Манал бурханы ариун орон хот мандлыг байгуулан бүтээх зан үйлийг Монголын бурханы шашны сүм хийдүүд олон зуун жилийн турш бүтээж, хурж ирсэн.
Гэвч 1937 оноос энэхүү зан үйлийг бүтээхийг бүр мөсөн хориглосны улмаас уламжлал нь 70 жил тасарсан байсныг хамба лам Д.Нацагдоржийн санаачлагаар 2005 онд Манба Дацан хийдийн лам хуврагууд энэхүү уламжлалыг дахин сэргээн Дүлцон жинхор вантай Гүнриг их хурлын зан үйлийг бүтээж эхэлсэн.
Дүлцон жинхор, вантай Манал бүтээх зан үйл, их хурлыг Монгол улсад зөвхөн Манба Дацан хийдэд жилдээ 1-2 удаа бүтээж, хурж байна.
МАНАЛ БУРХАНЫ АРИУН ОРОН ХОТ МАНДАЛ БҮТЭЭХ ЗАН ҮЙЛ
Алт, мөнгө, оюу, номин, шүр, сувд зэрэг эрдэнэсийн зүйлийг бүрдүүлэн, адистидлэн равнайлан бэлтгэж түүгээр Манал бурханы ариун орон хот мандлыг тусгай зан үйлийн дагуу хийж бүтээнэ.
Манал бурханы ариун орныг бүтээж буй лам хуврагууд Намбар нанзад тэргүүтэй 37 ядам бурхадын үүднээс тусгай зан үйлийн дагуу долоо хоногийн турш хийж бүтээдэг.
ЭРДНИЙН ДҮЛЦОНГ ЛУСАД ЗАЛАХ ЗАН ҮЙЛ
Манал бурханы ариун орон хот мандлаа хураагаад далай, гол мөрөн, булаг шанд, овоонд өргөж, өглөгийн эзэн сүсэгтэн олонд түгээн хүртээнэ.
Манал бурханы ариун орны хумхын тоосны нэг ширхэг болох эрднийн дүлцонгийн 1 ширхэг нь Лус найман аймаг тэргүүтэй лус, савдагт 1000 лан алттай тэнцдэг бөгөөд эрднийн дүлцонг өргөснөөр Лус, Газрын эздийг баясган, тэдэнд өргөх өглөгийн дээд болдог.
ЭРДНИЙН ДҮЛЦОНГ ЛУС САВДАГТ ӨРГӨСНИЙ ТУС ЭРДЭМ
Энэхүү эрднийн дүлцонг Лус, Савдагт өргөснөөр сав ертөнц байгал дэлхийн шүтэн барилдлагыг тэнцвэржүүлж, улирлын үзэгдэл өөр өөрийн мөн чанараар гарах буюу зун нь хур бороо элбэг, намар нь үр жимс, ургац арвин байж, байгалийн элдэв гамшгаас сэргийлэн хамгаална.
Элдэв муу сэтгэл, буруу үйлдэл, санамсаргүй байдлаар байгалтай буруу харьцсны улмаас Лус, Савдагийн хорлолд өртөн элдэв адын өвчин, арьсны өвчнүүд, хавдар, галзуу, солио, халдварт өвчин зэрэг өвчин туссаныг амирлуулах бөгөөд тэдгээр өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн энэ насны ажил үйлсийг тэтгэн, сэтгэлчлэн бүтээнэ.
ВАНТАЙ МАНАЛ ИХ ХУРАЛ
Манал бурханы ариун орон хот мандлыг бодьтой хийж бүтээсний дараа 3 хоногийн турш Вантай Манал их хурлыг хурна.
АМАРЛИХУЙН ЖИНСРЭГ ӨРГӨХ ЗАН ҮЙЛ
Вантай Манал их хурлын сүүлийн өдөр Манал бурханд амарлихуйн жинсрэг өргөж ариун орон хот мандлаа хураана.
ХУВААРЬ
Жил бүр намрын дунд сарын шинийн 6, 7, 8-аас эхлэн эдгээр зан үйлүүд нь хийгддэг. Энэ жил дараах өдрүүдэд тохиож байна.
- Манал бурханы ариун орон хот мандал бүтээх зан үйл 2016.09.1-6
- Вантай Манал их хурал, Амарлихуйн жинсрэг өргөх 2016.09.7-9
- Эрднийн дүлцонг Лусад залах зан үйл 2016.10.12