Ханиад нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин гэсэн ойлголт байдаг бол уламжлалт анагаах ухаан арай өргөн хүрээнд авч үздэг. Тухайлбал, ханиад нь дотроо хоолойн, уушгины, хамрын, халдварт ханиад гэсэн ангилалтай бөгөөд тус бүрдээ эмнэлзүйн шинж тэмдэг, эмчлэх аргатай тусгай биеэ даасан өвчин юм. Хоолойн ханиадны эхэн үед хоолой, тагнай, хамар халуун оргиж, нус гоожиж, битүүрэн сүүлдээ ихээхэн найтаах шинж тэмдэг илэрнэ. Уушгины ханиадны үед хоолой халуун оргих, загатнах, ханиалгах, толгой цээжин биеэр өвдөх шинж тэмдэг илэрч, сүүлдээ идээ, цустай цэр гарч уушгины архаг өвчин болж хувирдаг. Хамрын ханиадны үед хамар халуун оргин шархирч, нус гоожих шинж тэмдэг илрэх бол халдварт ханиад нь толгой үе мөч, хөлийн эрээн булчин өвдөж, цээжин бие хөндүүрлэн, гуя, бэлхүүсээр нүдүүлсэн мэт өвдөж, ам гашуун оргин хоолны дуршилгүй болж, жихүүдэс хүрэн, халуурна. Үүнээс харахад халдварт ханиад нь ханиад өвчний нэг хэлбэр бөгөөд ханиад болгон халдвартай байна гэдэг өрөөсгөл ойлголт юм.
Халдварт ханиад нь агаар дуслын замаар нэгээс нөгөөд халддаг бол хоолойн, хамрын, уушгины ханиад тухайн хүний идээ унд, өдөр тутмын амьдралын хэвшил, явдал мөрөөс шалтгаалж үүсдэг. Мөн эдгээр ханиад өвчнүүдийг гүйцэд эмчлэлгүй архагшуулвал урхаг ихтэй байхаас гадна дараа дахин хүнд хэлбэрийн өвчин болж боловсрох нь олон. Ялангуяа халдварт болон уушгины ханиад нь хүнд хэлбэрийнх бөгөөд эмчийн заавраар гүйцэд эдгээхгүй бол эцэстээ уушгины хүнд архаг өвчнөөр өвдөх, цаашлаад бусад эрхтэн системд нөлөөлөх эрсдэлд хүргэнэ.
Ханиаднаас урьдчилан сэргийлэх нь
Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байх арга ухааныг нарийн зааж өгсөн байдаг. Урьдчилан сэргийлэх гэдэг нь тухайн өвчнөөр өвчилж болох шалтгаан, нөхцлийг хааж, өдөр тутмын хоол хүнс, амьдралын хэв маягаа зохицуулахыг хэлнэ. Уушги, хамар, хоолойн ханиад нь амьдарч, ажиллаж буй орчны тоосжилт, сэрүүн чадалтай /хүйтэн ундаа, зайрмаг г.мэт/ идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, шим тэжээл муутай хоол хүнсийг үргэлж хэрэглэснээр биеийн дархлаа буурах, даарч хөрөх зэрэг шалтгаануудаас үүснэ. Харин халдварт ханиад нь тусгай вирусээр үүсгэгдэн агаар дуслын замаар халдварладаг. Тиймээс ханиад өвчнөөс урьдчилан сэргийлэхэд орчны цэвэр байдал, хоол хүнсний хэрэглээ, өдөр тутмын хувцаслалт зэрэг амьдралын хэв маяг чухал. Тухайлбал, өдөр бүр гэр, ажлын өрөө, анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээ хийж, цэвэр агаар сэлгэн, ариутгал хийн, хоол хүнсэндээ шим тэжээлтэй хүнс, амин дэмээр баялаг хүнсний ногоог түлхүү хэрэглэх, шөл, зутан, жимсний шүүс, чанамал, буцалсан халуун аарц зэргийг өдөр тутамдаа, ялангуяа өвлийн улиралд хэрэглэж занших. Мөн улиралдаа зохицуулан хувцаслах нь ханиад цаашлаад бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх арга болж чадах юм.
Хэрэв нэгэнт ханиад өвчнөөр өвчилсөн бол болж өгвөл эмийн бус аргаар эмчлэхийг зорих хэрэгтэй. Эхэн үедээ шим тэжээлтэй идээ унд идэж, бага зэрэг хөлрөх дасгал хөдөлгөөн хийх зэргээр гэрийн нөхцөлд эмчлэх нь зүйтэй. Хэрэв дарагдахгүй бол мэргэжлийн эмчид хандах нь чухал. Иргэд эмчид хандалгүй дур мэдэн элдэв антибиотик хэрэглэн өвчнөө архагшуулах тохиолдол их байдаг. Энэ нь маш буруу бөгөөд тухайн үедээ эдгэрсэн мэт зовиур багассан ч өвчин бүрэн эдгэрэлгүй дотроо нуугдмал байдалд ордог. Ингэснээр дараа даарч хөрөх, бага зэрэг ядрах, биеийн хүч сулрах үед дахин өвчлөх, өмнөхөөсөө хүнд хэлбэрээр өвдөх зэрэг эрсдэлтэй тул эмчид хандах хэрэгтэй. Ялангуяа халдварт ханиадыг эмчлэхдээ боловсруулах, хураах, нядлах зэрэг эмчилгээний тусгай арга зарчмын дагуу эмчилдэг тул мэргэжлийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай. Ханиадыг дур мэдэн буруу эмчилвэл бүрэн эдгэрэлгүй, хурдан хугацаанд хүндрэх эрсдэлтэй.
Уламжлалт анагаах ухаанд ханиад болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг өвөрмөц арга бий. Энэ нь тарни юм. Тухайлбал, “Ум ало гарва шиса хум пад” гэсэн тарнийг аль болох олон уншсанаар өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ бүх төрлийн халдварт өвчнөөс хамгаалж чадна.
Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийдэг
Ханиад өвчинг эмчлэх уламжлалт эм, эмчилгээ олон бий. Тиймээс уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хандаж ханиад өвчний явц, хүнд хөнгөнөөс нь хамаараад зохих эмчилгээг хийлгэвэл хурдан хугацаанд илааршихаас гадна хүндэрч хатгаа, ларингит, бронхит зэрэг амьсгалын замын өвчнөөр өвдөх эрсэдлээс сэргийлж чадна. Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлгийн хувьд ханиадны явц, хэлбэрээс хамаараад төөнүүр, бумба, татлага, утлага, хоолой зайлах, хануур зэрэг эмчилгээнүүдийг хийдэг. Тухайлбал, цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийх зэргээр тухайн хүний өвчний байдлаас хамаарч эмчилгээг явуулна. Ялангуяа байн байн хоолой өвддөг, хоолойны ангина, үрэвслийн шалтгаантай амьсгалын замын өвчлөлүүдийн үед эмийн эмчилгээ хийсний дараа хануур заслыг хийснээр өвчнийг дахиулахгүйгээр үндсээр нь эмчлэх боломжтой. Эдгээр эмчилгээг мөн мэргэжлийн эмчийн хяналтан дор хийлгэх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.
Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?
Дархлаа гэх ойлголтыг уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл хүний биеийн тамирын тэгш байдал, хүч тамирын илэрхийлэл юм. Тиймээс шим тэжээлтэй, шингэхэд хялбар идээ унд идэх, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь хүний биеийн дархлааг сайжруулж аливаа өвчинд өртөх шалтгааныг хааж өгнө. Уламжлалт анагаах ухаанд дархлааг сайжруулах эм, тан олон бий. Дархлааг дэмжихийн тулд хүний биеийн хүч тамирыг тэгшитгэж, бодисын солилцоог хэвийн байдалд барих тан эмүүдийг өгөх нь зүйтэй. Мана-4, Норов-7 зэрэг тан нь эрүүл хүн ч ууж болох тэгш жорууд бөгөөд хүний биеийн бодисын солилцоог сайжруулан, тамир хүчийг тэтгэдэг учир эдгээр танг өдөр тутамдаа ууж хэрэглэж болно.
Мана-4, Норов-7 танг бүх насныхан хэрэглэж болно. Гэхдээ уух тунгийн хувьд бага зэрэг ялгаатай. Тухайлбал, 3 хүртэлх насны хүүхдэд 1 тунгаар түүнээс дээш насныхан 2 тунгаар ууж хэрэглэнэ. Энгийн үед 2 тунгаар өдөрт 1-2 удаа, дархлаа суларсан тохиолдолд 3-4 тунгаар буцалгаж халуун бүлээнээр нь цаг харгалзахгүй ууж болно. Зарим тохиолдолд эмч нар эдгээр танг 2 цагийн давтамжтайгаар бага багаар уухыг ч зөвлөдөг. Ингэснээр бодисын солилцоо сайжирч, биеийн тамир тэгш оршин, дархлааг дэмжиснээр эрүүл байх болно.
Хүйтний улирал эхлэхэд бага насны хүүхдүүд байн байн ханиад хүрч, хоолойн нь өвддөг нь эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудал болдог. Хүүхдийн ийнхүү байн байн өвчлөх нь ханиадаа бүрэн эдгээж чадалгүй архагшуулсантай холбоотой. Өвчнийг боловсруулж, хурааж, нядлах үе шаттайгаар эмчлэлгүй шууд хүчтэй эм, тариа хэрэглэснээр өвчин дотроо нуугдаж, дахин дархлаа суларсан үед сэдэрдэг юм. Тиймээс ханиад хүрэмтгий хүүхдүүдэд дээр дурьдсан тан эмүүдийг өгөхөөс гадна сармистай шөл, халуун аарц зэргийг уулгах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дархлааг дэмжихээс гадна нуугдмал байдалд орсон өвчний урхагийг боловсруулж байдаг. Үүний дараа өвдсөн тохиолдолд шууд нядлах шатны эм, эмчилгээг хэрэглэж, ханиадыг үндсээр нь дарж болно.
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Д.Отгонбаатар
“Уламжлалт анагаах ухаан” сонин №11 (27)