Нойроо хэрхэн зөв зохицуулах вэ?

Хүн эрүүл байхын нэг үндэс бол тайван сайхан унтаж амрах юм. Хүн өдөр ажилласан бие сэтгэлийн ачааллаа шөнө нь унтаж амарсанаар тайлж, дараа өдөр ажиллах эрч хүчийг нөхөн авч байдаг. Тиймээс нойроо зөв зохицуулан тохирох хэмжээгээр унтаж амарч байх нь чухал. Хүн шөнийн цагт унтахгүй байснаар хийг үүсгэх тул амар тайван унтах хэрэгтэй. Хэрэв шөнө ажиллах, эсвэл аливаа шалтгаанаар унтаагүй тохиолдолд маргааш нь хоол идэлгүйгээр унтаагүй хугацааныхаа хагас төдий хугацаанд унтаж байх хэрэгтэй.

Тэжээлийн улирал буюу 4-5 дугаар сарын үед архинд согтсон, хүч барагдсан, бие сэтгэл шаналсан, хүнд хүчир ажлаас болж ядарсан, хөгшин настай, сэтгэл санаа тайван бус айсан хүмүүс шөнийн богиноор биеийн хүч, өнгө зүсээ алдан, хийгээ аривдуулж байдаг. Тиймээс энэ үед өдөр бага зэрэг унтах нь хийг дарж, биеийн хүчийг арвидуулах тустай. Бусад тохиолдолд өдөр унтваас бадганыг ихээр үүсгэж, хөөж хавдах, бодол санаа мунхрах, толгой өвдөх, залхуурах, ханиад томуу зэрэг халдварт өвчин тусах тул өдөр унтахыг тэвчих хэрэгтэй. Хүний нойр хэтэрхий аривдан ихсэх нь бадган аривдаж, хямарснаас болдог тул бадганыг амирлуулах өлсгөх, бөөлжүүлэг эмчилгээ зэргийн аль тохирохыг сонгон хийж нойрыг багасгадаг.

Хэрэв шөнө нойр сэргэг буюу унтаж чадахгүй байвал бүлээн сүү, тараг, архи, махны шөл зэрэг бүлээн, шимтэй идээ унд идэх, гүнжидийн тос зэрэг үрийн тосоор толгойд иллэг хийн, чихийг бага зэрэг бүлээтгэсэн тостой хөвөнгөөр бөглөвөл хийн бэлгэ чанар дарагдан унтаж амарна. Эдгээр арга хэмжээг авсан ч шөнө нойр сэрвэлзэн унтаж чадахгүй байгаа бол ямар нэгэн ужиг өвчнөөс болсон хэрэг. Тухайлбал, зарим нэг бөөрний өвчний үед нуруу чилэн, шилэн хүзүү хөших зэрэг шинж гарахын хажуугаар шөнө унтаж чадахгүй болох зовиур давхар илэрдэг. Энэ үед нойрыг аривдуулах дээрх эмчилгээг хийсэн ч өвчний угийг дарахгүй бол дахин дахин нойр сэрвэлзэн унтахгүй. Тиймээс энэ мэт тохиолдолд эмчид хандан оношлуулж, тухайн өвчинд чиглэсэн эмчилгээг хийлгэх нь нэн тустай.

 

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр С.Пэрэнлэйлхүндэв

Уламжлалт анагаах ухаан сонин №12 (28)

Уламжлалт анагаах ухаан сонины нэмэлт захиалга явагдаж байна. Захиалгын индекс – 101227

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *