Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр”-ийг тохиолдуулан Түвдийн Гүмбүм хийдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг Монголд нээж, сүсэгтэн олонд үзүүлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа юм.
Тосон урлалаараа алдартай Түвдийн Гүмбүм хийдийн тахилч лам нар Манба Дацан хийдэд морилон ирж, “Түвд урлагийн гурван гайхамшиг” хэмээгддэг энэхүү гайхамшигт тосон урлалаа урлах юм. Уг бүтээлээ 11 сарын 26-ны бямба гарагийн 11.30 цагт Манба Дацан хийдэд залж, тахил өргөн, олон нийтийн хүртээл болгоно. Тиймээс нийслэлийн сүм хийдийн лам хуврага, урлаг судлаач, сүсэгтэн олон та бүхнийг энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирж, Богд Зонхава болон түүний хоёр шавийнх нь дүрийг тосоор урласаныг үзэн сонирхож, Манба Дацан хийдэд залах буяны үйлд оролцохыг урьж байна.
БНХАУ-ын биет бус соёлын өвд 2006 онд бүртгэгдсэн балин урлаг нь сарлагийн сүүнээс гаргаж авсан тосоор болон байгалийн бүтээгдэхүүнээр өнгө будаг гаргаж урладаг Буддын шашны их таван ухааны Урлахуйн ухаанд хамаарагддаг урлал юм. Тэр дундаа Гүмбүм нь тосон урлалаараа ихэд алдартай бөгөөд бурхан, тахил, балин хийх өв их уламжлал, олон зуун жилийн түүхтэй хийд юм. Гүмбүмийн лам нарын урласан бурхан, балин тахилыг бурханы шашинтнууд төдийгүй урлаг судлаачид гайхан шагшдаг билээ. Тэр дундаа “Түвд урлагийн гурван гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн Богд Зонхава болон түүний хоёр шавийг тосоор урласан бүтээл машид алдартай юм.
Шарын шашныг үндэслэгч, Түвдийн мэргэдийн оройн дээд чимэг, соён гэгээрүүлэгч, их билгүүн эрдэмтэн лам Богд Зонхава Лувсандагва бээр Түвдийн Амдо нутгийн Хөх нуурын орчим Зонха буюу Сонгины амт хэмээх газарт VI жарны улаагчин тахиа жил 1357 онд мэндэлжээ. Түүнийг төрөөд хүйсийг нь бооход шунх дусал дуссан газар аав нь уламжлал ёсоор ихэсийг нь газар дэлхийд залахад тэр газраас нь анхилуун сайхан үнэрт цагаан зандан мод ид шидийн мэт урган гарчээ. Тэрхүү модны навч холтос бүр дээр нь “Сэнгэ аро” хэмээх бурханы хөрөг, түвд номын үсгүүд зурсан юм шиг тодрон гарч ирсэн гэдэг. Иймийн тулд тэрхүү мод “Гүмбүм” буюу “Буман бурханы лагшин” хэмээх нэртэй болж, ард иргэд ихэд шүтэн бишрэх болжээ. Энэ цагаас хойш Гүмбүм нь Зүүн Түвдийн хамгийн ариун мөргөлийн орон болсон байна. 3-р Далай лам уг модны тухай хүүхэд ахуйдаа нэн шимтэн таалдаг байжээ. Тиймээс ч хашаа хамгаалалт тойруулан бариулж, хожим нь түүний дэргэд Гүмбүм Жамбаалин хийдийг байгуулжээ. Удалгүй энэ хийд Түвдийн хамгийн нэр нөлөөтэй номын хүрээ болсон бөгөөд эдүгээ ч сүсэгтэн олны хөл хөдөлгөөн татрахгүй ариун дагшин газар хэвээр байсаар байна.
Богд Зонхава Лувсандагва VII жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд нас сүүдэр 63-тайдаа 1419 онд ”Сундуйн жүд” судраас айлдаж байгаад жанч халж, нигуураас нь саран мэт их гэрэл гарч, уг гэрэлд бие нь улам бүр хайлан багассаар шашин амьтны тусын тулд дүрст биеийг номын лагшинд хураан, бурханы хутгийг үзүүлжээ.