Д. Найдан: Зөв дадал хэвшилтэй амьдарцгаая

img_5814

Өвчнийг ерөнхийд нь үүслийн хувьд халдварт болон халдварын бус гаралтай гэж үндсэн хоёр хэсэгт хуваан үзэж болно. Орчин цагт халдварт гэхээсээ халдварын бус гаралтай өвчлөл ихсэж байна. Энэ нь манай ард иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн боловсрол тааруу байдагтай холбоотой. Эрүүл аж төрөх ёсны наад захын мэдлэггүй, буруу дадал хэвшилтэй амьдрах нь өвчинд нэрвэгдэх гол шалтгаан болдог. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байна, дулаахан гутал хувцас өмсөж явах хэрэгтэй. Хүн тархи толгойноосоо даарахаар биеийн дулаанаа амархан алддаг. Малгай өмсөж хэвшсэнээр тархины судас нарийсах улмаар нас яваад ирэхээр толгой өвдөх, нулимс  гоожих, тархинд цус харвах гээд тархи толгойны өвчний олон эрсдэлээс сэргийлж чадна. Мөн сүүлийн жилүүдэд манай хүүхэд залуусын дунд зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт ихсэх боллоо. Тиймээс доорх дөрвөн хүчин зүйлийг анхаарч амьдралдаа хэвшүүлж дадуулж чадвал өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Нэгдүгээрт нойр: орой 22-06 цаг хүртэл унтаж амарч байх. Ялангуяа манай ихэнх хүүхэд залуус их оройтож унтах юм. Интернэт, телевиз үзсээр шөнийн хоёр гурван цаг хүргэж байна. Нойр дутуу болохоор                                                                                                                                                 маргааш нь хөдөлмөрийн бүтээмж муу байх нь тодорхой.

Хоёрдугаарт хооллолтын буруу дэглэм: Ихэвчлэн II хоол шарсан, хайрсан, хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн, түргэн хоол тогтмол хэрэглэх нь ходоод гэдэс, элэг цөсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж цөс өтгөрөх нөхцлийг бүрдүүлж байна. Тиймээс аль болох шөл устай хоол ундыг түлхүү хэрэглэх. Хооллосны дараа алхах. Ядахдаа цомцойж суух. Нойр хүрч нороод байна гээд хэвтээд өгвөл буруу.

Гуравдугаарт зөв амьсгалж амар амгаланг мэдрэх:  Зөв амьсгалж сурах. Анхаарлаа төвлөрүүлж лаа, зулын гэрэлд суугаад өөрийнхөө эрч хүчийг төвлөрүүлж эрүүл энхийн шүтээн хөх биндэръяан гэрэлт манал бурханаас цацруулж буй энергийн эрчмийг гүнзгий амьсгал авч биедээ оруулаад сэтгэхүйдээ тэр сайхан энерги миний биед байгаа өвчин эмгэгийн хортой үр дагаврыг илааршуулахад тусалж, биеэс зайлуулж байна гэж бодон залбирч манал бурханы зүрхэн тарнийг унших хэрэгтэй. Сэтгэлдээ үргэлж амар амгаланг эрхэмлэж байх. Аливаа асуудлыг ухаалгаар шийдэж толгойндоо эргэлдэж байгаа хар бараан бодол санаагаа сэтгэхүйгээсээ тэр чигээр нь авч хаях хэрэгтэй. Эс бөгөөс энэхүү хямрал стресс нь зүрх судас- хоол боловсруулах тогтолцоог хямраан олон өвчнийг үүсгэх үндсэн шалтгаан болдог. Стрессийн үед цусанд ялгардаг даавар гормон нь зүрхний агшилтыг  эрчимжүүлж, судсыг байнга нарийсгасаар даралт ихдэлтийг үүсгэдэг.

Дөрөвдүгээрт хөдөлгөөн: идэвхитэй хөдөлгөөн хийхгүйгээр эрүүл явна гэж байхгүй. Дан ганц эм, эмчид бүх зүйлээ даатгаад яваад байж болохгүй. Өдөрт өөрийнхөө биеийн онцлогт тохируулан 30 минут хүртэл эсвэл 3-5 км газрыг явганаар туулах, ядахдаа л лифт биш шат ашиглаж хэвших. Ингэснээр цусны эргэлт хурдасч, зүрх уушгинд очих хүчилтөрөгчийн хангамж эрчимжин, улмаар булчингийн хөшингө тавигдаж, хөлс гарч бодисын солилцоо идэвхжин урам зориг эрч хүч, гэгээлэг өөдрөг сэтгэхүй төрөөд ирнэ. Өвчин зовиур хөнгөрөн, амьдралыг өөдрөгөөр харж эрч хүч сэлбэгдэнэ.

 Тавдугаарт таргалалт: таргалалт нь зөвхөн даралт ихсэх, зүрх судасны өвчлөлд хүргэх гол шалтгаан болоод зогсохгүй тархины судасны болон зүрхний титэм судасны хатуурал, элэгний өөхлөлт, чихрийн шижин, цөсний чулуужилт, нуруу үе мөчний өвдөлтүүд гэх мэт маш олон өвчний суурь нь болж байдаг. Хэдийчинээ илүүдэл жинтэй байна, төдийчинээ хурдан хөгширнө гэсэн үг. Турах гэж байна гээд баталгаагүй эм бэлдмэлийг дур мэдэн хэрэглэж  огцом турах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Эхний нэг сард биеийн жингийн 10 хүртэл хувийг хасах гэх мэтээр аажим аажмаар хассаар зургаан сарын хугацаанд зохих ёстой хэмжээндээ хүрэх нь хамгийн зөв юм.     Энэ мэтээр өвчнөөс урьдчилан сэргийлэх  арга хэмжээ авч, эрүүл аж төрөх ёсны анхан шатны дадал зуршилтай  болвол өвчин тусахгүй, туссан ч эмчилгээний үр дүн сайн байх болно.

Манба Дацан эмнэлгийн их эмч Д.Найдан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *