Манба Дацан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг Тува Улсад урьж ажиллуулна

dsc_1215

-Монголын уламжлалт анагаах ухааныг Тува Улсад нэвтрүүлэх талаар хэлэлцлээ-

Бүгд Найрамдах Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Кудер Кенденович тэргүүтэй Тува Улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, албаны хүмүүс МУЭСТөв Манба Дацантай хамтран ажиллах зорилгоор энэ сарын 23-26-ны хооронд ажлын айлчлал хийж байна. Тува Улс нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Тува Улсын эмнэлгүүдэд уламжлалт анагаах ухааны кабинет нээн ажиллуулахыг зорьж байгаа аж. Тиймээс Манба Дацан төвөөс тусламж дэмжлэг авах, Тувагийн эмнэлгүүдэд монгол эмч нарыг ажиллуулах асуудлыг энэ удаагийн айлчлалаар хэлэлцэж, хоёр тал хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа.

Энэ талаар Бүгд Найрамдах Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Кудер Кенденович “Манай Тува Улсад уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх сонирхолтой хүмүүс маш олон болсон. Тувагаас Манба Дацан эмнэлэгт ирж эмчлүүлж байгаа хүмүүс ч олон байгаа. Тиймээс бид уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг Тувагийн эмнэлгүүдэд нэвтрүүлэх үүднээс Манба Дацан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах зорилтыг эхний ээлжинд тавиад байна” гэв.

15174591_1811804155767982_1735337623_n

Харин Манба Дацан төвийн тэргүүн, Хамба лам Д.Нацагдорж Тува Улсад уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх буянтай үйл хийж байгаа дэд сайд Могуш Кудер Кенденович болон Тувагийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд талархаж байгаагаа илэрхийлээд Тувагийн ЭМЯ болон Манба Дацан төвийн хамтын үйл ажиллагааг Монгол Улсын ЭМЯ, БСШУСЯ дэмжиж байгааг дуулгасан юм. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд Тува Улсад уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, Тувагийн ард иргэдэд стандартын шаардлага хангасан, чанартай уламжлалт эм, эмчилгээгээр үйлчлэх, цаашилбал хамтарсан эмийн үйлдвэр барих, Тувагийн уламжлалтын эмч, мэргэжилтнүүдийг Оточ Манрамба Их сургуульд бэлтгэх, тус сургуулийн салбарыг Тува Улсад нээх зэрэг өргөн боломж нээгдэж байна.

15218577_1811804132434651_1411958910_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *