Манба Дацан хийдийн тахилч лам Б.Цогтгэрэл, голч лам Ц.Цогтбаяр нартай балин тахилын утга учрын талаар ярилцлаа. Ц.Цогтбаяр лам Манба дацан хийдэд 20-иод жил тасралтгүй шавилж байгаа бөгөөд тус хийдэд найман жил тахилч ламын үүргийг гүйцэтгэсэн юм. Харин Б.Цогтгэрэл лам 1995 оноос Манба Дацанд шавилан сууж, 1998 оноос орон нутагт ажиллаж байгаад 2011 оноос тахилч ламаар дахин хийддээ ажиллаж байна.
-Балин гэж юу вэ?
Ц.Цогтбаяр: Лам, ядам, ханд дагинас, чойжинсрүнма тэргүүтэн бурхан шүтээнд өргөл болгож өргөдөг аман зоогийг балин гэдэг. Балин нь таван тансаг амттан, арвайн гурил, нарийн зайгаас /орц/ бүрддэг. Энгийнээр тайлбарлавал, зочилж ирсэн хүндээ амттай сайхан хоол хийж өгдөгтэй адил залж ирсэн лам, бурхад, ядам, ханд, чойжинсрүнма нартаа өргөл өргөж байгаа хэрэг юм. Мөн бурхан шүтээндээ зуун амт төгөлдөр идээ зоог болгон балин буюу шалсайг өргөдөг.
-Балинг яаж хийдэг вэ. Бүтэн жил бурхандаа өргөсөн ч мууддаггүй гэдэг шүү дээ?
Ц.Цогтбаяр: Жилийн, сарын, өдрийн гэсэн гурван янзын балин байдаг. Жилийн балинг сар шинийн өмнө тусгайлан хийдэг бөгөөд бүтэн жил чанараа алдахгүй байлгахын тулд арвайн гурилыг ус оруулалгүйгээр шар тосоор багсарч, ямааны тосон чимэглэлээр өнгө оруулж тавьдаг. Сарын хурлууд болох сахиус тахих, арван хангал хурах, чойжоо дүгжү гаргах гэх мэтийн үйлд сарын балинг хийдэг. Түүнийг сардаа хэрэглэдэг учраас цай сүүгээр зуураад амттанаар найруулна. Гэгдор балин, догжүрын балин, лус савдагт өргөдөг лусын балин, шавдаг доромын балин гэх балингуудыг өдрийн балин гэнэ.
Б.Цогтгэрэл: Хурлын тахилч хүн тусдаа өөр хүнд харуулахгүйгээр хийдэг балин ч байдаг. Дан ганц арвайн гурил гэхгүйгээр олон төрлийн тосоор хийж болно.
-Бүтэн жил хураасан балин тахилаа юунд хэрэглэдэг вэ. Арцанд хольж сүсэгтэн олонд өгдөг, тосон чимэглэлийг нь хайлуулаад хэрэглэвэл элдэв шархыг анагаадаг гэж сонсч байсан юм байна. Ер нь ямар ач холбогдолтой вэ?
Ц.Цогтбаяр: Хурлын балингаас үлдсэн балинг сүсэгтнүүдэд хүртээх, өргөх мөн хатааж талхалж байгаад малын хашаа хороогоо ариулж утдаг. Хаяж гээгдүүлж болохгүй. Сарын балинг ч мөн хүртэх, өргөх байдлаар хэрэглэдэг. Жилийн балин нь адис жинлав оршсон байдаг учраас аргалын цог дээр хийж уугиулан хашаа хороогоо ариулж утаж хэрэглэж болно. Бас талийгаачдад уншдаг сүр хэмээх номыг уншаад уугиулж хэрэглэдэг. Тосон чимэглэлийг нь хийсэн ямааны өөх зарим нэг тан, утлага тэргүүтний орцонд ордог тал бий.
Б.Цогтгэрэл: Балин тахилыг сүсэгтэн олонд өгдөг. Тухайн хүн өөрөө түүнийг зөв хэрэглэж чадах юм бол юунд ч хэрэглэж болно. Яагаад гэвэл бүтэн жилийн номын адис жинлав орсон болохоор мал ахуйдаа болоод өөрийн өвчин зовлонг амирлуулах зорилгоор хэрэглэж болдог. Өдрийн балинг муу муухай зүйлийг буцаах, хариулах, газар лусыг аргадах зэрэг өөр өөр зориулалттайгаар хийдэг. Муу муухай зүйлийг буцааж хариулахад балин хийдэг нь хүнийг хорлож байгаа адуудыг хооллож, ундалж аргадаж байгаа хэлбэр юм.
-Хүмүүс балинг зөвхөн муу зүйлийг буцаах хариулах зорилгоор нь мэдээд байдаг. Гэтэл балин тахил нь олон төрөл байхаас гадна маш их ур чадвар шаарддаг, сайхан чимэглэлтэй, урлагийн бүтээл гэж хэлж болохоор зүйл байна. Үүнд та бүхэн яаж суралцсан бэ?
Ц.Цогтбаяр: Балин хийх урлал нь бурханы шашны их таван ухааны урлахуйн ухаанд хамаарагддаг. Тиймээс ч их ур шаардагддаг, тусгай урлаг гэж хэлж болно. Тахилч лам нар балин тахилыг байнга хийдэг учраас мэргэшсэн байдаг. Тахилч ламын үүрэг хийд орондоо байгаа балин тахилыг бэлдэхээс гадна зул хүж, сан утлага, ламын хэрэглэл бэлдэх гээд хуралд юу хэрэгтэй байгааг зохицуулдаг гол хүн. Балин тахил үйлдэх, сурах нь лам хүний заавал эзэмшсэн байх чадваруудын нэг. Яагаад гэвэл лам хүн болгон уншлага уншдаг, бурхандаа өргөл өргөдөг, тахидаг, баясгадаг. Тиймээс лам нар анхлан шавь болохдоо эхлээд тахилч нарын хийж байгаа балин тахилыг харах, сурах, туслах зорилготойгоор оролцож, яваандаа хийж сурсан байдаг. Сүм хийдийн лам нар ээлжилж тахилч лам хийдэг.
-Балин тахилын хэлбэр, өнгө, чимэг нь ямар учиртай вэ?
Ц.Цогтбаяр: Балин хийх горим нь өөрийн гэсэн ёс, номтой. Судар номонд энэ бурханы балин ийм хэлбэртэй, өнгөтэй, нөхөд сэлт нь ийм хэлбэртэй, өнгөтэй, чимэгтэй байна гээд зарлигласан байдаг. Түүний зан үйлийнх нь дагуу балин тахилыг урладаг. Бурхан, сахиус, чойжинсрүнма бүгдэд тус тусын өөрт нь зориулсан балин тахилыг хийнэ. Тухайлбал, Манла бурханы балин цагаан өнгөтэй, харин сахиусных улаан өнгөтэй гэх мэтчилэн өөр өөр байдаг.
-Манба Дацан хийдэд ямар ямар балин байгаа вэ?
Ц.Цогтбаяр: Манай хийдийн гол шүтээн болох Манла бурханы сахиус Шанлон, Дамжингийн балин, Арван хангалын балин, Ламын балин, Ядам бурхан болох Жигжидийн балин, Намсрайн балин, Гонгорын балин гээд тус бүр жилийнхээр бүтээгээд залсан байгаа. Жил бүр бүтээж залдаг.
-Жилийн балинг цагаан сарын өмнө хийх үү. Балинг хийж байхад сүсэгтэн олон сонирхож болох уу?
Ц.Цогтбаяр: Цагаан сар болохоос сарын өмнөөс хийж эхэлнэ дээ. Сонирхсон хүмүүс тодорхой зайнаас харж үзэж болно. Балин тахилыг үйлдэж байх үед төдийлөн нээлттэй байж болдоггүй. Учир нь балин тахилд хүний амьсгаа оруулж болдоггүй. Лам нар амны хаалттай мөн ариун цэвэрч байхыг номонд зааж өгсөн байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Уламжлалт анагаах ухаан сонин №11 (27)