Бусдад Туслахуй Анагаах ухааны “Манба Дацан” хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа эрүүл мэндийн Оточ Манла бурхныг гол шүтээнээ болгож, шинийн найманд Их Манла, Манлын дончид, Манлын лого хурдаг. Шинийн найманг Манлын дүйцэн өдөр хэмээдэг. Энэ өдөр Манла бурхныг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурхны хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Шинийн 10-нд Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Намсрай, Шанлон, Дамжин гээд долоон сахиус тахидаг бөгөөд хамгийн гол нь Манла бурхны гол сахиус Шанлон, Дамжинг тахидаг. Шанлон, дамжин сахиус нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурхнаас зарлиг авч, тангараг тавьсан сахиуснууд юм.
Харин шинийн 14-нд Ганжуур, Оройн ерөөл уншина. Ганжуур нь 108 боть бүхий хөлгөн судар бөгөөд энэ өдөр энэхүү судрыг гадилж уншин, салхи оруулдаг байна. Оройн ерөөлийг талийгаачдыг даатгаж уншуулдаг аж. Шинийн 15-нд Сандуйн жүд уншина. Энэхүү хөлгөн судар нь нууц тарнийн ёсны гол судар бөгөөд нам дуугаар унших нарийн дэг жаягтай. Сандуйн жүд судрыг шүтэж явснаар цаг бусын хорлол, аваар осолд өртөхөөс авран хамгаалдаг. Тиймээс манай иргэд энэхүү судрыг машиндаа залсан байдаг.
Билгийн тооллын 23-нд Логотой гүнрэгийг уншдаг. Тус номыг голцуу талийгаачдад зориулж уншдаг юм. Билгийн тооллын 25-нд Цэгмэдийн чого хэмээх хөлгөн судрыг уншдаг бөгөөд амь нас, бүхий л зүйлээ Цэнд бурханд даатгадаг. Билгийн тооллын 29-нд бурханы шашныг хамгаална хэмээсэн Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Чойжоо, Лхам, Шалши, Намсрай, Цамба, Жамсран гэсэн арван сахиусыг тахидаг. Хүрээ хийдийн газарт голдуу билгийн тооллын 29-нд Арванхангалаа тахидаг юм.
Харин битүүн буюу билгийн тооллын 30-нд Найдан чого хурдаг. Энэ нь Бурхан багшийг 16 архад буюу шавь нартай нь урин залж, магтаал, тахил, даатгал өргөдөг чого хурал юм.
Сонирхуулахад, саяханыг хүртэл амьд сэрүүн сургаал, номлолоо хайрлаж явсан Бакула Ренбүүчиг Бурхан багшийн 16 архадийн нэг хэмээдэг аж.
Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин
МУЭСТ Манба Дацангаас эрхлэн гаргадаг “Уламжлалт анагаах ухаан” сониноо захиалан уншаарай.
Захиалгын индекс – 101227