Архангай аймгийн харъяат өндөр настан Р.Рагчаасүрэн гуай энэ удаагийн “Эмчийн ачийг дурсахуй” буланд хандаж, Манба Дацан эмнэлгийн эмч, ажилчдад талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таны бие хэзээнээс өвдөж эхэлсэн бэ. Эмч нар ямар онош тавив?
-Би өнгөрсөн 2015 оны зургадугаар сарын 2-ноос эхэлж гэнэт халуураад бие өвдөхөөр нь эмнэлэгт үзүүлж, 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Гэсэн ч нэмэр болохгүй, дахин өөр эмнэлэг рүү шилжиж, тэндээ 10 гаруй хоног хэвтээд гарсан. Хоёр эмнэлэг дамжин хэвтэх хугацаандаа бүх төрлийн шинжилгээ, эмчилгээг хийлгэж, онош тодрохгүй, бие ч сайжрахгүй, эцэстээ өвчин намдаах тариа хийлгээд гэртээ гарсан. Гэртээ гарсны дараа л биеийн халуун жаахан намдсан. Түүнээс биш байнга л халуурч, үе мөчөөр маш их өвддөг байсан. Ер нь миний үе мөч өвддөг, тэр нь хүндрээд сүүлдээ өвдөлт нь хүчтэй болж эхэлсэн. Тэгээд би хүүхдүүдтэйгээ ярьж байгаад Манба Дацан эмнэлэгт үзүүлсэн юм. Д.Нацагдорж Хамба ламд үзүүлэхэд миний өвчинг хэрэх өвчин байна гэж оношилсон. Үе мөчний үрэвсэл хурц явагдаж байна, хэд хоног хэвтэн эмчлүүлээд, жил гаран хугацаанд тан уухад эдгэнэ гэж хэлсэн.
-Манба Дацан эмнэлэгт үзүүлэхээс өмнө таны биеийн байдал ямар байсан бэ?
-Удаан хугацаанд халуурч, үе мөчөөр маш их өвддөг. Гар тахийчихсан, нуруугаар хатгуулж өвддөг болохоор өвчин намдаах эм ууж байж л гайгүй болдог байсан. Хоёр эмнэлэг дамжихдаа бүх төрлийн шинжилгээ хийгээд онош ерөөсөө гараагүй. Эцэстээ гишгиж ч чадахгүй болсон хойноо Манба Дацан эмнэлэгт ирээд хөл дээрээ боссондоо үнэхээр их баярладаг. Эмчилгээ хийж эхэлснээр өвчин намдаад сайхан болсон. Тэр үед би эртхэн ирж эмчлүүлэхгүй яавдаа гэж бодож байлаа.
-Хэрэх өвчний талаар ямар нэгэн ойлголттой байв уу. Танд ямар эмчилгээ хийсэн бэ?
-Надад хануур, төөнүүр, бариа засал хийж, рашаан шөлөнд оруулаад их сайхан болгосон. Дээрээс нь Манба Дацан хийдийн лам нар эмнэлгийн бясалгалын өрөөнд орж ирж засал номыг минь уншиж өгсөн. Хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмнэлгийн гал тогооноос тухайн өвчтөнд тохирсон хоол цайг өгдөг юм байна лээ. Хэрэх өвчний талаар би сайн мэдэхгүй. Манба Дацан эмнэлэгт ирээд эмчилгээ хийлгэж, өвчин минь намдаж эхлэхэд би энэ эмнэлэгийн эмч нарт итгэх хэрэгтэй юм байна л гэж бодсон. Эмч нар маань ч надад ямар гам барих, ямар хоол хүнс хэрэглэх зэргийг сайн хэлж өгсөн. Эм ууж байхад исгэлэн идээ цагааг хорьж, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж байгаарай гэж зөвлөсөн.
-Та яагаад Манба Дацан эмнэлэгт хандах болов. Энэ эмнэлгийн онцлог, давуу тал нь юу вэ?
-Д.Нацагдорж Хамба лам манай нутагт ирж, хүн ардыг үзэж, эмчилж байсан. Тэр үеэс мэднэ. Тэгээд яах учраа мэдэхгүй сандарч, тэвдэж явахдаа Манба Дацан эмнэлэгт хандвал намайг эмчилж чадна гэж бодоод ирсэн. Шууд л Манба Дацан эмнэлэгт ирэхгүй яавдаа гэж их бодсон. /инээв/ Гэхдээ одоо айдагаа авдартай хийсэн болохоор баярлаж л сууна. Эмчилгээ, үйлчилгээ сайтай. Эмч нар нь хүнлэг энэрэнгүй, их чадвартай. Миний оношийг зөв тавьснаас эхлүүлээд би энэ эмнэлэгт итгэж, өөрийгөө даатгасан.
-Одоо таны биеийн байдал ямар байна?
-Эмчилгээ үйлчилгээ сайтай сайхан эмнэлэгт хэвтээд бие маань эрс сайжирсан. Уламжлалт эмчилгээ тухайн өвчинг илаар-шуулаад зогсохгүй ядаргааг тайлж, бүх л бие минь сайхан болж ирсэн. Үе мөч маш хүчтэй өвдөж, гар тахийж, гишгиж ч чадахгүй байсан хүн маш богино хугацаанд хөл дээрээ боссон гэхээр сайхан байна.
-Манба Дацан эмнэлгийнхэнд хандаж юу хэлэх вэ?
-Хамба лам Д.Нацагдорж болон эмч Б.Болорчимэг, Л.Энх-Амгалан нартаа талархаад баршгүй. Энэ хоёр эмч маань намайг хөл дээр минь босгосон. Бас Манба Дацан хийдийн лам нар, эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Хүн өвчин зовлонгүй, эрүүл байхаас сайхан зүйл гэж үгүй шүү дээ. Тиймээс хүн ардыг уламжлалт анагаах ухаанаар эрүүлжүүлэн, гэгээрүүлж байгаа Манба Дацан эмнэлгийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
Уламжлалт анагаах ухаан сонин №11 (27)