Цэвэршилтийн хам шинж илэрсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж

%d1%86%d1%8d%d0%b2%d1%8d%d1%80%d1%88%d0%b8%d0%bb%d1%82

Цэвэршилт гэдэг нь эмэгтэйчүүдийн насны онцлогтой холбоотой өндгөвчний үйл  ажиллагаа буурсаны суурин дээр илрэх бие махбодийн ерөнхий болон нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүдийн үйл ажиллагааны ба бүтцийн өөрчлөлт юм.

Зарим тохиолдолд эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үеийн өөрчлөлтүүд эмгэг байдлаар илрэхийг цэвэршилтийн хам шинж гэнэ. Цэвэршилтийн хам шинжид нас, удамшил, яс үндэс, зан заншил, амьдралын хэв маяг, хорт зуршил, буруу зан үйл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

Цэвэршилтийн хам шинжтэй эмэгтэйчүүдийн 92 %- д нь халуу оргиж, хөөрөх  хам шинж илэрдэг бөгөөд ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог  байна.

“Цэвэршилтийн хам шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд үзүүлэх асаргаа, сувилгааны үндсэн зарчим” –ийн талаарх мэдлэг нь зөвхөн тухайн насны эмэгтэйчүүдэд төдийгүй тэдний ар гэрийнхэнд бас хэрэгтэй юм. Цэвэршилтийн хам шинжийг мэдсэнээр өөртөө болон бусдад туслах мэдэгдэхүүнтэй болно.

Амьдралын зөв хэв маяг мөрдөх, архи тамхи хэрэглэхгүй байх, хангалттай унтаж амрах, сэтгэл санааны хэт цочрол, хямралаас зайлсхийх, аль болох тайван байх, өөрийн дуртай, таашаал авдаг зүйлээ хийх, найз нөхдөөсөө болон гэр бүлийн гишүүдээс дэмжлэг авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн зөвлөгчид хандах

 Анхаарвал зохих нэг гол зүйл бол эрүүл хооллолтын асуудал байдаг. 50-н насны үеэс эхлэн хооллолтын дэглэмээ өөрчилж өдөр тутмын биеийн хүчний ачаалалдаа тохируулан хооллож байх хэрэгтэй. Шар буурцганд агуулагддаг фитоэстроген нь цэвэршилтийн үеийн халуу оргих шаналгааг бууруулахад тустай болохыг судлаачид тогтоожээ. Энэ төрлийн хүнсний зүйлд үр тариа, овъёос, улаан буудай, хар будаа, шинэ жимс ногоо орно. Бифидус хэмээх сүүний хүчлийн нянгийн өсгөвөр нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн бодисын солилцоо, эстрогены ашиглалтыг сайжруулж мөөгөнцрийн халдварыг бууруулдаг.

Хэрэглэхийг хязгаарлах хүнсний бүтээгдэхүүнд:

  • Архи, кофе, халуун ногоо нь халуу оргих зовиурыг улам нэмэгдүүлдэг
  • Фосфор агуулсан нүүрстөрөгч бүхий ундаа
  • Үхэр, гахай, тахианы мах ханасан тосны хүчил ихтэй учраас бие махбодийн эстрогены завсрын солилцоог бууруулдаг.
  • Сахар элэгний эстрогены завсрын солилцоо ба дархлалын системийг гэмтээх учир хязгаартай хэрэглэх

Дасгал хөдөлгөөн нь эмэгтэй хүний амьдралын бүх үеийн турш эрүүл мэндэд тустай арга зам болно. Тогтмол дасгал хийх нь /наад зах нь долоо хоногт 3-4 удаа/ ясны сийрэгжилт, хавдар үүсэх эрсдэл, зүрхний өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Явган явах, гүйх, дугуй унах, иогийн дасгал, бясалгал болон амьсгалаа зохицуулах дасгал, хөдөлгөөн хийж байх нь тустай юм. Гэхдээ шөнө хөлрөхөөс сэргийлж унтахаас гурван  цагийн өмнөөс идэвхтэй дасгал хийхгүй байвал зүгээр.

Халуун дулааны улиралд халуу оргих зовиур улам ихэсдэг. Тийм учраас хөвөн даавуун хувцас өмсөж, аль болох арьсаараа чөлөөтэй амьсгалж байх нь халуу оргих зовиурыг намжаахад тустай.

Витамин Е хэрэглэх нь халуу оргих, шөнө хөлрөх зовиур шаналгааг намжаахаас гадна хүний биеийн дархлааг дэмжих, зүрх судасны системийг хамгаалдаг. Витамин С нь витамин Е-ийн шимэгдэлтийг сайжруулж хялгасан судасны хэврэгшилтийг намжаадаг юм.

Бэлтгэсэн: ОМИС-ийн багш А.Мөнхцэцэг

Уламжлалт анагаах ухаан сониноос 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *