Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлэгт гадаадын улс орнуудаас олон хүн зорьж ирэн эмчлүүлдэг. Тэр дундаа Европын анагаах ухааны эмч нар ирж эмчлүүлж байсан нь олонтаа. Тухайлбал, 2011 онд Итали улсын иргэн дотрын эмч Лусиа Виансо савны хавдарын улмаас хэд хэдэн удаа хими эмчилгээнд орсоны дараагаар Манба Дацан эмнэлгийг зорьж ирэн, эмчлүүлж байсан юм. Тэрбээр уламжлалт анагаах ухааны талаар ийн хэлсэн байдаг. “Европ анагаах ухаан нь хүний нүдэнд харагдаж, гарт баригдах хэсгийг судалдаг. Тодруулбал, ил хэсгийг судалдаг. Энэ бол шинжлэх ухааны мөн чанар, бодит байдал. Эмчилгээний хоёр л арга бий. Эмээр эсвэл мэс заслаар. Гэтэл хамгийн гол нь болох энэ хоёрын эхэнд тавигдах урьдчилан сэргийлэх буюу сэтгэл заслын эмчилгээг хийдэггүй. Харин уламжлалт анагаах ухааны давуу тал нь дан ганц ил хэсгийг биш далд хэсгийг ч орхилгүй хамтад нь судалдагт эмчилгээний нууц оршиж байдаг. Хүний биеийг эмчлэхдээ Өрнийн анагаах ухаан шиг тус тусад нь олон хэсэгт салгалгүй, нэгийг нь нөгөөд нь хамаатуулж, логик дараалалтай цогцоор нь уялдуулан эмчилдэгт уламжлалт анагаах ухааны философи оршдог. Өвчин эхэлсэн уг язгуур үндсийг нь барьж аван хөөж, түүнийхээ дагуу маш нарийн онолоор, дэс дараатайгаар эмчилдэг. Онол нь 5000 жилийн өмнөөс Монгол, Түвд гэх мэт Дорнын маарамбуудын эрдэм оюуныг шавхан байж бичигдсэн, мөн төдий хугацааг дамнан амьдрал практикт батлагдан нотлогдсоор ирсэн. Тэр онол нь сайн эмчийн цээжинд хэзээд явж байдаг нь үнэхээр гайхамшиг” гэжээ.
Өнгөрсөн сард ирж эмчлүүлсэн Тува Улсын иргэн Альбина Борисовна Ондар ч мөн эмч мэргэжилтэй бөгөөд уламжлалт анагаах ухаанд суралцах хүсэлтэй байгаагаа хэлж байв. “Би Тува Улсаас аравдугаар сарын 24-нд ирж Манба Дацан эмнэлэгт хоёр долоо хоногийн турш хэвтэн эмчлүүлсэн. Ажлын ачааллаас болоод их ядарч сульдсан, бас хаван ихтэй байсан. Энд ирээд эмчлүүлсэний дараа бие минь эрс сайжирлаа. Хаван бууж, өөрийгөө эрч хүчтэй, тайван амгалан болсныг мэдэрч байна. Манба Дацан эмнэлгийн нэг гайхалтай зүйл нь зөвхөн бие махбодыг эмчлээд зогсохгүй хүний дотоод сэтгэлзүйг эмчилдэг. Надад засал ном уншиж өгснөөр сэтгэл санаа, үйл хэрэгт маш сайнаар нөлөөлж байна. Ингэж бие сэтгэлийг хамтад нь эмчилдэг нь үр дүнтэй санагдлаа. Манай улс бас Буддын шашинтай. Тиймээс энэ мундаг эмнэлэг, сургуулийн салбар манай улсад ч гэсэн нээгдээсэй гэж хүсч байна. Би өөрөө европ анагаах ухааны эмч мэргэжилтэй хүн. Одоо 50 нас хүрч байгаа ч уламжлалт анагаах ухаанд суралцахыг хүсч байна. Өвчнийг уг шалтгаанаас нь эмчилж байгаа нь надад маш их таалагдлаа. Би хоёр дахь удаагаа уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж байгаа нь энэ. Анх төрөөд гам алдсанаас болж миний сав өвддөг болсон. Тэгээд би Улаан-Үдэд байдаг монгол маарамба дээр очиж үзүүлэн, тан ууж эмчлүүлж байсан юм. Одоо Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан эмнэлгийн эмч нараар эмчлүүлэн бие минь сайхан илааршлаа. Тиймээс Хамба лам Д.Нацагдорж, Оточ Манрамба Их сургуулийн захирал, доктор, профессор Г.Чойжамц, эмчлэгч эмч Б.Болормаа болон Манба Дацан эмнэлгийн хамт олондоо баярласан та-лархсанаа илэрхийлье. Ингээд бодоход намайг монгол эмч нар л авраад байгаа юм шүү дээ” гэв.
Уламжлалт анагаах ухаан сонин №11 (27)