Орчин үед техник технологийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн ажил хөнгөвчлөгдөн, тэр хэрээр биеийн хүчний ажил хийхээ больсон. Түүнчлэн хоол хүнсний зөв зохистой хэрэглээ алдагдан хэт тослог, илчлэг ихтэй хүнс хэрэглэх болсоноор таргалалт хэмээх өвчлөл ихсэж байна. Хүн хэт таргалснаар бие сэтгэлийн шамдал доройтох, ажлын үр бүтээмж буурах, амархан ядрах, биеийн илч буурах, хоолны шингэц муудах, нус цэр ихсэх, биеийн галбир алдагдахаас гадна цаашлаад биед муу цус дэлгэрэх, зүрх судасны өвчлөл үүсэх зэрэг хүндрэлүүд бий болдог. Энэ нь зөвхөн буруу хооллолт, идэвхитэй хөдөлгөөн дутагдсанаас болж байна. Уламжлалт анагаах ухаанд хэт таргалсан өвчинд өлсгөх эмчилгээ хийх хэрэгтэйг тодорхой бичсэн байдаг.
Өлсгөх эмчилгээг хэт тарган, ходоодны хоол боловсруулах чадвар нь буурч, хоолны шин-гэц нь буурсан, хэтэрхий тослог хоол унд иддэг хүмүүст хийлгэхийг зөвлөдөг. Үүнээс гадна гуя хөших, шижин, хэрэх, тулай, хоолой, тархины өвчин, халуунаар суулгах, бөөлжих, бие хүндрэх, өтгөн шингэн хаагдах бадган шар дэлгэрсэн өвчинд энэ эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Мөн эрүүл, биеийн хүч сайн, залуу хүмүүс ч дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвлийн улиралд 3-аас дээш хоногоор өлгөх эмчилгээг хийлгэж болно.
Өлсгөх эмчилгээг хийхдээ хүний биеийн хүч тамиртай уялдуулан хийх хэрэгтэй. Дээр гарсан өвчтэй боловч биеийн хүч тамир багатай бол хоол унд идүүлэлгүй 3 хоног өлсгөх бөгөөд буцалгасан бүлээн усыг амны цангаа тайлах төдий багаар өгнө. 2, 3 дахь хоногоос биеийн тамир доройтон толгой эргэх зэрэг хийн шинж гарвал хонины махны шөлийг багаар өгвөл дарагдах болно. Биеийн чадал хүч дунд зэрэг бол Сэмбрү-4, Жамц-4 зэрэг бүлээн эмээр ходоодны илчийг үүсгэн өвчнийг боловсруулж, дарах шаардлагатай.
Хэрэв тухайн хүн хэдий тарган ч хүч чадал сайтай бол дээрх эмчилгээнүүдээс гадна дасгал хөдөлгөөнийг хавсруулан хийж хөлсийг сайтар гаргах хэрэгтэй. Үүний дараа өвчин хөдлөн өөрийн орондоо хурсан бол бөөлжүүлэг, туулга зэрэг эмчилгээгээр бадган сальс арвидсан өвчнийг орноос нь гаргаж арилгана. Энэ нь өвчин дахин сэдэрч, таргалах түүнээс үүдэлтэй өвчин үүсэхгүй байхын үндэс болно. Өлсгөх эмчилгээг эмчийн хяналтан дор хийлгэх хэрэгтэй.
Өлсгөх эмчилгээ хийлгэснээр нүд тэргүүтэн эрхтэнүүд тодрон, бие хөнгөрөх, хоолны дуршил сайжрах, аливаа үйлэнд шамдалтай болох, хооллолт хэвийн болж, ялгаруулах эрхтэний тогтолцоо сайжрахын зэрэгцээ биеийн жингээ хүссэн хэмжээндээ хүргэж чадах юм. Эмчилгээг хийлгэсний дараа зөв хооллолт, зөв зохистой хөдөлгөөнийг дадал болгож чадвал тар-галалтаас ангижирч чадна.
Оточ Манрамба Их сургуулийн багш, УАУ-ы их эмч, АУ-ы магистр С.Пэрэнлэйлхүндэв
Уламжлалт анагаах ухаан сонин №12 (28)