байна

БГД-ийн иргэн В.Тунгалаг манай сонинд хандаж, Манба Дацан эмнэлгийн захирал, Монгол Улсын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийллээ. Тэрбээр арав гаруй жилийн өмнөөс уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж эхэлсэн бөгөөд өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг Манба Дацан эмнэлгийнхэнд даатгасан хэмээн ярьж байлаа.

-Та Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж эдгэсэн гэсэн. Ямар өвчтэй байсан бэ?
-Миний зүрх томорсон, зүрх судасны хатууралтай, бөөр усжсан гэж Европын анагаах ухааны эмнэлгүүд оношилсон. Бөөр ялангуяа их татаж өвддөг, хөл дээрээ зогсоход бэрх байсан. Намайг эмчилгээгүй, гурван жилийн настай гэж хэлж байсан юм. Бараг арван жилийн өмнө дөө. Тэр үед миний отгон охин Оточ Манрамба Их сургуульд Уламжлалт анагаах ухааны их эмчээр суралцахаар элсэж ороод байлаа. Тэгээд Оточ Манрамба Их сургуулийг үүсгэн байгуулсан Хүний гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж гэж мундаг маарамба, эмч хүн байдгийг мэдээд энэ сургуулийн бааз эмнэлэг болох Манба Дацан эмнэлэгт очиж, Д.Нацагдорж хамбад үзүүлсэн юм. Хамба лам Д.Нацагдоржид үзүүлж тан уугаад л миний өвчин зовиур бүгд арилж, зүрх, бөөрний өвчин маань илааршсан. Гурван жилийн настай гэж байсан хүн чинь эдгээд одоо ямар ч шинжилгээ хийж үзсэн миний таван цул эрхтэн эрүүл гэж гардаг. Бас дараахан нь би өндгөвчний хавдартай болоод хагалгаанд орох шаардлагатай боллоо. Тэгсэн европ эмнэлгийнхэн намайг та жин ихтэй, мэс засал хүнд учраас танд хийх боломжгүй гээд гаргасан. Би бас л арга барагдахдаа Манба Дацан эмнэлэгт ирж үзүүлээд гурван сар тан уусныхаа дараа өнөөх эмнэлэгтээ дахин очиж үзүүлтэл миний хавдар байхгүй болж эдгэсэн байна гэсэн. Түүнээс хойш би өвдөж зовох л юм бол Манба Дацан эмнэлэгтээ ирж үзүүлээд, өдий арав гаруй жил өөрийгөө болоод гэр бүлийнхнийгээ даатгаад явж байна даа.
-Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж эдгэрсэн хүмүүс энэ анагаах ухааны ач тусыг мэдэрсэн байдаг. Та уламжлалт анагаах ухааны давуу талыг юу гэж тодорхойлох вэ?
-Тиймээ, уламжлалт анагаах ухааны ач тус маш их. Өвчнийг уг үндсээр нь эмчилдэг, эрт үед нь оношлуулж, тууштай эмчилгээ хийх юм бол ямар ч өвчнийг эдгээж чадна гэж би боддог. Чихрийн шижин, хавдар, Европ анагаах ухаанаар оношийг нь тодруулж чадахгүй маш олон өвчнийг Манба Дацан эмнэлэгт эмчилж байсныг би мэднэ. Зайлшгүй мэс засалд орох шаардлагатай өвчнийг л уламжлалтаар эмчилж чадахгүй байх. Гэхдээ өндгөвчний уйланхай, хавдар зэргийг мэс заслаар авахуулалгүй, тан уугаад шимэгдүүлсэн хүмүүс олон байдаг. Гадаадаас нэг лалын шашинтай хүн мэс засалд орохгүй гээд Д.Нацагдорж хамба ламыг зорьж ирээд өвчнөө эмчлүүлсэн тухай сонсч байсан. Лалын шашинтай хүмүүс биедээ мэс хүргэхийг цээрлэдэг юм билээ. Манба Дацан эмнэлэг бол монголдоо төдийгүй дэлхийд алдартай эмнэлэг гэж би хэлнэ.
-Маш олон хүн уламжлалт анагаах ухааны талаар буруу ойлголттой явдаг шүү дээ. Тэр хүмүүст хандаж та юу хэлэх вэ?
-Хүмүүс уламжлалт анагаах ухааны талаар сайн мэдэхгүй байгаа нь харамсалтай. Тэд мэдэхгүйгээсээ эсвэл буруу ойлголтоосоо болоод олон эмнэлэг дамжсаны эцэст ирж үзүүлдэг. Тиймээс би эргэн тойрны хүмүүстээ шууд л Манба Дацан эмнэлэгт үзүүл гэж зөвлөдөг. Миний охин Оточ Манрамба Их сургуулиа төгсөөд Манба Дацан эмнэлэгт ажиллаж байгаа. Ч.Ичинхорлоо гээд уламжлалт анагаах ухааны их эмч бий. Өнгөрсөн жил Манба Дацан эмнэлэг дээр нэг франц хүн ирж эмчлүүлж байсан юм. Толгой нь эргэж, үе үе ухаан алдаж унадаг, Европын нэлээд хэдэн эмнэлэг тархины эд эсийн хатингаршил гэж оношилсон ч эмчилж чадалгүй, өвчин нь улам хүндэрсээр байсан гэсэн. Тэгээд Д.Нацагдорж хамба ламын тухай сонсоод Монголд ирж үзүүлээд, эдгэрээд хөл дээрээ босоод буцсан. Миний охин Ч.Ичинхорлоо эмчлэгч эмч нь байсан юм. Тэр франц хүн өнгөрсөн жил манайд Архангай аймгийн Цэнхэр суманд ирж, ийм сайхан эмч охин өсгөж, хүмүүжүүлсэнд баяр хүргэж, Д.Нацагдорж хамба лам болон Манба Дацан эмнэлгийнхэнд маш их талархаж явдгаа ярьж байсан. Би ч гэсэн Д.Нацагдорж хамба лам болон Оточ Манрамба Их сургуулийн захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, доктор Г.Одонцэцэг нарт баярлаж явдаг. Ийм сайн эмнэлэг сургуулийг байгуулж, олон сайн эмч төрүүлж байгаа буянтай улс шүү дээ. Мөн Батцэцэг, Б.Болорчимэг, Бадамсүрэн, Б.Баттөмөр, О.Мандал, Л.Энх-Амгалан, Б.Болормаа эмч нартаа болон Манба Дацан эмнэлгийн нийт хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
-Та арав гаруй жил Манба Дацан эмнэлэгт эрүүл мэндээ даатгасан гэсэн. Бас охин чинь уламжлалтын эмч болохоор уламжлалт анагаах ухааны талаар сайн ойлголттой болсон байх. Ханиад томуу хүрвэл тан уугаад л өөрийгөө эмчилчихнэ биз?
-Тэгэлгүй яахав. Ханиад хүрэнгүүт тан уугаад л эдгээчихдэг. Хоёр гурван хоногийн өмнө ханиад хүрчихээр нь тан уугаад эдгээсэн. Миний хань, үр хүүхдүүд минь бүгд л уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлдэг. Манай хань бид хоёр хөгшин настай хүмүүс болохоор даралт ихсэх асуудал байна аа. Жилдээ нэг Манба Дацан эмнэлэгт хэвтээд эмчлүүлээд гарахаар бүтэн жил даралт ихсэхгүй сайхан болдог. Манай дунд охин бас элэгний В, С вирустай, элэгний хатууралтай, бараг хавдар болох гэж байна гэж байсныг бас л Манба Дацан эмнэлгийнхэн эдгээсэн. Энэ мэт олон хүмүүсийг өвчин зовлонгоос нь салгаж байгааг би хажуунаас нь хараад Манба Дацан эмнэлгийнхэндээ баярлаж, бахдаж суудаг юм. Миний нэг зээ Оточ Манрамба их сургуульд сурч байгаа. Уламжлалтын эмч болж, олон түмэнд тус болоосой гэсэндээ зээгээ энэ сургуульд сургаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Уламжлалт анагаах ухаан сонин №12 (28)

Уламжлалт анагаах ухаан сонины нэмэлт захиалга явагдаж байна. Захиалгын индекс – 101227

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *