Япон улсын Hanazono их сургуулийн төлөөлөгч Доктор Ph.D профессор Kitagawa Keiko, доктор Koichiro Ohgushi нар Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Манба Дацан Төвд зочиллоо.
Тэд тус төвийн үйл ажиллагаатай танилцан оюутан солилцох, хамтран ажиллах гэрээ байгуулах урьдчилан хэлэлцүүлэгт хүрэлцэн иржээ.
МУЭСТөвийн ерөнхийлөгч Хамба лам Д.Нацагдорж “Түвэдийн эм зурхайн сургууль”-ийн 100 жилийн ой, Түвэдийн анагаах ухааны олон улсын анхдугаар чуулга уулзалтанд оролцохоор уригдан эзгүй байсан учир, Хамба ламыг Японд айлчлахыг тэд урилаа.
Зочид МУЭСТөвийн “Оточ Манрамба Их Сургууль”, Номын сан, “Манба Дацан эмнэлэг”, “Шинжээч Оточ” лаборатори, “Рентген оношилгооны кабинет”-ийн үйл ажиллагаатай танилцав.
Доктор Ph.D профессор Kitagawa Keiko:
“Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв Манба Дацангийн дэд захирал, Оточ Манрамба Их Сургуулийн эрдэм шинжилгээ, төгсөлтийн дараах сургалт эрхэлсэн захирал АУ-ны доктор Г.Одонцэцэг эмчид үзүүлэхэд миний өвчний оношийг яг хэлэн, эмчилгээ бичиж өглөө. Монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээ үнэхээр гайхалтай юмаа. Бидний мэддэггүй маш олон эмчилгээний арга энд байна, манай Япончуудад зонхилон тохиолддог олон өвчнийг энд төгс эмчилж болохоор байгаа нь үнэхээр сайхан. Би Манба Дацан эмнэлэгт удахгүй ирж хэвтэж эмчлүүлнэ гэж бодож байна. Тэгээд, Япончууддаа энэ гайхалтай анагаах ухааны оношилгоо эмчилгээний үр дүнг хуваалцахдаа тун баяртай байна” гэлээ.
“Уламжлалт Анагаах Ухаан” сонин Ш.Ариунжаргал