Хятадын Ардын Их сургуульд Олон улсын харилцаа, СЭЗДС-д бизнес, удирдлагын чиглэлээр суралцаж, хоёр ч их сургуулийг дүүргэн, хувийн бизнес эхлүүлсэн “ӨегИмпекс” ХХК-ийн захирал Д.Сэлэнгэ одоо “Оточ Манрамба” Их сургуульд Уламжлалт анагаах ухааны их эмч болохоор суралцаж байна. Түүнтэй яагаад уламжлалт анагаах ухааны эмч болохоор шийдсэн талаар сонирхолтой яриа өрнүүллээ. -Тоо, санхүү, эдийн засагт анхаарч явдаг бизнес эрхлэгч хүн яагаад гэнэтхэн уламжлалт анагаах ухааны эмч болохоор шийдэв? -Их удаан бодож байж, энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсан. Ярьвал урт түүх болно. Арван жилийн сургуулиа төгсөх үед эцэг эх нь хүүхдээсээ ямар авьяас чадвартай, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгааг нь асуулгүй өөрсдөө мэргэжлийг нь сонгоод өгчихдөг шүү дээ. Түүний нэгэн адил эцэг эх маань намайг аравдугаар ангиа төгсөхөд “Одоо Хятадын эрин эхэлж байна, Хятадад очиж сур, хятад хэлтэй болох хэрэгтэй” гэсний дагуу Хятадад Олон улсын харилцааны чиглэлээр суралцсан. Төгсөөд “МСS”, “Макс” группт гадаад худалдааны менежерээр ажиллалаа. Монголд ажиллах үед надад Хятадад сурсан зургаан жилийн хөдөлмөр нэг л нүдээ олоогүй, утга учиргүй шийдвэр байж дээ гэж бодогдсон. За ер нь дахиад арай өөр сонирхолтой мэргэжлээр сурч жаахан толгойгоо сэргээе гэж шийдээд СЭЗДС-д бизнес удирдлагаар сурч төгсөв. Үнэхээр сонирхолтой байсан ч дотоод сэтгэл хоосон, юу ч юм хайх мэдрэмж байнга төрдөг байсан. Бид ерөөсөө л массыг хэт дагаж, юу сайн гэнэ түүн рүү л хошуурч амьдардагийн амьд жишээ болсон би дахиад л алдаа гаргасан байлаа. Үүний дараагаар би нөхөртэйгээ хувийн бизнес эрхэлж, хүүхэдтэй ч боллоо. Хүмүүсийн ярьдгаар дээд боловсролтой, ажилтай, байртай, машинтай, сайхан гэр бүлтэй. За одоо л сэтгэл амрах байх гэтэл дотоод сэтгэл мөн л хоосон. Эх хүн болсноос хойш ертөнцийг харах үзэл маань өөрчлөгдсөн. Өнчин ядуу, өвчинтэй зовлонтой хүмүүсийг өрөвдөж, энэрч эхэлсэн. Яагаад хүмүүс ингэж их зовно вэ, яавал бусдын амьдралыг сайжруулж болох вэ гээд буяны үйл ажиллагаануудад оролцох боллоо. Гэтэл түр зуурын хэрэглээг хангалаа гээд элсэнд ус хийхтэй л адилхан түр зуурын гал намдаах арга төдий л зүйл гэдгийг харлаа. Монголд ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт, хүний наймаа, ядуурал, оюуны хоосрол, агаарын бохирдол, байгалийн бохирдол хэрээс хэтэрч байгааг хараад зүгээр сууж чадахгүй байв. Үүнийг засахгүй бол үр хойчдоо одоо байгаагаас ч дор эх орныг үлдээх болчихоод байна. Том хүүхэд маань тархины даралттай төрсөн учраас байнга уйлна, арчилгаа шаардана, эмнэлэгт их үзүүлнэ. Хүүхэд маань сэхээнд ороход өвчин гэж ямар хэцүү зүйл болохыг, монголын эмнэлгийн үйлчилгээний өнөөгийн байдал ямар түвшинд байгааг ха-раад эмч болж өвчтэй зовлонтой хүмүүсийг өвчнөөс нь салгаж өгөх юмсан гэж бодох болсон. Дээрээс нь удамд маань 2, 3 оточ маарамба, лам, төрийн бичээч хүн байсныг мэдээд ер нь эмч болох ёстой юм байна гэж бодсон доо. -Таны удамд оточ, эмч хүн байсан нь эмч болох шийдвэрт чинь хэр нөлөөлсөн бэ? -Удмын мэдээллээ сэргээсэн маань намайг эмч болоход нөлөөлсөн. Яг яах ёстойгоо ойлгохгүй явсан би үйлийн үр, далд ертөнц, хүний амьдралын утга учрын тухай номнуудаас хариултаа хайлаа. Хүн энэ дэлхийд үйлийн үрээр төрдөг. Хийж биелүүлэх ёстой даалгавартай ирдэг. Даалгавар нь тухайн удам угсаа, тухайн сүнсний урьд төрлүүддээ хийж дадуулсан үйл, эцэг эхийн үйлийн үр зэргээс хамаараад ямар ч байж болно. Түүнийгээ хийж бусдад тус дэмтэй амьдрах нь амьдралын утга учир юм байна гэдгийг ойлгоод миний даалгавар юу юм бол доо гэж их хайсан. Үүнээс гадна өнөөгийн нийгмийн, эрүүл мэндийн асуудал намайг их зовоож, эмч болох шийдвэрийг гаргахад голлон нөлөөлсөн. Хүүхдүүд маань өвдөнө, улсын эмнэлэгт үзүүлэхээр очер дараалал нь дийлдэхгүй, хувийн эмнэлэгт үзүүлэхээр үнэ хөлс нь өндөр. Гэтэл монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Импортын эмийг өндөр үнэтэй авч байгаа нь монголчуудад үнэхээр хүнд ачаа болж байна. Бидний хөдөлмөрлөж олсон мөнгийг гадаадын эмийн үйлдвэрүүд рүү гаргаж байна. Энэ нь Монголын эдийн засагт ч муу нөлөөтэй. Европ эм нь шинж тэмдгийг тухайн үед нь дараад өнгөрнө, хэсэг хугацааны дараа дахиад л өвдөнө. Багаасаа антибиотикээр бөмбөгдүүлж байгаа хүүхэд ирээдүйд ямар биетэй хүн болох уу гэдгийг бодох хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино гэгчээр Монгол орон хөгжих нэг үндэс суурь нь эрүүл чийрэг үр хүүхдүүд шүү дээ. Тиймээс Монголын өргөн уудам нутагт ургаж байгаа эмийн ургамлаа түүгээд өвчнөө эдгээж болохгүй гэж үү, ер нь өвчнөөс яаж урьдчилан сэр-гийлэх ёстой юм бол, монгол газар нутагт ямар идээ унд, явдал мөрийг дадуулах ёстой юм бол, ямар дасгал хөдөлгөөн хийх ёстой юм бол, хүний бодол санаа ямар байж эрүүл байх вэ гэж их бодсон. Гэхдээ эмчээр сурахад хэтэрхий оройтсон гэж бодоод шийдэж зүрх-лэхгүй байлаа. Тэгж байтал Хамба багш Д.Нацагдоржтой уулзах завшаан тохиолдож би эмчээр сурах хүсэлтэй ч, оройтсон байх гэж боддогоо хэлтэл багш маань “Уламжлалт анагаах ухаанд 70 хүр-тэлх насыг идэр залуу нас гэдэг. Чи сурахад оройтоогүй” гэж билээ. Хамба багшийн энэ үгийг сонсоод их урамшиж 2014 оны есдүгээр сараас сургуульдаа сурч эхэлсэн. Их удаан эрж хайсан зүйлээ ингэж л нэг олж билээ. Эмч болж удмын үйлээ үргэлжлүүлж, бусдад тусалж, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн чадах зүйлээ хийж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын төлөө энэ шийдвэрээ гаргасан даа. -Сургуульдаа анх ороод ямар сэтгэгдэлтэй байв. Маш их хүсч мөрөөдөж байж эмч мэргэжлээр сурахад төвөгтэй асуудлууд тулгарч байсан уу? -Есдүгээр сарын 1-нд сургуулийнхаа хаалгаар орохдоо их ичиж билээ. Ангийн хүүхдүүд намайг хараад цочоод ч байх шиг санагдаад эхний өдөр их эвгүй байсан. Тэгтэл манай курсэд 40, 50 настай хүмүүс байгааг хараад сэтгэл уужирсан. Хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуульдаа сураад их сайхан байлаа. Ажилдаа, одоогийн нийгмийн амьдралд ерөөс сонирхолгүй байсан хүн чинь дуртай юмаа хийж байгаадаа сэтгэл хангалуун байсан. Бага насны хоёр хүүхдээ асарч халамжлах, хүүхэд өвдөх, гэр орны ажил амьдрал зохицуулахын хажуугаар анагаах ухаанд суралцахад мэдээж тийм амар байгаагүй. Ачаалалтай үе зөндөө гардаг. Амжилтад хүрэхийн тулд 1 хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр шаарддаг гэдэг шүү дээ. Нөхцөл байдал ямар ч хэцүү байсан хүн үнэхээр хийх ёстой зүйлээ олсон бол дээд зэргээр хөдөлмөрлөж хичээх зүтгэх хэрэгтэй гэж боддог. Залхуурах нь өнөөдөр сайхан мэт болов ч маргааш ямар ч үр өгөөжгүй зүйл. Харин өнөөдөр чадлаараа хичээхэд маргааш хөдөлмөрийн үр шимээ хүртээд сайхан байх нь гарцаагүй. -Сургуульдаа сураад уламжлалт анагаах ухааны талаар илүү ойлголттой болж эхлэхэд таньд юу бодогдож байсан бэ? -1-р курсдээ уламжлалт анагаах ухааны товч хураангуй утгыг үзээд, анхан шатны судас, хэл, шээс нүдээр харж оношлох оношилгоо болон хий, шар, бадганы өвчнийг хэрхэн анагаах анхан шатны ойлголтыг заадаг. Тэгээд зуны амралтаараа хичээлийнхээ хүрээнд хүмүүсийн судсыг барьж оношлоод, идээ унд, явдал мөрийн зөвлөгөө өгөхөд ихэнх хүнд тохирч байгааг хараад их урам авсан. Уламжлалт анагаах ухааны хамгийн том давуу тал нь өвчтөнг оношлоход лаборатори, багаж хэрэгсэл шаардагдахгүйгээр бүхий л өвчнийг оношилж, эмчилж чаддаг явдал. Уламжлалт анагаах ухааны эмчийн өвчтөнг оношлох чадвар нь хэнээс ч юунаас ч хамааралгүй, хэзээд бэлэн байж чадах, хэн ч булааж авч чадахгүй, цагийн эрхээр чадвар нь улам сайжрах цэвэр капитал юм байна гэдгийг ойлгосон. -Оточ Манрамба Их сургуулийн хамгийн гол онцлог юу вэ? -Уламжлалт анагаах ухаан нь Буддын гүн ухаантай холбогддог учраас энэ сургуульд энэрэх нигүүсэх сэтгэлтэй эмч болохын мөн чанарыг илүү сургадаг. Зөвхөн эрдэм мэдлэгтэй эмч болох нь гол биш. Эмч хүнд эмчийн мөн чанар гэдэг зүйл байх ёстой. Үүнийг бий болгохын тулд бид өглөө болгон уншлага уншдаг. Яг үнэнийг хэлэхэд анх их залхуу хүрдэг байсан. Өглөө бүр уншлага уншиж яадаг байнаа, хайран цаг гэж бодох үе байсан. Одоо бол бид энэрэнгүй сэтгэлийг үүсгэж, үйлийн үрээ нимгэлж байгаа учраас өглөө бүр уншлагаа унших дуртай. Өвчтөнтэйгээ адилхан үйлийн үртэй, материаллаг эд зүйлсэд шунах үзлээсээ салаагүй, өөрсдөө сэтгэлээ номхотгоогүй байж яаж бусдын сэтгэлийг засах вэ. Хамгийн сайн эмч хүний сэтгэлийг эмчилдэг гэдэг. Сайн эмч болох арга ухааныг заадаг нь манай сургуулийн хамгийн том давуу тал. -Бас Оточ Манрамба Их сургууль бааз эмнэлэг, эмийн үйлдвэртэй. Энэ нь оюутнуудын хувьд сайн сурах боломжийг бүрдүүлдэг байх? -Анагаах ухааны сургуулиуд дотор манай сургууль шиг сурах орчин, бааз сайтай сургууль бараг байхгүй болов уу. Эмнэлэг, сургууль, хийд, эмийн үйлдвэрээс бүрдсэн том цогцолбортой. Оточ Манрамба их сургууль нь анги танхимын хүрэлцээ сайтай, маш баялаг, ховор ном судар бүхий номын сантай, зүү, төөнүүр, бариа засал зэрэг засал эмчилгээгээ үзчихээд эмнэлэгтээ ороод дадлагаа хийж, эмийн ургамлаа өөрсдөө түүж, яаж хийдэгийг нь эмийн үйлдвэртээ ороод үзчихнэ. Ийм бааз цогцолбортой сургуульд сурна гэдэг оюутан хүнд том аз завшаан. -Та уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, өөрийн биеэр ач тусыг нь мэдэрсэн үү? -30 нас хүрэхэд би жингийн илүүдэлтэй, нойргүйдэлтэй, зүрх дэлсдэг, уур уцаартай, маш их ядардаг, амттанд донтсон, маш идэмхий нэгэн болсон байсан. Европ эмнэлгээр шинжлүүлэхэд цоо эрүүл гарна. Харин сургуульдаа сурч эхэлсэн цагаас Манба Дацан эмнэлэгт үзүүлэхэд архаг хууч өвчин ихтэй байсан. Тан ууж, уламжлалт эмчилгээнүүдийг хийлгэсээр өдийг хүрлээ. Маш их ядардаг байсан маань одоо зүгээр болж ядрахаа больсон. Жингээ хасч, зөв хооллож, эрт унтаж, эрт босдог болсноор бие эрүүлжиж уур уцаар багасч байна. Жингийн илүүдэлтэй байхдаа танита аппаратаар биологийн насаа хэмжүүлэхэд 49 настай байсан бол саяхан үзүүлэхэд биологийн нас 30 болсон байна билээ. Эндээс дүгнэхэд уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэхэд биеийг эрүүлжүүлээд зогсохгүй залуужуулдаг юм байна. -Өрнө, Дорнын анагаах ухааны хамгийн том ялгаатай талыг хэлээч гэвэл та юу хэлэх вэ? -Ялгаатай тал их бий. Европ анагаах ухаан өвчний хурц үед яаралтай тусламжийг үзүүлэх тал дээр үнэхээр сайн. Гэтэл эмчлэгдэхгүй байгаа, онош нь тодорхойгүй өвчнүүдийг эмчилж чаддаггүй. Харин уламжлалт анагаах ухаанд үйлийн үрийн өвчин байдгийг номлочихсон, яаж эмчлэхийг нь ч заагаад өгчихсөн. Европ анагаах ухааны эм үйлчилгээ хурдан ч нэг эрхтэн, нэг өвчнийг эмчлэхдээ нөгөө эрхтэнээ өвчлүүлж, мөн олон удаа хэрэглэхэд эмэндээ дасал болдог. Удаан хэрэглэхэд мөөгөнцөртөх, бие ядрах хордох сөрөг нөлөө ихтэй. Харин уламжлалт эм тан нь голлон өвс ургамал, байгалийн эрдэст бодисын найрлагатай учраас нэг өвчнийг эмчлэхэд бүхий л бие эрхтэнийг эдгээх, хүч чадал оруулах увидастай байдаг. Европ анагаах ухаан тодорхой өвчин туссан хүмүүсийг нэг зүйлд авч үзэн, нэг төрлийн эмчилгээ хийдэг бол уламжлалт анагаах ухаанд хувь хүн тус бүр дээр тохирсон эмчилгээний аргыг боловсруулдаг. Тухайлбал, үргүйдэлтэй гэр бүл байлаа гэхэд европ анагаах ухаанд цусны, мазокын шинжилгээ авч, үрийн хоолойн битүүрлийг шалгаж, өндөр тунтай дааврын эмчилгээ голлон хийгээд, болохгүй бол үр шилжүүлэн суулгахыг санал болгоно. Үр шилжүүлэн суулгаад ч үр тогтохгүй бол өөр арга байхгүй. Ингэхэд маш өндөр зардал гарна. Харин уламжлалт анагаах ухааны эмч нь тухайн гэр бүлийн хосыг тус тусад нь судас, шээс, хэл харах аргаар шинжлээд үргүйдэл нь анх юунаас болж үүсч байгаа шалтгааныг олоод тухайн хүний хий, шар, бадганы аль нь хямарсныг оношлоод, түүний дагуу зөвхөн тухайн хүнд тохирсон эмчилгээг хийнэ. Уламжлалт эм эмчилгээгээр тухайн хүний бодисын солилцоо, цусны эргэлт, эсийн чанарыг сайжруулснаар үр тогтолт хэвийн явагдах боломжтой. Хэрэв үрийн суваг битүүрэлтэй бол үр шилжүүлэн суулгахаас өөр аргагүй. Харин үр шилжүүлэн суулгахын өмнө тухайн өвчтөний шалтгааныг арилгах эмчилгээг хийж зөв хоол хүнс, явдал мөр, зөв бодол санааг дадуулснаар үр шилжүүлэн суулгалт амжилттай болох боломжтой. Үргүйдлийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх боломж илүү их бөгөөд хамаагүй хямд зардалтай. -Сурагчид массыг дагаад мэргэжлээ буруу сонгодог гэсэн. Тэгвэл уламжлалт анагаах ухаанд суралцахыг хүсч байгаа ч өөр мэргэжлээр сурах гэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? -Энэ их чухал асуудал. Би хэн юм бэ, энэ хорвоод ямар даалгавартай ирсэн бэ гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Тэгээд намайг хүмүүс юу гэх бол гэж бусдад таалагдаж амьдрах ёстой гэсэн бодлоосоо хагацаж, юу хиймээр байгаа түүнийгээ хийхийн тулд бүх хүчээ шавхан дайчлаарай. Анх намайг эмчээр сурч байгаа гэхэд шоолж байгаагаа нууж ядсан хүмүүс их байсан. Тэр хүмүүсийн буруу биш юм. Тэд энэ нийгмийн үзэл бодлын дагуу л амьдарч яваа. Тэр үзэл бодлыг сөрөх нь хүмүүст тэнэг харагддаг. Өнөөдөр хүнд ямар харагдах чухал биш ирээдүйд хийж бүтээснээрээ тэртээ тэргүй үнэлэгдэх цаг ирнэ. Ер нь гадаад байдал нь агуулга мөн чанарыг илэрхийлэхгүй. Та үнэхээр эмч болохыг хүсч байвал түүндээ хүрэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүгдийг хийгээрэй. Бэрхшээл саад учирдаг ч цаг нь болохоор уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг хойно үйл хэрэг аяндаа л бүтэх болно. Бурхан таныг эмч болж олон хүнд тус хүргээрэй хэмээн энэ дэлхий рүү илгээсэн байтал та түүнийг биелүүлэхгүй байх аваас амьдралын утга учраа олж чадахгүй энэ насыг барна. Бурханаас эмч болох өгөгдөлтэй ч өөрийгөө сурахад оройтсон гэж бодож байгаа хүн байвал бурханы заасан зам руу ороход хэзээ ч оройтохгүй шүү. Манай сургуульд 30, 40, 50, 60, 70 нас гарсан олон хүмүүс сурч байна. Уламжлалт анагаах ухааны эмч болж бусдад туслахад нас хамаагүй шүү. -Таныг ажил, хичээл гээд олон зүйлийг амжуулахад тус нэмэр болдог хүмүүс байгаа байх. Тэдэндээ хандаж юу хэлэх вэ? -Хүсэл эрмэлзэл байлаа гээд бусдын хайр энэрэл, тусламж дэмжлэггүйгээр хүн хаа хол явах билээ. Хүүхдүүд маань жаахан байгаа учраас цэцэрлэг сургуульд хүргэж өгч авах, гэр орны ажил амьдрал гээд ээж хүний хувьд зохицуулах ёстой зүйл өдөр тутам гардаг.Хичээл ихтэй тэр болгонд оролцож амжихгүй тул бусдын хайр энэрэл тусламж дэмжлэгээр л чүү чай зохицуулаад л, байнга амьсгаа дээгүүр гүйсээр өдөр өнгөрдөг. Байнга тусалж дэмждэг аав, ээж, ханьдаа маш их баярлаж талархаж байна. -Ярилцсанд баярлалаа. Уламжлалт анагаах ухаан сонин №12 (28) Уламжлалт анагаах ухаан сонины захиалга явагдаж байна. Захиалгын индекс – 101227