Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг өнөөдөр Манба Дацан хийдэд нээж, Богд Зонхава болон түүний шавь нарын тосон урлалыг залж, аравнайлах ёслол боллоо. Тус үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн захирал, хатагтай Ли Вэй, Түвдийн Гүмбүм хийдийн лам нар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Күдэр Кендинович, Түвдийн Анагаах ухааны сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Нямацэрэн, Түвдийн Эмнэлэг зурхайн хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч, доктор, профессор Юмба болон нийслэлийн сүм хийдүүдийн лам хуврага, эрүүл мэндийн болон боловсролын салбарын төлөөлөл, сүсэгтэн олон оролцлоо. Нээлтийн ёслолын үеэр Түвдийн Гүмбүм хийдийн лам нар Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржид бурхан шүтээн, судар ном, бодь модны навч тэргүүтэй зүйлийг гардуулан өглөө.
“Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнд балин урлаг, зээгт наамал, ханын зураг буюу бүх төрлийн танка багтдаг. Энэхүү гурван урлагийг 2006 онд БНХАУ-ын биет бус соёлын өвд бүртгэсэн бөгөөд Хятад Улсад төдийгүй дэлхийд алдартай бүтээлүүд юм.
Тус бүтээлээрээ алдартай Түвдийн Гүмбүм хийдийн лам нар Монголд морилон ирж, өчигдөр Манба Дацан хийд дээр балин урлагийн гол төлөөлөл болсон Богд Зонхава болон түүний хоёр шавийн дүрийг тосоор урласаныг өнөөдөр ийнхүү Манба Дацан хийдэд заллаа. Балин урлагийг сарлагийн сүүнээс гаргаж авсан тосыг шороон будгаар өнгө оруулан урладаг бөгөөд нарийн ур дүй шаардсан тусгай урлаг юм.
Гүмбүм хийд нь зээгт наамалаа хавтгай болон гурван хэмжээст гэсэн хоёр төрлөөр хийдэг бөгөөд 400 гаруй жилийн түүхтэй хамгийн онцгой зээгт наамал Гүмбүм хийдэд байдаг байна. Ханын зураг буюу танка урлагийн хувьд Гүмбүм хийдийн нэрт бурхан урлаач Цойш Лувсаншинангийн зураг урлагийн хэв маягаас өвлөгдөн иржээ.
Сонирхуулахад, Гүмбүм хийд нь шарын шашныг үндэслэгч, Түвдийн мэргэдийн оройн дээд чимэг, соён гэгээрүүлэгч, их билгүүн эрдэмтэн лам Богд Зонхаватай салшгүй холбоотой хийд юм. Богд Зонхава Лувсандагва бээр Түвдийн Амдо нутгийн Хөх нуурын орчим Зонха буюу Сонгины амт хэмээх газарт VI жарны улаагчин тахиа жил 1357 онд мэндэлжээ. Түүнийг төрөөд хүйсийг нь бооход шунх дусал дуссан газар аав нь уламжлал ёсоор ихэсийг нь газар дэлхийд залахад тэр газраас нь анхилуун сайхан үнэрт цагаан зандан мод ид шидийн мэт урган гарчээ. Тэрхүү модны навч холтос бүр дээр нь “Сэнгэ аро” хэмээх бурханы хөрөг, түвд номын үсгүүд зурсан юм шиг тодрон гарч ирсэн гэдэг. Иймийн тулд тэрхүү мод “Гүмбүм” буюу “Буман бурханы лагшин” хэмээх нэртэй болж, ард иргэд ихэд шүтэн бишрэх болжээ. Энэ цагаас хойш Гүмбүм нь Зүүн Түвдийн хамгийн ариун мөргөлийн орон болсон байна. 3-р Далай лам уг модны тухай хүүхэд ахуйдаа нэн шимтэн таалдаг байжээ. Тиймээс ч хашаа хамгаалалт тойруулан бариулж, хожим нь түүний дэргэд Гүмбүм Жамбаалин хийдийг байгуулжээ. Удалгүй энэ хийд Түвдийн хамгийн нэр нөлөөтэй номын хүрээ болсон бөгөөд эдүгээ ч сүсэгтэн олны хөл хөдөлгөөн татрахгүй ариун дагшин газар хэвээр байсаар байна.
Богд Зонхава Лувсандагва бээр VII жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд нас сүүдэр 63-тайдаа 1419 онд ”Сундуйн жүд” судраас айлдаж байгаад жанч халж, нигуураас нь саран мэт их гэрэл гарч, уг гэрэлд бие нь улам бүр хайлан багассаар шашин амьтны тусын тулд дүрст биеийг номын лагшинд хураан, бурханы хутгийг үзүүлжээ.