МУ-ын Цагдаагийн газрын харъяа “Улсын онц чухал объектыг хамгаалах алба”-ны олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын гуравдугаар хэсгийн дөрвөн ангийн бие бүрэлдэхүүн нэгдэн Хамба ламыг урин лекц сонслоо.Шударга нийгэм тогтоохын тулд, хууль сахиулагчид эхлээд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрөө зөв хүн байж бусдыг зөв зүгт чиглүүлж чадна хэмээн Хамба лам, МУ-ын гавъяат эмч Профессор Д.Нацагдорж багш яриагаа эхэллээ.Учир нь цагдаа, эмч хэн хэн нь тангараг өргөн, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлхийг эрмэлзэн ажилладаг. Эмч хүн нийгмээ оюун санаа болон бие махбодь талаас нь эрүүлжүүлэн хамгаалах гэж, харин цагдаа хууль хяналтынхан ард иргэдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах хариуцлага хүлээн тангараг өргөн ажилладаг өглөгтнүүд билээ. Ерөнхийдөө, гурван хэлбэрийн өглөг байдаг. Номын, эд баялгийн, осол аюулгүйн өглөг гэж. Тэд осол аюулгүйн өглөгтнүүд юм.Тиймээс энэ үйлсийг бүтээх гэж яваа хүмүүсийн бодол санаа зөв байх нь хамгаас чухал. Нийгмийг эрүүлжүүлэгчид эхлээд өөр лүүгээ харж, өөрсдөө алдаа дутагдлаа арилган сайжирсныхаа дараа бусдад нөлөөлөх ёстой. Бурууг бусдаас биш өөрөөсөө эхлээд хайх ухааныг бурханы шашинд хамгийн тодорхой номлодог. Бурханы шашинд “Нүгэл”- “Буян” гэдэг хоёрхон хууль бий. Түмэн олон ч тэрхүү хуулиа ягштал баримтлан 10-н хар нүглийг тэвчдэг байсан. Тиймээс нийгэм эрүүл байлаа. Хэрвээ нүглийг хүлээн зөвшөөрч чадах юм бол буруу зүйл хийхгүй байж чадна. Бид өнөөдөр энэ том соёлоосоо холдсон. Бурханы шашин оршин тогтнож байсан шиг тийм хүчтэй нөлөөлж гэмт хэргээс урьдчилан сэргийлж өнөөг хүртэл чадахгүй байна…Хамба лам, тэдний амьдрал ахуйд хэрэгтэй олон зүйлийг олон өнцгөөс харж ярьлаа.
Дэмжлэгийн дарга Хошууч н.Ганзориг: Цаг завгүй, нөр их ажлынхаа хажуугаар бидний урилгыг хүлээн авч энэ их учир утгатай ном эрдмээсээ хуваалцан сургааль зөвлөмжөө хайрласан Хамба ламдаа баярлалаа. Таны номын буян улам арвижин олон хүнд түгэж, бие сэтгэлийн зовлонгоос нь ангижруулаасай. Бид бүгдийн дотоод бодол сэтгэл ариусч, зөв бодолтой зөв хүн байж таны тайлбарлан айлдсан тарнийн утгыг ёсчлон биелүүлж явна гэдгийг нийт бие бүрэлдэхүүнээ төлөөлөн хэлэхэд таатай байна.