Монгол анагаах ухааны заслыг хатуу засал, ширүүн засал, зөөлөн засал гэж 3 ангилна. Хатуу засалд огтлох, хагалах, хусах, гаргах гэсэн дөрвөн зүйл байх бол ширүүн засалд хануур, төөнүүр, хатгах заслуудыг хамруулдаг. Харин зөөлөн засалд жин, түрхлэг, дэвтээлэг засал орно. Бид уншигчдынхаа уламжлалт анагаах ухааны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор уламжлалт засал эмчилгээнүүдийн тухай цувралаар хүргэхээр боллоо. Энэ удаад хануур заслын тухай мэдээллийг хүргэе.
Хануур гэж юу вэ?
Хануурын багажаар цул савын ханах тусгай бэлчир дээр хатгаж өвчний цусыг гадагшлуулах заслыг хануур засал гэнэ. УАУ-д өвчнийг хураангуйлан халуун, хүйтэн өвчин гэж ангилан үздэг бөгөөд хануур заслыг голлон халуун өвчинд хийнэ. Хануур заслыг УАУ-ы эмч асуух, үзэх, хүрэлцэх шинжилгээгээр өвчнийг ялган оношилсоны үндсэн дээр шаардлагатай тохиолдолд хийдэг. Ингэхдээ тухайн өвчтөнд тохирох цаг, сайн өдөр, өвчтөний сүлд орших газар зэргийг харгалзан үзэж хануур хийх өдрийг товлодог бөгөөд хануур хийхээс өмнө өвчний сууриас нь шалтгаалан өвчнийг боловсруулах, тамирын цус, өвчний цусыг ялгах үйлдэлтэй танг 3-5 хоног уулгана. Хэрвээ өвчнийг ийнхүү боловсруулж ялгахгүй ханавал өвчний цус гарахгүй тамир барагдсанаар хий өвчин үүсч, халуун өвчний урхаг үлдэнэ. Зарим эмнэлэг, мэргэжлийн бус хүмүүс, хануур заслыг хийхийн өмнө муу цус ялгах тан өгөлгүйгээр шууд ханаж, өвчнийг хүндрүүлдэг. Тиймээс хануур заслыг хийлгэхдээ уламжлалтын мэргэжлийн эмч нарт хандахыг зөвлөе. Хануур заслыг намар, хаврын улиралд хийлгэх нь тохиромжтой.
Цус, шарын халуун өвчин нь халуун хурц, исгэлэн амттай хоол унд, адуу, хонины мах, өөх тос ихтэй хоол, архи, айраг зэргийг хэтрүүлэн хэрэглэх, хуурай халуун, бүгчим орчинд удаан байх зэргээс шалтгаалан үүсдэг.
Хануур эмчилгээг архи, гал нарны нөлөөгөөр толгой нэг газар хүчтэй өвдөх, нүд улайх, нүдэнд цагаан унах, шүд өвдөх, уушигны халуун хатгалгаа, элэгний дэлгэрсэн халуун, дэлүүний өвчин, бөөрний гэмтсэн халуун өвчин, цусаар шээх, зүрхээр өвдөх, даралт ихсэх, хуучин шарх, тулай, сүрьеэ, гал намс, шар ус, уяман зэрэг цус шарын хувь их халуун өвчинд хийх нь тохиромжтой. Харин жирэмсэн эмэгтэй, хүүхэд болон хөгшдөд, тамир тэнхээ доройтсон, хөнгөн, ширүүн, сэрүүн идээ үргэлж иддэг, адад хорлогдсон, сэтгэцийн эмгэгтэй, цус багадалттай өвчтөнд хануур заслыг хийхгүй. Мөн цусны өвчин, хорт хавдар, цайвар хаван, их архаг барагдсан, галын илч доройтсон бадган хийнээс болсон хүйтэн өвчинд хануур заслыг хийж болохгүй. Өвчтөн хануур заслыг хийлгэхийн өмнө сэтгэл санаагаа тайван байлгаж, “миний өвчний урхаг, муу бүхэн арилж байна” хэмээн бодож Манла бурханы зүрхэн тарнийг уншвал зохилтой.
Хануур заслын дараа гам барих шаардлагатай
Хануур эмчилгээг хийлгэснээр биед гарсан зовиур шаналгаа, судасны өвчин, муу цус арилж, хатгалгаа эвэршээл дарагдаж, нянгийн халуун, муу цус шар усны хавдарыг уг үндсээр нь дарна. Товчоор хэлбэл, хануур засал нь эмээр үл засагдах өвчнийг үндсээр нь эмчилж чаддаг учраас уламжлалт заслуудын дотроос хамгийн дээд нь юм.
Засал эмчилгээг хийлгэсний дараа идээ унд, явдал мөрийн дэглэмийг сахих нь чухал. Хануур эмчилгээний дараа сүү, тараг, айраг, архи, өтгөн цай, түүхий, исгэлэн жимс идэхгүй байж, хиншүү, хярвас, бузар адын хорлолд өртөхөөс сэргийлэн, ширүүн явж хөдлөх, хүнд хүчир хөдөлмөр хийх, бороо усанд норох, хүйтэн усанд гар хөлөө дүрэх, наранд халах, уурлах зэргийг хориглох хэрэгтэй.
Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч О.Үүрийнцолмон
Уламжлалт анагаах ухаан сонин №11 (27)