Манба Дацан МУЭСТ /Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв/ -ийн Хамба лам Д.Нацагдорж Болгарын Софи, Русэ хотуудад ажлын айлчлал хийгээд ирлээ. Тэрбээр аравдугаар сарын 15-нд Болгар дахь Монгол Улсын Элчин сайдын яамны урилгаар монголын Соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм. Монголын Соёлын төв нь Болгарын ард түмэнд монголын өв соёл, хоёр орны соёлын харилцааг таниулан сурталчлах зорилготойгоор байгуулагдаж байгаа аж. Соёлын төвийн нээлтийн ёслолд Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав болон Элчин сайдын яамны хамт олон, 200 орчим зочид төлөөлөгчид, Болгарын 9 их дээд сургуулийн удирдлагууд, 40 гаруй эрдэмтэн, доктор, профессорууд зэрэг монголчуудтай хамтран ажилладаг хүмүүс оролцжээ.
Энэ үеэр Бүгд найрамдах Болгар Улсаас ирж эмчлүүлж байсан болон монголд ажиллаж амьдарч байсан Болгарчуудын төлөөлөл Манба Дацан төвийн салбарыг Болгар улсад байгуулж өгөх тухай хүсэлтийг Монголын Элчин сайдын яаманд тавьсан байна. Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж, эмчлүүлдэг маш олон хүн Болгарт байдаг бөгөөд тэд олон жилийн өмнөөс Д.Нацагдорж хамбад биеэ үзүүлэн, эм тан залж, монголын уламжлалт анагаах ухааны ач тусыг мэдэрсэн тул энэхүү саналыг тавьжээ. Тус саналын дагуу Манба Дацан төвийн салбарыг Болгар улсад байгуулж, монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг тус улсад албан ёсоор нэвтрүүлэх ажлыг судалж, хэрэгжүүлнэ гэдгийг Д.Нацагдорж хамба лам хэлсэн байна.
Айлчлалын хүрээнд Хамба лам Д.Нацагдорж Болгарын Наречен дахь Балнеокомплекс Медика сэргээн засах эмнэлэг болон Русэ хот дахь Медика группийн удирдлагуудтай уулзан, тус группийн эмнэлгүүдээр орж танилцан хамтран ажиллах талаар ярилцсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд Медика группийн эмч мэргэжилтнүүд МУЭСТ Манба Дацанд хүрэлцэн ирж, уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцахаар болжээ. Мөн энэ үеэр Русэгийн “Angel kanchev” Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн факультетэд 2017 оноос Оточ Манрамба Их сургууль, Манба Дацан төвийн багш, мэргэжилтэн, эмч нарыг судалгаа шинжилгээний чиглэлээр сургах тухай хэлэлцэн тохирчээ.
Энэ талаар Д.Нацагдорж хамба лам хэлэхдээ “Миний энэ удаагийн Болгарт хийсэн айлчлал монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргах нэгэн боломжийг нээсэн үйл явдал боллоо. Манай эмнэлгээр үйлчлүүлж, эмчлүүлдэг маш олон хүн Болгарт байдаг. Тэд манай төвийн үйл ажиллагааг албан ёсоор Болгарт нэвтрүүлэх саналыг тавьсан нь монголын уламжлалт анагаах ухааныг Болгарт төдийгүй дэлхийд гаргах нэг алхам болж байна. Бид үүнийг судалж, цаашдаа Манба Дацан эмийн үйлдвэрт хийж байгаа эмийн бүтээгдэхүүнийг Болгарт гаргах асуудлыг ажил хэрэг болгох болно. Монголын өв соёл, уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргана гэдэг маш том хариуцлага, ёс зүй шаардсан ажил болохыг бид ухамсарлаж, олон улсын эм, эмчилгээний шаардлагыг хангасан сургалт, эмчилгээг Болгарт явуулахаар төлөвлөж байна. Энэхүү айлчлалыг хийхэд дэмжиж тусласан Болгар улс дахь Монголын Элчин сайдын яамны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье” гэв.
Болгар улсад 10 мянга гаруй бурхны шашинтнууд байдаг бөгөөд Хамба лам Д.Нацагдорж тэдний төлөөлөлтэй Болгарын буддын төвд уулзан лекц уншсанаас гадна Софигийн Их сургуулийн Дорнын соёлын тэнхимийн оюутнуудад мөн лекц уншжээ.